Б.ОД

"Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай үргэлжилж байна. Тус музейд 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. "Чингис хаан" музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн аваад байгаа юм.

Музей хэзээнээс нээх талаар Соёлын дэд сайд М.Батбаяр “Музейн барилгыг Улсын комисс хүлээн авсан. Ирэх оны хоёрдугаар улиралд албан ёсоор музей үүд хаалгаа нээхээр төлөвлөсөн" гэв.

Музейн бүтээн байгуулалтын ажлыг Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан юм.

Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн үзмэр дэглэлтийн төлөвлөгөөнд 15 танхимд нийт 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэглэхээр тусгажээ. Үүнээс 5927 ширхэг буюу нийт үзмэрийн 98 хувийг нь дотоодын эх үүсвэрээс, 106 ширхэг буюу 1.8 хувийг нь гадаадын музей, номын сан, архив зэрэг байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцсон байна.

Эх сурвалж:www.polit.mn