Б.ОД

Эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.  Төлөвлөгөөт бус шалгалтад нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг 92 эмийн сан хамрагджээ. Тус газраас 500 грамм болон нэг кг-аар савлах эмийн бүртгэлийг Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ААН-аас хасах хүсэлтийг хүргүүлжээ. Учир нь иргэн, ААН байгууллагууд 500 грамм болон нэг кг-аар савласан Норов 7, Мана 4 танг эмийн үйлдвэрээс худалдаж аваад, жижиглэнгээр савлаж зарж байгаа аж.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Иргэн, ААН байгууллагууд 500 грамм болон нэг кг-аар савласан Норов 7, Мана 4 танг эмийн үйлдвэрээс худалдаж аваад, жижиглэнгээр савлаж зарах нь хаяг шошгын зөрчил үүсгэж байна. Жижгээр савлаж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагууд байдаг. Мөн 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм болон тариурууд тасарсан байна. Жишээлбэл, бактерийн, мөөгөнцрийн эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн судсаар сэлбэх 10 орчим тарилгын шингэн ховордсон. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусын эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Энэ хязгаараас давсан буюу 350-2500 төгрөг нэмж худалдаалсан зөрчил Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас илэрсэн. Гарал үүсэл нь тодорхойгүй эм худалдаалсан нэг эмийн санд 1000 нэгжтэй тэнцэх, тусгай зөвшөөрөлгүйгээр иргэнд эм борлуулсан “Ариун монгол” компанид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан” гэв.

Эх сурвалж:www.polit.mn