Р.Оюун
Төрийн болон ТББ, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэн, санал солилцох зорилгоор Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман, Европын эрх зүйн төв, Ханс зайдалын сан хамтран "Цахим эрх зүй, түүний хөгжлийн чиг хандлага" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ хуралд бүх шатны шүүхийн шүүгчид, ШЕЗ-ийн гишүүд, ажлын алба, Шүүхийн сахилгын хороо, Үндсэн хуулийн цэц, Төрийн эрх барих болон бусад төрийн байгууллага, Монгол Улсын прокурорын ахлах прокурорууд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ, ШШГЕГ, ШШЕГ, УБЕГ-ын төлөөллүүд, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ДХИС, Шихихутуг, Отгонтэнгэр, ИЗИС-ийн судлаач багш нар, Ханс зайдалын сангийн суурийн төлөөлөгч Феликс Гленк, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Эрик Хилгендорф, Конго улсын Киквитийн их сургуулийн доктор, профессор Лумингү Манзанза, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Нээлттэй нийгэм форум, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн инновац цахимжуулалтын хорооны төлөөллүүд танхимаар 80 гаруй хүн, цахимаар бүх шатны шүүгчид, шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчид оролцлоо.
Шүүхийн цахимжуулалтыг хэрэгжүүлснээр иргэн эрхээ хамгаалах боломжийг дээшлүүлэх, цахим хэлбэрээр шүүхээс хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх, иргэдийн цаг хугацааг хэмнэх гэсэн олон давуу тал бий болох ажээ. Өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурал лнь шүүхийн цахимжуулалтын тулгамдсан асуудлыг хөндөн ярилцаж, зөв бодлого, стратеги боловсруулах талаар олон улсын эрдэмтэн, судлаачдын илтгэлийг сонсож, харилцан туршлагаа солилцсон, олон талын ач холбогдолтой хурал болно гэдэгт эргэлзэхгүй байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг нээлтийн үеэр хэлж байсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хурлыг нээж үг хэллээ. Тэрээр "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 1994-2002 оноос эхлэн мэдээллийн технологийг шүүхэд нэвтрүүлэхэд үе шаттай үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар шүүхэд мэдээллийн технологийн 20 гаруй программ ашиглаж байна" гэв.
Ханс зайдалын сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк нээлтэд зориулж үг хэллээ.
ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Эрик Хилгендорф "Мэдээлэл хамгаалал ба шүүхийн цахимжуулалт" сэдвээр илтгэл тавилаа.
Конго улсын Киквитийн их сургуулийн доктор, профессор Лумингү Манзанза "Конго улсын цахимжуулалт, тулгамдаж буй асуудал"-аар илтгэл тавьсан юм.
Мөн энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Батзаяат "Монгол Улсын цахим хөгжил: Иргэн төрийн байгууллагатай цахимаар харилцах боломж" сэдвээр илтгэл тавьсан юм.
Эх сурвалж www.zms.mn