Ч.ЗОТОЛ

Монголын урлагт Их Эзэн Чингис хааны дүү Хавт Хасарын дүрийг  бүтээж, түүгээрээ дөнгөж 25-хан насандаа  УДЭТ-ын тайзнаа өөрийн эрэмбийг тогтоочихсон хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин, Дундговь аймгийн уугуул  
Бэх-Очирын Жаргалсайхан билээ. Энэ мөчөөс түүнийг  “Хасар Жагаа” гэх болж, найман настай балчраас 80 настай хэний ч танил, дотно нэгэн болсон түүхтэй. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн тухай манайхан  А, Б-гүй бүгдийг мэддэг гэлцдэг бол  “Монгол хүн сансарт ниссэн түүхт өдөр”-т зориулсан  барилдаанд мөнгөн медаль хүртэж явсан Хасар Жагаагийн талаар  “нэвтэрхий толь” шиг болсон байхыг ч  үгүйсгэхгүй. УДЭТ-ын 90 жилийн ойг тохиолдуулан түүний тухай онцлох таван баримтыг хүргэе. 

Москвагийн Театр урлагийн сургууль /ГИТИС/-ийн  төгсөгч 

Дунд сургуулийн сурагч, удахгүй  10 дугаар ангиа төгсч мэргэжил сонгох  Б.Жаргалсайханд тухайн үед  жүжигчин  болох тухай төсөөлөл  огт байгаагүй гэдэг.  Тэгвэл Москвагийн театр урлагийн сургуулийн хуваарь   түүний зам мөр дээр тосч байсан гэж болно. Тэмцээнд оролцохоор ирээд “Залуучууд” зочид буудалд байрлаж байсан түүнд найз  Москвагийн театр урлагийн сургуулийн жүжигчний ангид шалгалт авах гэж байгаа тухай дуулгахад   “Тэр надад ямар хамаа байх вэ” гэсэн гэдэг. Гэтэл  найз нь “Хэрэв тэнцчихвэл Алтан Москваг үзнэ шүү дээ” гэж хатгажээ. Ингэж тэрээр шалгалт өгч тэнцсэнээр мөрөөдөл болсон Москваг үзээд зогсохгүй, жүжигчний мэргэжлийг эзэмшсэн түүхтэй. 

Бөхөөр явсан бол аварга  болно 

Уг нь тэрбээр “Удмаа дагаж бөх болно” хэмээн  үндэсний болон чөлөөт  бөхийн спортоор хичээллэдэг хүү байсан бөгөөд жүжигчин болоогүй бол гарцаагүй аварга болох байсан биз ээ. Гэхдээ Хасар Жагаа хэмээн хүндлэгдэх хүртэл дүрээ тултал бүтээхэд   “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй, хутганы ир шиг 25-хан нас”  нь даль жигүүр   болсон бол  багадаа хичээллэж явсан бөхийн спорт  сүр хүч нь  болжээ.  Тэрбээр    “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд  Хавт Хасарын дүрийг бүтээхдээ бөх Чилүгэнтэй хавтай сайхан барилддаг нь  үзэгчдийг огшоодог. Түүний ээжийн тал бөхийн удамтай,  бяртай эрчүүд  олон байсны дотор цэргийн заан Дарамбазар гэж  нэртэй бөх байжээ. Хожим ээжийнх нь ахын төрсөн хүү Мундагбаатар   үндэсний бөхөөр Дэмүүл арсланг хаяж явсан түүхтэй. Монголчууд Б.Жаргалсайханаас өөр Хасарыг хүсэхгүй болтол   дүрээ бүтээсэн тул хожим нэрт найруулагч  Н.Баатар, Төрийн шагналт,  Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвсүрэнгийн  “Атга нөж”  жүжгийн зохиолыг УДЭТ-т найруулан тавихдаа түүнийг Хасарт тоглуулснаар  тэрбээр үндсэндээ гурван түүхэн бүтээлд Хасар болсон билээ. Хасараас хойш тэрбээр олон бүтээлд  хаан, ван, ноёны дүр бүтээжээ. 

