Ч.ОЛДОХ
“Зууны мэдээ” сонин “Өв соёл: Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа уртын дуучин Д.Үүрийнтуяаг урьж ярилцлаа. Тэрбээр монгол ардын уртын дууг орчин үеийн хөг аялгуутай хослуулан дуулж, түгээн дэлгэрүүлж, олон нийт тэр дотроо залуучуудыг өв соёлоо сонирхоход том нөлөө үзүүлсэн “Шуранхай” хамтлагийн нэг гишүүн. Урлаг соёлоор дамжуулан үндэсний өв уламжлал, зан заншил, монгол соёлоо сурталчилж яваа дуучин. Өдгөө уран бүтээл хийхийн зэрэгцээ уртын дууны багшаар ажиллаж байгаа юм.
-Ардын дууг орчин цагийн хөгжимтэй хослуулан дуулж, ингэснээр ялангуяа залуусыг өв соёлоо анхаарч сонирхоход нөлөө үзүүлэх том зорилгыг өөртөө тавьсан дуучны нэг гэж өөрийн чинь тухайд олон нийт дүгнэдэг. Зорилгоо биелүүлэхэд ямар зарчим баримталж байна?
-Бурхан багшийн их дүйцэн өдөр та бид хоёр ярилцаж таарлаа, Монгол түмний минь буян заяа өөдөө байх болтугай гэсэн ерөөлөөр энэ ярилцлагаа эхлүүлье. Би уртын дуучны мэргэжлийг эзэмшээд арав гаруй жил болж байна. Эхлэл нь яах аргагүй “Шуранхай” хамтлаг юм. Том зорилго өмнөө тавьсан гэнэн томоогүй атлаа маш ихийг хүсч мөрөөдөж, хийж бүтээхээр тэмүүлсэн гурван бүсгүй анх хамтлаг байгуулж, уртын дуугаа орчин цагийн хөгжимтэй хослуулан дуулж байлаа. Бид Монголд анх удаа уртын дууг хоолой салгаж дуулсан. Үүнээс хойш ч гэсэн зорилгоосоо ухраагүй. Монгол ардын дууг олон нийт сонсоод өнгөрдөг бус хэрэглэдэг, дуулдаг байгаасай гэж зорьсон минь талаар өнгөрөөгүй. Өнөөдөр эргээд харахад залуус ардын урлаг, урт, богино дууг ихээхэн сонирхдог болсон. Ардын урлагийн хамтлагууд ч олноороо байгуулагдаж уран бүтээл хийж байна. Гадаад, дотоодод аялан тоглож байна. Та зарчмын тухай асуулаа, бид “Шуранхай” хамтлагаа анх байгуулахад орчин үеийн хөгжимтэй дуулж ардын дууг эвдэж байна гэж хэлэх хүн гарч байсан. Гэвч бид уртын дууны хөг аялгуу, уламжлалт дэг жаягийг нь эвдэлгүй хэвээр баримтлах зарчмыг хатуу барьсан. Харин хөгжмийн найруулгад шинэчлэл хийсэн нь тухайн цаг үедээ тэсрэлт болж олон хүнд хүрсэн. Олон хүүхэд, залуусыг ардын урлаг, уртын дуугаа сонирхоход хөтөлсөн. Сүүлийн үед би уран бүтээл хийхийн зэрэгцээ уртын дуучин бэлтгэдэг мэргэжлийн сургуульд багшилж байна. Уртын дуучин болохоор орж ирж байгаа шавь нараасаа асуухад "Н.Норовбанзад багшийг мэднэ, “Шуранхай” хамтлагийг мэднэ, таны дуулахыг сонсдог” гэдэг. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гэдэг агуу дуучин бол Монголын үе үеийн дуучдын их багш, миний , бидний бүгдийн багш. Зарим нь тэр хүнийг амьд сэрүүн байхад шавь орсон байхад хожмын үеийнхэн дуулж үлдээсэн бичлэгийг нь сонсч тасралтгүй суралцсаар байна. Хамтлаг маань тарсан ч хүүхэд, залуус өнөөдөр ч “Шуранхай” хамтлагийг, бүтээлүүдийг нь мартаагүй, та гурвын дуулахыг сонсоод ардын дуугаа сонирхож, дурлаж, сонсдог болсон гэж ярьж байгаагаас бид зорилгоо биелүүлжээ гэж боддог.
-Гэхдээ сүүлийн үед үндэсний хөгжимтэй дуулах болсон нь илүү намбалаг, уран, донжлог санагдсан. Үүнийг өөрөө юу гэж үзэж байна?
-Одоо бид нас 30 гарч байна. Уртын дуугаа орчин үеийн хөгжимтэй, бөмбөртэй, хөнгөн аяар дуулах нь багассан. Тухайн үед залуу ч байж бөмбөртэй хөнгөн аяар дуулах нь гоё санагддаг, хүмүүс ч сонсох дуртай байлаа. Одоо дууны сонголт, сонгосон хөгжим нь ч өөр болсон. Сонсогч, үзэгчдийн урлагт хандах хандлага, урлагийн боловсрол ч өөрчлөгдсөн. Иймд бид эргээд натурлаг хэв маяг руу орсон. Дан морин хууртай, ингэхдээ ширэн цартай хууртай, лимбэтэй дуулах юм сан. Уламжлалт хэв маягаар дууныхаа манерыг гаргах сан гэсэн үзэл бодол давамгайлах болсон. Гэхдээ орчин үеийн хэв маягийг хослуулж явах нь хэзээ ч надаас салахгүй.
