Ч.Үл-Олдох
“Зууны мэдээ” сонин "Монгол ардын дуу” булангаараа аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулгын дуучин, Дэлхийн уртын дууны “Тогоруу” сургалт- судалгааны төвийн тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан Ш.Энхбаяртай ярилцлаа.
-Говьсүмбэр аймаг уртын дууны ямар ай савд багтдаг вэ. Ямар аялгуугаар голчлон дуулж байна?
-Говьсүмбэр аймаг бол Сэцэн хан аймгийн Цэцэн вангийн хошууны нутаг буюу Боржигон хошууны төв нутаг юм. Одоогийн Дорноговь, Төв, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр гэсэн таван аймгийн 19 сумын нутаг дэвсгэр нь Боржигон Цэцэн вангийн хошууны нутагт хамрагддаг учраас Говьсүмбэр аймаг уртын дууны бие даасан “Боржигон уртын дууны аялгуу”-гаар голчлон дуулж ирсэн байдаг.
-Уртын дуучин цаанаасаа өгөгдөлтэй төрдөг гэлцдэг. Та энэ өгөгдлийг хэнээс өвлөж, хэрхэн баяжуулж ирэв?
-Уртын дуучин хүн төрсөн нутаг, аав ээжийн уг гарвал удмаас дуулах өгөгдлийг авдаг гэлцдэг. Би энэ өгөгдлийг эмээгээсээ өвлөсөн. Миний эмээ өдгөө нас сүүдэр 93 хүрч байгаа боржигон уртын дуучин, боржигон уртын дуу болоод боржигон ум марзайн өв уламжлагч, Соёлын тэргүүний ажилтан, Монголын ард түмний гавьяат Гонгорын Лхам гэж хүн бий. Боржигон уртын дууны их ай сав, өлгий нутгийн нэг болох Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул юм. Эмээгийн ээж болон өвөө нь боржигон уртын дуучид байсан. Би таван үе дамжсан боржигон уртын дуучны удам юм. Эмээгээсээ уртын дууны өвийг уламжлан авч Монголын хүүхдийн уртын дууны улсын уралдаанаас мөнгөн медаль хүртсэнээс хойш урлагийн замаар замнаж, ингэхдээ уртын дууг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах үйлсэд зүтгэж ирлээ. Боржигон түмний дуу, бүжгийн урлагийг тээн хөгжүүлж яваа “Боржигон” чуулгад 15 дахь жилдээ ажиллаж байна. Үүний зэрэгцээ “Боржигон уртын дуу судлал”-ын чиглэлээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн их сургуулийн дуу хөгжмийн консерватурт суралцдаг. Би энэ сургуульд Монгол Улсаас суралцаж байгаа анхны уртын дуучин юм билээ.
-Боржигон аялгуу үүсч хөгжсөн түүхээс юуг нь онцолж судлав. Юугаараа онцлог, гайхамшигтай юм бол?
-Боржигон аялгуу, уртын дууны түүхийг яривал цаг, цаас хоёр их орох биз ээ. Түүнээс суралцахад нэг насны амьдрал хүрэхээргүй баялаг өв уламжлалтай гэж боддог. Боржигон уртын дууг Хиад боржигон, Алтан ургийнхан, Чингис хааны удмын хаад ноёдын орд өргөөний найранд дуулагддаг байсан уртын дуунаас анх үүссэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Тиймээс боржигон найр нь “Боржигон уртын дуу” хэмээх уртын дууны нэгэн өвөрмөц дэг жаяг, аялгуу, түрлэгийг түүхэн явцдаа бий болгосныг эрдэмтэд судлан тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр боржигон уртын дуу нь боржигон найраа дагаж үеийн үед өвлөгдөж ирсэн төдийгүй боржигон нутагтаа, малын бэлчээрт дуулагдан уламжлагдсаар ирсэн арвин түүхтэй.
