Б.БЯМБАЖАРГАЛ
Хил хаагдсаны улмаас монголчууд мах, гурилтайгаа л үлдэв. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд бүхий л барааны үнэ өсөж буй энэ үед гурилын үнэ өсөх вий, нөөц хангалттай байж чадах болов уу гэх болгоомжлол нийтийн дунд үүсчээ. Харин тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, салбарын яамныхан маргасан хэвээр. Тухайлбал, өнгөрсөн жил хүнсний аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх нэрээр 150 мянган тонн улаанбуудайг ОХУ-аас импортолсон нь дотоодын тариаланчдын улаанбуудай үнэгүйдэхэд хүрчээ. Тэгэхээр тариаланчид гурилын үйлдвэрүүдэд хямд үнээр будаагаа өгөхгүй гэвэл спиртийн үйлдвэрт өгөх эсвэл дараа жил хүртэл хадгалах “зам” үлджээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ жил хур ихтэй, болц оройтсоны улмаас улаанбуудайн чанар муудаж гурав, дөрөвдүгээр ангиллын улаанбуудай их байгаа аж. Гурилын үйлдвэрүүд сайн чанарын улаанбуудайн дээр дээрх ангиллын улаанбуудайг хольж гурил үйлдвэрлэдэг. Тэгэхээр өнгөрсөн жил ОХУ-аас сайн чанартай улаанбуудай импортоор оруулж ирсэн нь зөв алхам болсон тухай хэлж байлаа. Тодруулбал, гурилын үйлдвэрүүд импортоор орж ирсэн сайн буудайтай байгаа тулдаа тариаланчдын чанарын шаардлага хангахгүй буудайг авч байгаа гэсэн мэдээллийг өгөв.
Одоогоор зах худалдааны төв, дэлгүүрүүдэд гурилын нөөц хэвийн, үнэ тогтвортой байгаа аж. “Нарантуул-2” захын гурил, будааны бөөний төвийн худалдагч “Өмнө жил Улаанбаатар нэгдүгээр гурил 29 мянгаас 32 мянган төгрөг болсон. Энэ жил өмнөх жилийн үнээрээ зарж байна. Үйлдвэрээсээ 29500 төгрөгөөр ирдэг. “Алтан тариа”-н гурил энэ жил хямд байна. 25 килограммтай нь 25 мянган төгрөг. Том гурилын үйлдвэрүүдийн нөөц, нийлүүлэлт тасалдах асуудал гараагүй. Монголын хамгийн том гурилын үйлдвэрүүд нь Улаанбаатар, Алтан тариа. Гэхдээ Улаанбаатар хамгийн үнэтэй, Алтантариа хамгийн хямд байдаг. Цагаан будаа, ургамлын тос, цай, давсны үнэ харин нэлээн нэмэгдсэн” гэв. Тус захад килограмм цагаан будаа 3000-3500 төгрөг болсон байв. Энэ мэтчилэн бусад худалдааны төв, захуудад ч ялгаагүй гурилын үнэ өсөөгүй байв.
Ингээд улаан буудайн үнийн асуудлаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалангийн холбоо”-ны ерөнхийлөгч, “Шим” группийн захирал Л.Цандэлэг, Улсын аварга тариаланч, “Мөнхийн Дуурлиг” компанийн захирал Ж.Оюунбат нарын байр суурийг хүргэж байна.
В.Үнэнбат: ЯАМНААС ҮНЭ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ
/ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/
-Өнгөрсөн жил ОХУ-аас импортолсон улаанбуудай дуусаагүй, илүүдэл үүссэн учир гурилын үйлдвэрүүд тариаланчдаас будаа худалдаж авахгүй байгаа юм байна. Импортын улаанбуудай хэдэн тонн үлдээд байгаа вэ?
