Б.ДОЛЖИНЖАВ
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумаас /ICIJ/ дэлхийн удирдагчид, улс төрчид, тэрбумтнуудын нууц хөрөнгө, оффшор дансыг илрүүлсэн “Pandora Papers” баримтыг ил болголоо. Энэ удаа тэд 91 орны одоо төр барьж байгаа болон өмнө нь төр удирдаж байсан 35 удирдагч, 330 гаруй улс төрч, 100 гаруй тэрбумтнуудын оффшор компаниудын тухай 12 сая баримтыг дэлгэв.Үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш тэргүүтэй алдартай удирдагчдаас гадна Монголын хоёр ч улстөрч багтжээ.
“Пандора баримт”-тай холбоотой цахим хуудсын “Хүчирхэг тоглогч” /The Power Players/ хэсэгт Монголын Ерөнхий сайд асан Сү.Батболдын мэдээлэл багтжээ. Түүний тухай “Сүхбаатарын Батболд нь улс төрч болохоосоо өмнө уул уурхайн бизнес эрхэлж баяжсан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болохоосоо өмнө 2000-2009 онд хэд хэдэн сайдын албан тушаал хашиж байв. Тэрбээр 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн юм. Сү.Батболд нь уул уурхайн хууль бус гэрээтэй холбоотой хэдэн зуун сая ам долларыг хувьдаа завшсан хэргээр Монгол, Их Британи, Сингапур, болон АНУ-д шалгагдаж байсан.Түүний Америк өмгөөлөгч “ICIJ”-д “Сү.Батболдыг хууль зөрчсөн хэргээр Монгол, Нью Йорк, Хонгконг, Лондон, Сингапурт хэрэг үүсгэсэн боловч шүүхээр түүнийг буруутай гэдгийг нотолж чадаагүй” гэж ярьжээ. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сард үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байхдаа "Quantum Lake Trust" үл хөрөнгө итгэмжлэх нэгжийг Английн Гернсигийн санхүүгийн төв оффшор бүсэд байгуулжээ. Энэ нэгжийг Их Британийн "Premier Edge" компани эзэмшдэг бөгөөд Сү.Батболд 2005 онд анхны хувьцаа эзэмшигч нь болж байв. Ийн тус компани 8.8 сая гаруй ам долларын өртөг бүхий хоёр дээд зэрэглэлийн амины орон сууцыг Лондонд 2006 онд худалдан авчээ. Түүний зөвлөх бидэнд “Ерөнхий сайд асан Сү.Батболдыг уул уурхайн хууль бус гэрээтэй асуудлаар шалгаж эхлэхээс өмнө түүний гэр бүлийнхэн Лондонд сурч, ажилладаг байсан. Түүнд ямар ч нууц хөрөнгө байхгүй. Түүний оффшор компани гэгдэх шалгаж байгаа компаниудыг худалдаж авахдаа Монголын хуулийг зөрчөөгүй” гэж ярилаа” хэмээн бичжээ.Сэтгүүлчдийн 14 санхүүгийн байгууллагаас цуглуулсан 12 сая мэдээллийн багахан хувийг боловсруулсан тул Монголоос өөр хэний мэдээллийг илрүүлээд байгаа нь тодорхойгүй байна.
Эх сурвалж:ICIJ.org