Гол онцлог нь гэвэл боржигон уртын дууг боржигон найран дээр гурван түрлэг тасралтгүй дуулаад зөвхөн эрэгтэй дуучид нь “Найрын түрлэг” өргөж дуулдаг. Ингэснээр тухайн дуучнаа амраан дараагийн түрлэг хүртэл дуулна. Тухайн найрны уртын дуучин нь гурван өдөр дараалан дуулна. Боржигон уртын дууны хувьд дуучнаас хоолойн ур чадвар ихээхэн шаарддаг. Маш нарийн шигтгээ урлалтай, ихээхэн ур дүй шаардсан нугалаа олонтой, чамин ганган бөжигнүүр ихтэй, хамар нармайгаараа дуулдаг, бас ам ангайхгүй, шүд хагас зуулттай дуулдаг онцлогтой. Боржигон уртын дуу дуучнаас хоолойны маш нарийн жижиг жижигхэн шигтгээ бүхнийг уран нарийнаар урлаж дуулах эрдэм авьяасыг шаарддаг, мөн дуучнаас маш жижигхэн, маш нарийн чимхлүүр урлал, үелэн дараалсан өөр өөр хэм хэмнэл, хэмжээ бүхий нугалаа, цохилго бүхий айзам авианы урлал, мастер аялгууны тоглолтыг шаарддаг. Өөрөөр хэлбэл дуучин хүн хоолойны чамин ганган, уран тансаг хийгээд хөгжимлөг тоглолт урлалыг өөрийн дуулах арга барил, хоолойны онцлогт тохируулан эгшиглэнтэй, сонсголонтойгоор дуулах авьяас чадамжийг өөртөө бий болгох ёстой болж байгаа юм.
Миний хувьд дөрвөн настайгаас 14 хүртлээ хурдан морь унасан болохоор ум марзай, гийнгоог сайн сурсан. 14-20 насанд өөрөө морь уяж уралдуулж уяач хийсэн болохоор боржигон уртын дуугаа сурахад дөхөм болсон. Уртын дуу сурахдаа боржигон уртын дууны амин сүнс болсон усны дусал шиг, тал нутгийн өвсний шүүдэр шиг бөнжигнөсөн эмзэг, гялтгануур, бөнжигнүүр буюу хоолойн авианы тоглолт, уран чамин, энхрий зөөлөн бөгөөд өвөрмөц урлалаас суралцсан. Эмээ минь энэ урлалын хэм хэмжээг онцгойлон зааж сургасан. Боржигон уртын дууны бас нэг онцлог шалгуур бол дуучнаа их голдог, дуулаачийн шалгуур, хэмжүүр өндөр байдагт оршдог учраас би унаган хоолойгоо эвдэхгүйг аль болох хичээсээр ирсэн.
Боржигон уртын дууны түрлэгийг малгайн оройн нугалаанд тохируулан 6, 12, 24, 36 гэх мэт тоотойгоор зохиодог байсан гэж судлаачид үздэг юм билээ. Боржигон уртын дууг найман настай балчраас наян настай буурлууд одоог хүртэл дуулж байна. 2020 онд боржигон уртын дууны “Боржигон түрлэг” холбоо байгуулагдаж, Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн “Боржигон” чуулга, аймгийн ЗДТГ хамтран жил бүр боржигон уртын дуу, морин хуурын урлагийн их наадмыг хийж ирсэн нь боржигон уртын дуугаа сэргээн уламжлуулж, хойч үед өвлүүлж байгаа тод жишээ юм.
-Өөрийн чинь хувьд Баянбараат аялгуугаар “Уяхан замбуу тивийн наран” дууны уралдаанд амжилттай оролцож дэд байрт шалгарч байсан. Баянбараат, боржигоноос өөр ямар аялгуугаар дуулдаг вэ. Урын сангаа хэрхэн хөгжүүлж байна?
-Баянбараат аялгуу нь ламын уншлага шиг аялгуугаар дуулдаг ч боржигон аялгуунд суурилсан уртын дуучинд тийм ч хэцүү биш. Миний хувьд баянбараат боржигон аялгуунаас гадна төв халхаар дуулдаг, сүүлийн үед Өвөрмонголын Ордос, Үзэмчин уртын дуу, Хэнтийн Галшар чигийн хардал аялгууг судалж байна.
