Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдварын нөхцөл байдлын улмаас 2021-2022 оны хичээлийн жилд 2-3 настнуудыг цэцэрлэгт хэзээ хамруулах нь  одоог хүртэл тодорхойгүй байна. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр БШУЯ-наас тэднийг хэзээ цэцэрлэгт хамруулах тухай тусгай төлөвлөгөөг аравдугаар сард танилцуулна гэж байв. Үүний дараахан  арваннэгдүгээр сараас 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах боломжтойг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж байв. Гэвч Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний улирал эхлэхтэй зэрэгцэн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулахыг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ. 

Ингэснээр Боловсрол шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын хамтарсан энэ оны наймдугаар сарын 19-ний түр журам нь 3500 орчим хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах эрхийг хасч, ялгаварлан гадуурхсан юм.

 Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн сайдад 2021 оны аравдугаар сарын 20-нд зөвлөмж хүргүүлж байв. Энэ зөвлөмжид Монгол Улсын COVID-19 цар тахлын үед нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн боловсролыг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай олгох үүргээ биелүүлж, хүүхдийн эрүүл мэнд, хөгжих болон сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарч байгааг сануулжээ.

Мөн Комиссын гишүүний Зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэхийг шаардсан байна. Тус хугацаа энэ долоо хоногт дуусах юм. Одоогоор ямар нэг хариу ирээгүйг ХЭҮК-оос мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn