Ч.ГАНТУЛГА
Энэ удаагийн "Урлаг" булангийн зочноор “Үндэсний урлагийн их театр”-ын ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүүг урилаа.
-Үндэсний урлагийн их театр “Монголын их хатад” бүжгэн жүжгээ дахин амжилттай тавилаа. Уран бүтээлчийн хувьд үзэгчидтэйгээ уулзах сайхан байв уу?
-Манай театрын хувьд “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд өвөл цагийнхаа нээлтийг “Монголын их хатад” бүжгэн туульсаар амжилттай нээлээ. Энэ бүтээл анх 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Найруулагч Н.Болдын цомнол. Бүжгэн жүжигт Бөртэ чоно, Гоо маралаас эхлээд Мандухай сэцэн хатан хүртэлх алтан ургийн есөн хатныг онцолсон. Эдгээр хатан нь Монголын түүхэнд долоон зууныг дамжин төрсөн байдаг. Төрт улс бий болсноос хойш зөвхөн хаан хүн төр удирдаагүй юм. Хатан сэнтийгээс бодлого баримталж, ямар их ур ухааныг гаргаж байсныг харуулахыг зорьсон.
-Энэ удаа найруулгийн хувьд өөрчлөгдсөн үү?
-Дэг, тавилтын хувьд хөндөөгүй. Харин дүрүүдийн хувьд зарим хатан шинэчлэгдсэн. Жишээлбэл, нэг бүжигчин өмнө нь Гоо марал хатныг хийж байсан бол энэ удаа өөр хатанг хийх жишээтэй. Цар тахал, нөхцөл байдлаасаа шалтгаалаад нэг дүр дээр хоёр бүжигчин бүжиглэлээ.
-Магадгүй энэ том бүтээлээр анхны гол дүр хийж, гоцлол бүжигчний замналаа эхлүүлж байгаа залуу уран бүтээлч байгаа байх. Та хэнийг онцлох вэ?
-Манай хатдуудаас хамгийн залуу нь н.Хулан гэж охин бий. Театрт ороод дөрвөн жил болж байна. Ийм богино хугацаанд гол дүр бүтээнэ гэдэг бүжигчин бүхэнд олддоггүй ховор боломж. Энэ удаа Гоо марал хатны дүрийг бүтээж байна. Мөн энэ дүр дээр ирээдүйд гоцлол бүжигчин болохоор авьяастай, хөдөлмөрч Б.Дөлгөөн гэж бүжигчин бий. Бид бүжигчнээ зөвхөн нэг дүрд нь барихгүйн тулд аль болох өөр өөр хатныг бүтээж, өөрийгөө нээх, хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгож байна.
-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Та бүжиг дэглээч мэргэжлийн сайхныг онцлооч?
-Манай С.Сүхбаатар багш “Чи хамгийн хэцүү мэргэжил сонгосон. Хүний биеэр зураг зурах амаргүй” гэж хэлж байсан. Сүүлд 2007 онд намайг Орос руу сургуульд явахад Оросын алдартай бүжиг дэглээчийн бичсэн номыг өгөөд “Дорнийн их өв Өрнийн их мэдлэг хүсье” гээд бэлэглэж байсан. Багшийнхаа хэлсэн энэ үгийг би үргэлж санаж явдаг.
-Их хүнд мэргэжил ч юм шиг. Сонсоход л сүрдмээр санагддаг?
-Өнөөдрийн миний албан тушаал хүмүүст том юм шиг сонсогдох байх. Үүнийг би хариуцлага гэж хардаг. Театрынхаа үе үеийн бүжиг дэглээч нарын уламжилж ирсэн уламжлалыг алдахгүй юмсан гэж хичээж байна. COVID-ийн үед ном уншиж, хөгжим сонсож, хоёр ч бүтээлийнхээ төлөвлөгөөг гаргасан. Одоогоор тавилтаа багшдаа шалгуулахаар бэлэн болоод байна.
-Залуу уран бүтээлчийн хувьд мөрөөдөл их байгаа байх даа?
-Мөрөөдөл их бий. “Нарны домог”, “Алтан ураг”, “Монголын их хатад ” гэдэг шиг цогц бүжгэн жүжиг дэглэмээр байна. Бид театрын статусаар ажилладаг. Тиймээс жүжиг, концерт, тоглолт, мюзикл гээд бүгдийг хийж үзэх хүсэл бий. Миний ард 50 гаруй уран бүтээлч байдаг. Энэ хүмүүсийн итгэлийг алдаж, сэтгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд илүү их цаг үеэ мэдэрсэн уран бүтээл хийх ёстой гэж боддог.
-Таны хувьд энэ театртай хэзээнээс холбогдсон бэ. Анх орж ирээд ямар уран бүтээл дээр ажиллаж байв?
-Би 2005 онд Монгол Улсын консерваторийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Театртаа хоёр жил ажиллаад Москвагийн “Театр урлагийн академи”-д бүжиг дэглээч мэргэжлээр сурчихаад 2012 онд төгсөж ирсэн. Анх 2011 онд Д.Ганболд найруулагчийн “Нүүдэлчдийн аялгуу” бүтээлд оюутан байхдаа бүжиг дэглээчээр оролцож байлаа. Түүнээс хойш 2012 онд Н.Болд найруулагчийн ”Салхины дууль” бүтээлд Хүннүгийн үеийн онцлогийг харуулсан эрэгтэй бүжигчдийн “Чонон сүлд” бүжгийг дэглэж байсан. 2013 онд Баяраа найруулагчтайгаа “Монголын их хатад” бүжгэн жүжгийн Алунгоо хатны бүжиг дээр ажилласан.
-Бүжиг дэглээч болоод хамгийн жаргалтай байсан үеэ дурсаач гэвэл та ямар үеийг онцлох вэ?
-Жаргалтай мөч гэхээс илүү гашилдаг үе олон бий. “Монголын их хатад” бүжгэн жүжиг дээр Алунгоо эхийн сургаалийг өөр өнцгөөс харуулахыг хүссэн. Учир нь “Нарны домог” жүжигт Сүхээ багш маань эвтэй байхыг таван сумаар илэрхийлчихсэн. Харин би гарын таван хуруугаар утга санааг нь гаргасан. Уран бүтээлчийн хувьд бүтээл хийчихээд, өөрийнхөө үзэл санааг хамгаалаад, үзэгчдийн алга ташилтыг сонсох мөч л үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.25 ПҮРЭВ № 232 (6709)