2007 онд Төв аймагт болсон “Баян бараат” аялгуут улсын уралдаан, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад багшийн нэрэмжит уралдаан, 2008 онд орон нутгийн уртын дуучдын улсын уралдаан, 2009 онд Зууны манлай уртын дуучин Дамчаа агсны нэрэмжит улсын уралдаан, 2010 онд Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн нэрэмжит улсын уралдаан, 2011-2019 онд улс, бүс, аймаг, орон нутгийн уртын дууны уралдаан, наадмуудад тогтмол оролцож өөрийгөө сорьж ирсэн. Энэ бол газар газрын дуучид бие биеэс суралцдаг том сургууль юм. Эндээс ардын дууны өв, түүх, дэг сургууль, олон төрлийн аялгууг олж мэдэж, судалж гүнзгийрүүлж авсан. Монгол ардын дууны төрлөөр 40 гаруй, уртын дууны төрлөөр 30 гаруй дууг /төв халх, баян бараат, боржигон аялгуугаар/ судалж, урын сангаа баяжуулсан. Дуулалт жүжгийн төрлөөр арав гаруй дуу, зохиолын болон рок, поп гээд 20 гаруй бүтээл бий. Уртын дууны чиглэлд Гэлэн, Гозгор бонди, Базар, “Эрүү” Сономпил, Нарангомбожав, Хөх Ваанчиг, Мөр Зэвгээ, Давхарын Дамдин, Лхагвадулам, Дэжид, Цэрэнпунцаг, Борнойн Цагаан өвгөн, Ширчинжунай, Цоохор Пунцаг, Гэлэгсамдан, Гомбо, Нармандах, Мөнх-Очир, Цэнджав, Лхам, Өлзийбат нарын дуулан өвлүүлж ирсэн боржигон уртын дуунаас судалж суралцаж ирлээ.
-Азийн наадам, Халимаг, Тува, Өвөрмонгол, Оросын Буриад, Якутад Монголоо төлөөлөн уртын дууны уралдаан, урлагийн наадамд оролцжээ. Монгол туургатны өв соёлоос юу анзаарсан бол?
-Тэд нүүдэлчин язгуурт уртын дуугаа тухайн ястан, үндэстнийхээ амьдралын онцлог, зан үйлийн өвөрмөц байдалд тохируулан хөгжүүлж ирсэн байдаг юм билээ. Байгаль, цаг уур, газар орны онцлог, амьдралын харилцан адилгүй хэв маягтай уялдуулан хөгжүүлж, өвлөн ирэхдээ ихэвчлэн уртын дуугаа зан үйл, ардын дууны хэв маягтайгаа холбож нэгтгэсэн байдаг. Ямартай ч бүгдээрээ тус тусдаа уртын дууны өвөрмөц өв уламжлалаа хадгалж ирсэн нь дэвшилттэй юм.
-Боржигон ум марзайн өв уламжлагч гэсэн. Нутаг нутагт өөр байдаг уу?
- Боржигон ум марзай бусад газрынхаас өөр байлгүй яах вэ. Яг боржигон уртын дуу шигээ хамар нармайгаараа марзайлж, чамин ганган нарийн шигтгээ, чимхлүүр нугалаанууд, шүд хагас зуулттай гаргадаг зэрэг уран аялгуунууд ордгоороо ихээхэн өвөрмөц. Нутаг нутгийн аялга, цохилго өөр учраас баялаг уламжлалтай.
-Танай “Тогоруу” сургалт, судалгааны сан ямар зорилго, чиглэлийг гол болгож байна?
-Энэ санг өнгөрсөн жил дэлхийн уртаар дуулдаг дуучидтай олон улсын түвшинд сургалт, судалгаа явуулах зорилгоор эмээ, ээж хоёртойгоо болон санаа зорилго нэгтэй дуучид, уран бүтээлчидтэй хамтран нээсэн юм. Цар тахлын үед байгуулагдсан болохоор дорвитой ажил явуулаагүй ч монгол туургатан улс орнуудын уртын дуучид, судлаачидтай хамтран ажиллах эхлэлээ тавьсан. Гол зорилго нь дэлхийн урт аялгуугаар дуулдаг дуучдыг нэгтгэх, уртын дуугаа орон орны хойч үе, залууст өвлүүлэн уламжлуулахад чиглэж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)