-Бид “Өв соёл: Монгол ардын дуу” буландаа дуучдын удам судар, дуулах өвийг хаанаас өвлөснийг заавал тодруулдаг. Өөрийн чинь хувьд энэ өгөгдлийг хаанаас авав?
-Би боржигон нутгийн цөм болсон Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрж өссөн. Манай өвөө Дамчаа гэж ус нутагтаа алдартай дуучин хүн байсан, хаана том найр хурим болно уригдаж залагдаж дуулна. Намайг жаахан байхад “Энэ ер нь амьсгаа их урттай хүүхэд юм. Ирээдүйд дуучин болбол болмоор шиг” гэдэг байлаа. Тухайн үед би өөрийгөө дуучин болно гэж бодож байсангүй. “Амьсгаа урт авалттай” гэж дуг хэлээд байгааг ч сайн мэдэхгүй. Хүмүүс “Дамчаа гуайн зээ охиноор дуулуулна, найрандаа урьж аваачина, хөөрхөн дуулдаг юм” гэхэд нь дурамжхан, яасан ядаргаатай юм бэ гэх маягтай үеийнхэнтэйгээ тоглох гээд яардаг байсан. Одоо бодоход надад багаас дуулах авьяас, нэг тийм төрмөл зүйл, өгөгдөл мэдрэгдэж байсан юм болов уу. Манай Дундговийнхон ихэнх нь байгалиасаа заяасан өгөгдөлтэй, захын айлд ороод айраг уугаад суухад дуу хуур аяндаа хөгжиж, дууны дугараа эхэлж байдаг. Уртын дууны багш болсноор энд тэндээс ирж байгаа хүүхдүүдийн дуулахыг их сонсч байна. Нутаг нутгийн онцлогоос гадна хоолойных нь өнгө өвөрмөц болохыг анзаарагддаг юм байна.
-Сонирхолтой юм байна, жишээ хэлж өгнө үү?
-Тухайлбал, Хөвсгөлийнхөн дотор цангинасан хоолойтой дуучин олон байна. Тэндээс ирж байгаа хүүхдүүд ийм хоолойгоор дуулдаг. Манай Дундговийнхон байгалиасаа уртын дуу дуулахаар заяагдсан гэмээр юм уу, хоолойн цохилго, шигшлэг гэх мэт уртын дууны нарийн нандин чимэглүүрүүд бүр цаанаасаа заяагдмал байдаг. Энэ мэтчилэн нутаг нутгийн дуучид, уртын дуучны ангид ирж суралцаж байгаа хүүхдүүдийг анзаараад байхад бараг судалгаа болохоор зүйлүүд ажиглагддаг юм байна.
-Тэгэхээр өөрөө боржигон аялгуугаар дуулж байна уу, эсвэл?
-Би СУИС-д анх ороод л төв халх аялгуугаар дуулж сурсан. Боржигон аялгууны цохилго, шигшлэг гээд дуулах урыг өвөөгийнхөө дуулж байснаар сэтгэлдээ хоногшуулж авч үлдсэн.
-Таны урын санд хэчнээн дуу байна вэ?
-Миний урын санд 100 гаруй ардын дуу бий. Тэр дотор уртын дуу 40-50 орчим.
-Уртын дуучин олширсон ч дуулж байгаа дуу нь цөөхөн хэд дотроо эргэлдээд байна” гэж судлаачид хэлдэг. Мартагдсан дууг судлах, дуулах гээд судалгаанд хэр анхаардаг вэ?
-Судлаачдын хэлж байгаатай санал нийлнэ. Уртын дуу хэдэн мянгаар тогтохгүй ч тэр болгоны хөг аялгуу, үг өнөө цагт уламжлагдаж ирээгүй. Нотолж үлдсэн нь байхад үлдээгүй нь ч байна. Нотоллоо гэхэд нарийн нандин чимэглүүрүүд, дуулах манер нь нотод үлдэж чаддаггүй тал бий. Дуулуулж хальсанд бичиж авч үлдсэн болон зөвхөн үгийг нь цаасан дээр тэмдэглэж үлдсэн гэх мэтчилэн олон дуу байдаг. Үүнээс үүдэж маш олон дуу мартагдаж, гээгдсэн. Мартагдсан дуунуудыг сэргээх, эргэлтэд оруулах ажлыг судлаачдаас гадна уртын дуучид өөрсдөө нуруундаа үүрч ирсэн. Уртын дуучид өөрсдөө судалгаа, шинжилгээний ажилд давхар зүтгэхгүй бол хэн зүтгэх билээ. Эрдэм судлалын шинжлэх ухааны тухайлсан салбар, эрдэмтэн судлаачид олон байгаа, гэхдээ дуулдаг хүмүүс нь өөрсдөө судалбал илүү гүн гүнзгий судалж гаргаж ирэх болов уу. Манай үеийнхнээс М.Дорждагва гэж дуучин судлал, шинжлэлийн ажилд их зүйл хийж байгаа.