Алдарт А.Д.Папановын шавь

Москвагийн Теарт урлагийн дээд  сургуульд элсэн орсноор  Б.Жаргалсайхан  Оросын  нэрт  жүжигчин, “Эрдэнэ нуусан гар”, “53 оны хүйтэн зун” киноны гол дүрээр монголчуудыг байлдан дагуулсан, “Ну погоди” олон ангит хүүхэлдэйн кинонд чонын дууг оруулсан  А.Д.Папановын шавь болжээ. 
Өөрт заяасан өгөгдлүүд дээр эрдэмд шамдаж эрж сурж олж авсан, жүжигчний уран чадварын багшаас  өвлөж, Монголын алтан үеийнхнээс суралцахын зэрэгцээ  өөртөө нээсэн  бүхэн  нь  түүнд   нэгэн цогц болж өдгөө   90 жилийн түүхтэй УДЭТ хэмээх их айлын хойморт бат суудал бүхий ижилгүй  Хавт Хасар нь болжээ. Түүнийг их урлагийг бүтээлцэж яваа залуусын суралцаад дуусахгүй нэгэн  том сургууль   гэвэл огтхон ч  хилсдүүлсэн болохгүй биз ээ. 

Томилолт өвөртөлсөн  “Өвлийн өвгөн” 

Европчуудын тэмдэглэдэг шинэ жилийн баярын бэлгэ тэмдэг  болсон өвлийн өвгөнтэй монголчууд 1946 онд анх танилцсан бөгөөд Монголын анхны өвлийн өвгөн Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсан байв.  28 настайдаа өвлийн өвгөн болох урт замынхаа эхлэлийг тавьсан тэрээр Засгийн газрын шинэ жилийн баяраас эхлэн хагас зуун жил энэ хүндэт үүргийг нэр, төртэй  биелүүлсэн юм. Тэрбээр тэнгэрт буцахдаа өөрийн халааг  Б.Жаргалсайханд өвлүүлэн үлдээжээ. Түүнээс хойш Хасар Жагаа “Энэ цагийн өвлийн өвгөн” байх эрхэм үүргийг гүйцэтгэж ирэв. 2004 онд дээрх томилолтыг  өвөртөлсөн анхны шинэ жилдээ орж байсан түүний хувьд халаагаа өгөх болоогүй байна. 

Урлана ч, удирдана ч 

Б.Жаргалсайхан  1987 онд УДЭТ-ын босгоор алхан орсноос хойш өнөө хүртэл 30 гаруй жил ажиллаж байгаа уран бүтээлч юм. УДЭТ шинэ бүтээл тайзнаа толилуулахад Хасар Жагаа ямар дүр бүтээсэн бол гэж бодож очдог үзэгч магад олон бий. Энэ хүлээлтэд түүний өгч ирсэн хариулт гагц түүний л  урлаж чадаад, үзэгч олны  дотоод  сэтгэл рүү  тор хийтэл чулуудаж ирсэн  нийгмээ мэдэрсэн  толины тусгал мэт, үзэгчид өөрсдөөсөө асуух оньсгын тайлал мэт чамин  сонихон  хийгээд  донжлог уран  дүрийн хэлэмж, санаа байдгаараа өвөрмөц. Энэ оноос  тэрбээр УДЭТ-ын жүжигчин, Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажил үүргийг  гүйцэтгэх болсон. Дүр түүнээс уйдахгүй, дүрээс Хасар Жагаа зугтахгүй. Урлана ч, удирдана ч хэмээн  тэрбээр урагш тэмүүлж явна. Удахгүй шинэ дүрээр учран золгохдоо  бидэнд юу эсийг хэлж, ухааруулахыг таашгүй. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.21 ПҮРЭВ № 207 (6684)