-Өнгөрсөн жил цар тахлын үед хүнсний аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 150 мянган тонн улаанбуудайг оруулж ирсний 60 орчим мянган тонн нь үлдсэн. Харин тариалан эрхлэгчид 540 мянган тонн улаанбуудай хураан авсан. Үүнээс гурилын үйлдвэр, Хөдөө аж ахуйг дэмжих санд 230 гаруй мянган тонн улаанбуудай нийлүүлэгдсэн. Спирт, үрийн нөөцөд 70 орчим мянган тонныг нөөцөлдөг. Тэгэхээр хэрэглээнд 300 гаруй мянган тонн улаанбуудай нийлүүлэгдсэн гэсэн үг. Цаана нь үлдээд буй 200 гаруй мянган тонн нь хатаалт, цэвэрлэгээний ажилтай байгаа. Дотоодын хэрэглээ 308 мянган тонн байдаг. Тэгэхээр нэмээд 80 орчим мянган тонныг нэмж авахад гурилын дотоодын хэрэглээг хангах боломжтой болно. Ямар ч байсан гурилын үйлдвэрүүд төлөвлөсөн хэмжээндээ улаанбуудай худалдаж авна гэдэг мэдээллийг өгсөн. Гурилын үйлдвэрүүд тариаланчид хоорондын үнийн асуудалд ХХААХҮЯ оролцох боломжгүй. Тэгэхээр тариаланчид гурилын үйлдвэрүүдийн санал болгосон үнэд тэнцүүлэн, цэвэрлэж хатаахад анхаарах ёстой. Өнгөрсөн жил гурилын үйлдвэрүүд өндөр үнээр авсан ч энэ жил яагаад ийм үнэ зарласныг мэдэхгүй.
-Гурилын үйлдвэрүүдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх, тогтоосон ханшийг өсгөхөд яамнаас арга хэмжээ авч байгаа юу?
-Тариаланчдын үтрэмд байгаа 200 гаруй мянган тонн улаанбуудайг борлуулахын тулд Засгийн газрын тогтоолоор гурил, тос, тэжээлийн үйлдвэрүүдэд 150 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа. Үйлдвэрүүд санхүүгийн чадамжтай болсноор тариаланчдаас тэжээлийн болон гурилын улаанбуудайг худалдан авах боломж бүрдэнэ. Мөн тариаланчид хүсэлт гаргаж гурилын шаардлага хангаагүй улаанбуудайгаа түр хугацаагаар ХХААДС-ын агуулахад хадгалах боломжтой. Нийт 500 орчим мянган тонн агуулах сав бий. Одоо авсан улаанбуудайн дээр нэмээд 200 мянган тонн улаанбуудай авах нөөц байгаа.
-Энэ намраас Хөдөө аж ахуйн биржээр улаанбуудайг арилжаалж бодит үнэ тогтоох чиглэлд эрчимтэй ажиллаж байгаад зогсчихлоо. Ямар асуудал үүссэн бэ?
-Энэ жил улаанбуудайг биржээр арилжаалахыг холбооны зүгээс түр хойшлуулах хүсэлт тавьсан. Тариаланчид хүсэлтээ тавьбал арилжаалах боломжтой. Биржийн арилжааг хойшлуулсан нь ургац өндөр байгаа учир борлогдохгүй байх гэж үзээд хойшлуулсан байх магадлалтай.
Л.Цандэлэг: САЛБАРЫН ЯАМНЫ ХУУДУУТАЙ ШИЙДВЭРИЙН ГОРЫГ АРД ТҮМЭН АМСАНА
“Шим” группийн захирал
-Албаныхан аюулгүйн нөөц бүрдүүлэхийн тулд импортолсон гэж тайлбарлаж байна лээ?
-Монгол Улс улаанбуудай тариалаад дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэдгийг гурил үйлдвэрлэгчид, салбарын яамныхан маш сайн мэдэж байгаа. Үнэн хэрэгтээ ямар чанартай буудай оруулж ирсэн бэ гэдэг ч асуудал болно. Тариаланчид нь буудайгаа тарьж, намар ургац хураан борлуулна гэдгийг мэдсээр атлаа бүтэн жилийн хэрэгцээгээ импортоор оруулж ирж байгаа нь салбарын яамныхны буруу шийдвэрээс улбаатай гэж харж байна.
-Буудайгаа борлуулж чадахгүйд хүрвэл яах вэ. Ер нь жил бүрийн намар энэ асуудал гарч ирэх юм?