Мартагдсан дуугаа эрж хайж олж авахын зэрэгцээ уртын дуу маань өөрөө бас устах вий гэсэн айдас болгоомжлол дуучин бидэнд байдаг. Бид зүтгэж яваа ч гэсэн нөгөө талаас сонсох, сонирхох, дуулах нь багасаад байгаа шүү дээ. Техник технологийн хөгжил дэвшил, хурдацтай хөгжлийн давалгаанд залуус шинэ зүйлүүд рүү хуйлрах нь их болжээ. Тэгэхээр уртын дууны уламжлал, нутаг нутгийн онцлог, дуулах арга барил гээд нарийн нандин зүйлүүддээ бид зориуд цаг гаргах, төр засаг нь төсөв хөрөнгө гарган том бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
-Уртын дууг монголчууд яаж уламжилж ирсэн бэ. Одоо үгүйлэгдэж байгаа зүйл нь юу вэ?
-Монголчууд уртын дуугаа найрнаас найрны хооронд сурдаг байсан гэж түүх сурвалжид бичсэн байдаг. Тэр найранд тэр маань тэгж дуулж байсан, энэ найранд ингэж дуулж байсан. Ийм үгийг оруулж байсан гэхчлэн бидний ахуйгаас өвлөгддөг байж л дээ. Одоо шууд “Энэ дууг ингэж дуулаарай, төдөн бадаг байдаг юм” гэж тулгах маягтай, уламжлал, шинэчлэл, дэг жаяг нь орхигдож байгаа тал бий. Дээрээс нь төрийн зүгээс үндэсний өв соёлдоо хандах бодлого дутмаг байна. Уг нь яриад байдаг, өв соёлоо хамгаална, сэргээнэ гээд. Ярьдаг болохоос хэрэгжүүлдэггүй байх нь элбэг. Одоо манай улс Соёлын яамтай болсон, хүлээлт их байна. Гэхдээ салбарын сайд нь үндэсний өв соёлын талаар хэр мэдлэгтэй вэ. Уламжлалт соёлын талаар зөв бодлого боловсруулж чадаж байна уу. Цаашид юу хийх вэ гэдэг өөрөө асуудалтай.
-Танай нөхөр уртын дуучин. Та хоёрын нэг онцлог нь ардын харилцаа дууг хүмүүст сайн хүргэж байна уу гэж хардаг?
-Ардын дууны нэг хэлбэр нь ардын харилцаа дуу юм. Дуун дотор өв уламжлалын маш нарийн нандин зүйлүүд шингэсэн байдаг. Амраг хосууд хайр сэтгэлээ хэрхэн илэрхийлдэг байсан, бие биеэ хэрхэн хүндэлдэг байсан, яаж хайрлаж энхрийдэг байсан гээд дуун дотор зан заншил, ёс жаяг нь явж ирсэн. Бид хоёр ардын харилцаа дууг энэ бүхэнтэй нь нэгэн цогц болгож яаж илэрхийлэх вэ, хүмүүст яаж хүргэх вэ гэдэгт анхаарч, судалж уран бүтээл хийж байна. Дуугаа дуулж хүмүүст хүргэхийн зэрэгцээ ямар хувцас өмсөх вэ гээд судална. Үзэмчин хос ямар дээл өмсдөг байж вэ, өнгө нь, эмжээр нь, хэлбэр хийц нь ямар байдаг вэ. гэр бүл болоогүй байхдаа яаж хувцасладаг байв, эхнэр нөхөр болсон хойноо ямар хувцас өмсдөг байсан бэ гээд бүгдийг хийж байгаа уран бүтээлдээ, зураг клипэндээ ул суурьтайгаар илэрхийлэхийг хичээдэг. Дууны үг, аялгуу, дуулах манер, хөгжим гээд бүгд судалгаатай, нэгэн цогц болж байж төгс бүтээл болно. “Аргагүй амраг” гэдэг дуу л гэхэд XIX зуунд анх хэрхэн дуулж байсан, “Хүрээ манер” гэдэг нь юу байв, бусад нутаг газарт ямар хэлбэрээр дуулж байсан гээд олон талаас нь судалж, өөр өөрсдийн дуулах хэв маягт жижиг ч гэсэн оруулахыг хичээдэг.
-Бид яавал уртын дуу, өв соёлоо авч үлдэж чадах вэ?
-Нэгдсэн бодлого гаргаж нийтээрээ зүтгэх хэрэгтэй. Цаг үе хурдан өөрчлөгдөж байгаа учраас өв соёлоо түүнтэй уялдуулж яаж авч явах вэ, өөр нийгэмд уртын дуугаа хэрхэн үлдээх вэ гэсэн нэгдсэн том бодлогыг олон талын оролцоотой боловсруулж энэ цаг үедээ дэлгэж тавих цаг болжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.29 БААСАН № 213 (6690)