Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Зууны мэдээ” сонин “Монгол ардын дуу” булангаараа   аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ.  Энэ удаа “Суварган өндөр” дууны домог, түүхээс  хүргэж байна. Бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд  “Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” сэтгүүлчийн эрэн сурвалжлагыг  хийхдээ  газар нутгийн бүрэн бүтэн байдлын зэрэгцээ тахилгын дэг ёс, уламжлалт зан заншил гэхчлэн  олон талаас  судалсан юм.

Энэ явцад Монгол Улсын  төрийн тахилгат 10 уул нь  тус тусын магтаал, айлтгалтайн  дээр  тахилгын үед дуугаар өргөл өргөж уул усаа баясгадаг зан үйлийн  уртын дуутай байсан уу гэсэн асуудал дэвшүүлж, анхныхыг нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт оршдог  төрийн тахилгат  Алтан-Овооны тухай  “Дарьгангын уулсын тэргүүн, уртын дууны оргил Сүмбэр Алтан-Овоо” гэсэн нийтлэлээр  хүргэж байсан билээ.  “Суварган өндөр”  хэмээх дууны зөвхөн нэрийг авч үзэхэд   хэнд  ч Архангай аймгийн нутагт оршдог Төрийн тахилгат Суварга хайрхан  бодогдоно. Түүнд  зориулжээ гэж  ойлгоно. Таамаг үнэн, эсэхийг  судлаачид судалж  байж тогтоох нь ойлгомжтой. Үг, аяыг  авч үзвэл “Суварган өндөр” нь  эртний  дуу юм. Шашин номын уншлага маягтай баянбараат аялгуугаар түлхүү дуулагдаж үлдсэн байдаг. Мөн “Суварган өндрийн  бараа”  гэж дуулагддаг. Үүнээс үзэхэд үг,  ая нь  нэлээн сүүлд бараат дээр очиж үлдсэн байх магадлалтай гэж судлаачид үздэг. Ямартай ч хангайн  нуруугаар хуримтлагдаж тогтсон дуу юм.

“Суварган өндөр”  ардын дуу Хэд зохиолын хүрээлэнгийн дуун ухааны сан хөмрөгт 1969 оны бичлэгээр,   ингэхдээ баян бараат аялгуугаар хуурцагт  бичигдэн хадгалагдан үлджээ.  87 мөр бадгаас бүтсэн тус дуунд:

Суварган өндөрийн бараа нь ээ

сүндэрлэж  дуурьсаж харагдана аа

Сонихоноор цэнгэж суудаг нь ээ

Сэтгэлийг сэрээж тэтгэв ээ

Халхын хадны бараа нь ээ

Холоос сүндэрлэн харагдана аа

Хамгаар нийлсэн цуглаан ину

Хаадын төр гэдэг байна

Алив үзсэн харснаараа

Ашдын санаагаа нийцүүлэн

Аливааг шинжилж суухад

Ахуй бүхэн  уулзуутаар товч 

Сайхан идэр залуу насанд

Санааны голыг нийцүүлэн

Сэтгэлийн цэнгэлд хүрч

Тэнүүн амгалангаар жаргая” 

хэмээн дуулдаг.

Хангайн нуруунд  өндөр олон уул олон  байх боловч Суварга хайрхан уул шиг олон хүн биширч дахин шүтдэг өвөрмөц тогтоцтой, олон гол эх авсан, олон нуруунд салбарласан уулс ховор юм.

Энэ дууны тухай Хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиолын танхимын эрхлэгч,  доктор А.Алимаа “Тахилгын сэдэвтэй байх магадлал их бий. Ноёдын чуулган гэж үг орсон  байдаг. Тавьж хэлэлцсэн үгээ бат ноттой байна гэдгийг  бүгдээр баталж харуулъя гэсэн утгатай. Ашдын ямар нэгэн санаа бодлоо  нийцүүлнэ гэж бий. Эртний сайхан ерөөлөөр бүхий л санаагаа нийцүүлж бүгдээр сайхан амаржуулж  жарган сууна  гэсэн утга гарч ирж байгаа.  Бүгдээр сайхан амаржуулан сууна гэсэн үгнээс энэ санаа нь илхэн. Бараат ая ном уншлагатай ойролцоо, хүнгэнэж номыг унзад  хоолойгоор дуулж унших мэт. Хурим найран дээр хүндэтгэлийн маягаар дуулагддаг байсан байж магадгүй” хэмээн ярьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.19 БААСАН № 228 (6705)