-Салбарын яамны буруу шийдвэрээс болж гурил үйлдвэрлэгчид, тариаланчид хооронд зөрчил үүсч байгаа юм. Үнэн хэрэгтээ нэгэнт сав нь дүүрэн байхад гурилынхан хаана хадгална гэж буудай авах вэ. Нөгөөтэйгүүр тариаланчид ажлаа явуулахын тулд зээл авдаг. Мөн ажиллах хүчний зардал гарна. Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл гээд чамгүй зардалтай байдаг юм шүү дээ. Хэрэв буудайгаа борлуулж чадахгүй бол зээл төлж чадахгүй байхаас эхлээд ажлын байр ч хумигдана. Бүр цаашилбал, зөвхөн ойрын хугацааны шийдвэрээс болж ирээдүйд хүнсний хомсдол үүсэх эрсдэл ч үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Энэ жилийн тариа өмнөх жилүүдийнхээс чанар муу байсан гэх юм. Түүнчлэн гурил, тос, тэжээл үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй 150 тэрбумын зээл олгохоор болсон шүү дээ?
-Манай улсад буруу бодлогын горыг ард түмэн үүрнэ. Энэ жил алдагдал хүлээсэн компаниуд ирэх жил тариа тарих нь бүү хэл дампуурах ч эрсдэл тулгарч байна. Дэлхий нийтээр хүнс ховордож улаанбуудайн үнэ өсөж байна. Гэтэл 500 мянган төгрөгөөр худалдаж авах тухай яриад сууж байгаа нь эмгэнэл.
Нэгэнт тариад, хураагаад авсан буудай салбарын яам нь дорвитой шийдвэр гаргаж дараа жилийнхээ буудайг нөөцөлж болно шүү дээ. 2000 оны үед бас буудай нөөцлөх савгүй болж байхад зохицуулалт хийж байсан туршлага төрд бий. Харамсалтай нь ХХААХҮ-ийн сайд нь ямар ч арга хэмжээ авахгүй байна. Монгол Улсын хүнсний хомсдолд хүчтэй нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь улаанбуудай гэдгийг ойлгохгүй байгаад харамсаж байна.
Аймаг, сум бүрд хөдөө аж ахуй, мэргэжлийн хяналтын газартай. Үнэхээр тариаланчдаас буудайг нь авах зорилгоор хөнгөлөлттэй зээл гаргаж байгаа бол төрийн бүтцээ дайчлан шалгаад худалдаад авч болно. Дахиад хэлье, нэгэнт сав нь дүүрэн, хадгалах газаргүй үйлдвэрлэгчдэд зээл олгоод яах юм бэ. Энэ хэтэрхий хуумгай шийдвэр гэж харж байна.
Ц.Рэнчинсэнгээ: ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗЭЭЛ ОЛГОХ НЬ ТАРИАЛАНЧДАД ДЭМЖЛЭГ БОЛЖ ЧАДАХГҮЙ
/Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч/
-Энэ жил улаанбуудайн үнэ хивэгнээс хямд байгаа нь чанараас шалтгаалав уу. Өөр нөлөөлөх зүйл байсан уу?
-Дэлхийн зах зээлд хүнсний улаанбуудайн үнэ өсөж 350 ам.доллар давсан. Гэтэл энэ жил тариаланчид улаанбуудайгаа хивэгнээс хямд үнээр өгөхөөр болоод байна. Боловсруулах үйлдвэрүүдийн “аашийг” ойлгодоггүй. Энэ жил цаг агаарын байдлаас шалтгаалж чанар бага зэрэг муу байгаа ч өмнөх жилүүдэд гурилын үйлдвэрүүд ийм чанартай будааг хэвийн л авдаг байсан. Тодруулбал, энэ жилийн ургацыг хамгийн чанаргүй гэж цоллож үнэ унагаж байна. Өнгөрсөн жил ХХААХҮЯ тариаланчид ургац бага авсан мэдээллээр гурилын үйлдвэрүүдийн лоббинд орж импортоор их хэмжээний улаанбуудай оруулж ирсэн. Жилийн хэрэгцээнээсээ давсан импортын будаа авчихсан. Энэ нь зах зээлд илүүдэл үүсгэж, гурилын үйлдвэрүүдийн агуулах сав дүүрэн байгаа учраас үнэ унах үндэс боллоо. Саяхан Дархан, Сэлэнгийн тариаланчид улаанбуудайгаа “Өег” гурилын үйлдвэрт өгөхөд хорогдлоо тооцоод 500 мянган төгрөгөөр авна, үгүй бол авахгүй гэсэн байна лээ.
-Засгийн газраас 150 тэрбумын гурван хувийн хүүтэй зээлийг үйлдвэрүүдэд олгож байгаа нь тариаланчдад бодит дэмжлэг болж чадах уу?
-Тариаланчдад энэ жил шиг арвин ургац авах нөхцөл жил бүр тохиолддоггүй. Үргэлж тариаланчид гурилын үйлдвэрүүдийн “аманд унадаг”. Гурилын үйлдвэрүүд зээл авсан ч агуулах сав хүрэлцээгүй учраас тариаланчдад бодит дэмжлэг болж чадахгүй. Тэгэхээр улс өөрөө хүнсний зориулалтаар улаанбуудайгаа худалдаж авах нь илүү үр дүнтэй гэсэн саналыг тариаланчид хэлж байгаа.
Ж.Оюунбат: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЛАБОРАТОРИЙН ХАРИУ ЗӨРСӨН
/Улсын аварга тариаланч, “Мөнхийн Дуурлиг” компанийн захирал/
-Энэ жил хэдэн тонн улаанбуудай хурааж авав. Улаанбуудайн чанар ямар байна. Борлуулсан уу?
-Энэ жил 730 гаруй тонн улаанбуудай хурааж авсан. Гурилын үйлдвэрүүд нэг тонн улаанбуудайг 650 мянгаар авах санал гаргасан ч одоо ханш нь бууж 500 мянган төгрөг болоод байна. Будаагаа өгч чадаагүй. Энэ жил цаг агаарын байдлаас болж будааны болц хойшилж, будааны цавуулаг угаагдсан. Засгийн газраас олгох гурван хувийн хүүтэй зээлд үйлдвэрүүд хамрагдлаа ч стандартын шаардлага хангасан будаагаа авах учир нөхцөл байдал сайжрахгүй. Гурилын үйлдвэрүүд улаанбуудай авахгүй бол дараа жил хүртэл будаагаа хадгална эсвэл спиртийн үйлдвэрт өгөх арга хэмжээ авна. Гэхдээ спиртийн үйлдвэрүүдэд улаанбуудайгаа нийлүүлэхэд урамшуулал олгохгүй. Зөвхөн гурилын үйлдвэрүүдэд хүнсний зориулалтаар будаа нийлүүлбэл урамшуулал олгодог.
-Гурилын үйлдвэрүүд энэ жил яагаад үнийг бага тогтоов. Улаанбуудайн чанараас гадна ургац арвин байхад импортын будааны үлдэгдэл их байгаа нь үнэд нөлөөлж байна уу?
-Хүнсний хэрэглээнд хэдэн тонн улаанбуудай дутсанаа тооцохгүйгээр их хэмжээгээр улаанбуудай оруулж ирсэн. Тэгээд л асуудал үүсч байна. Мэдээж импортоор улаанбуудай оруулж ирж болно. Гэхдээ шаардлагатай хэмжээг нарийн тооцсон бол одоо зах зээл дээр илүүдэл үүсэхгүй. Улаанбуудайны чанар цаг агаараас шалтгаалж муу болсон энэ үеийг далимдуулж гурилын үйлдвэрүүд тоглолт хийгээд байгаа нь харагдаж байна. Тухайлбал, мэргэжлийн хяналтын лабораторид шинжлүүлсэн улаанбуудайн чанарын дүн гурилын үйлдвэрийн лабораторитой харьцуулахад зөрүүтэй гарсан. Өөрөөр хэлбэл, сайн байгаа үзүүлэлтийг доош нь дарсан байгаа юм. Биржээр улаанбуудай арилжаалах хүлээлттэй байсан ч энэ жил хойшилсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.15 ДАВАА № 224 (6701)