Ч.ГАНТУЛГА
Хүн гэдэг хосоор амьдрах жамтай. “Хамтын амьдрал хайр, итгэлцэл дээр тогтдог” гэж дугаарын зочин бүсгүй онцолсон юм. Жаргал ирэхэд хамтдаа инээж, зовлон тулгарвал мөр мөрөө түшээд тайтгарах тийм л эрхэм хүмүүсийг гэр бүл гэдэг. Урлагт амьдралаа зориулж, энэ л алтан тайзнаа учирсан Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нарыг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл “Гэргий” булан энэ удаа Г.Урнааг ярилцлагын хоймортоо урьж, ханийх нь тухай, эмэгтэй хүний мөн чанар, гэргий байхын утга учрын тухай яриа өрнүүлсэн юм.
-Танд шинэ оны мэнд хүргэе?
-Баярлалаа. Танай сонины хамт олонд болон нийт Монголчууддаа шинэ оны мэнд хүргэе. Энэ жил миний хувьд, манай театрынхны хувьд ололт, амжилттай сайхан жил болж өндөрлөлөө. Алдарт “Гамлет”-ыг амжилттай тоглолоо. Би театраа төлөөлж “Сонгодог бүтээл 2012” наадмын шүүгчээр ажиллалаа.
-Урлаг уран бүтээлчээс асар их тэвчээр шаарддаг. Гэр бүлдээ хэр цаг гаргадаг вэ?
-Уран бүтээлч бүхэн л цаг заваа зохицуулаад ажилладаг шүү дээ. Нэгэнт л хайрлаж, дурласан мэргэжил болохоор “Өнөөдөр очиж чадахгүй нь” гэж хэлэх эрх байхгүй. Урлагт хорь гаран жил хөдөлмөрлөхдөө энэ бүгдийг зохицуулаад амьдарч байна. Харин ч ажилтай байвал улам жаргалтай болдог. Ажил хийхгүй, дүр авахгүй бол жүжигчин болоод яах юм. Тийм учраас дүр авах л юм бол улам энерги, эрч хүч авах шиг болдог. Жүжгээ бэлдэх, дүрээ бүтээж ажлаа хийх ёстой гээд л улам өөрийгөө цэнэглэж, урам оруулдаг. Завгүй ажиллаад сурчихдаг юм билээ.
-Уран бүтээлчийн амьдралыг хэр баргийн хүн ойлгодоггүй. Харин таны хувьд эсрэгээрээ байх аа?
-Уран бүтээлчдэд гэр бүл нь хамгийн чухал. Санаа зовох зүйлгүй, сэтгэл амар байж л сайн уран бүтээл төрдөг шүү дээ. Би өөрийгөө их азтай гэж боддог. Урлаг надад олон зүйлийг бэлэглэсний хамгийн эрхэм нь миний хань юм даа.
-Уран бүтээлээс болж маргалдах асуудал гардаг уу?
-Уран бүтээл хийхэд сайн ярилцсаны эцэст үр дүнд хүрдэг юм. Маргалдаж, ярилцах зүйл гаралгүй яахав. Зохиолоо аваад энэ хэсэг дээр ингэж ажиллавал гоё гээд ярилцаад эхэлдэг болохоор хөндлөнгөөс харах шаардлагагүй болчихдог юм шиг. Бие биенийхээ бүтээлийг дараа нь тухтай үзэж байгаад санаагаа хэлдэг. Гэхдээ байнга хоёр биедээ баяр хүргэдэг.
-Та хоёрыг үнэхээр бие биенээ олсон сайхан хос гэдэг?
-Баярлалаа. Эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэйгээ суух хэрэгтэй. Өөртөө хайргүй эр хүнээр хайрлуулна гэдэг хэцүү. Охиддоо ч би ингэж зөвлөдөг. Хэчнээн мөнгөтэй байсан ч дээрэлхэж загнаад байвал сэтгэл дүүрэн амьдарч чадахгүй шүү дээ. Жагаа бид хоёр 20 гаруй жил хамт амьдарч байна. Үнэхээр аз жаргал гэж юу байдгийг тэр надад мэдрүүлж чадсан.
-Ханийнхаа ямар занг эрхэмлэдэг вэ?
-Жагаад олон сайхан чанар байдаг. Мэдээж бүх л зан чанарыг нь ойлгож, хүндэлж явдаг. Харахад ширүүн юм шиг мөртлөө их зөөлөн сэтгэлтэй хүн шүү дээ. Урлагийн хүн болоод ч тэр юмуу амархан уярдаг юм.
АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА ГЭДЭГ ҮГИЙГ ХЭЛЭХ ДУРТАЙ
-Та хоёр хамтдаа Москвад сурч байсан. Тэр үеэ дурсаач?
-Бид аравдугаар ангиа төгсөөд л гэрлэсэн. Дараа нь оюутан болоод Москва руу хамт явж байлаа. Оюутан нас өөрөө тэр чигээрээ дурсамж. Амьдралын минь жаргалтай мөчийн нэг болж, сэтгэлд тодоос тод үлдсэн. Инээх үедээ инээж, гуниглах үедээ гуниглаж, бусад оюутнуудын жишгээр л өнгөрөөсөн.
-Ар гэрийн ноён нуруу эр хүн байдаг. Жагаа ах хэр сайн аав, хэр сайн хань вэ?
-Гэр бүл амгалан төвшин, үр хүүхдүүд маань эрүүл энх өсч хоёр биедээ илч дулаан хайрлаж байгаа минь л хамгийн том аз жаргал. Тийм учраас би ханьдаа хязгааргүй баярлаж явдаг. Үнэхээр аз жаргалтай амьдарч байна гэдэг үгийг хэлэх дуртай. Өнгөрсөн амьдралдаа харамсч үзсэнгүй. Хайрыг мэдэрсэн, ханийнхаа дэргэд байгаа хором бүртээ аз жаргалыг мэдэрдэг. Манай гэр бүл өдий зэрэгтэй яваа нь миний ханийн буян юм даа.
-Хүндлэлийг та юу гэж ойлгодог вэ?
-Бид нэг, нэгнийгээ хүндэлдэг учир сэтгэл хангалуун, энэ амьдралдаа хайртай байдаг. Нас тогтох сайхаан гэдэг шиг, бид жаргалтай байна. Хүмүүс биднийг урьж, гэр бүлийн талаар яриач гэдэг. Нэг талаар залуучуудад хайр дурлал, хүсэл мөрөөдлийн тухай ярих шиг сайхан юм байхгүй. Хүн амьдралдаа зүтгэж байж сайхан зүйлд хүрдэг. Залуу гэр бүлүүд бие биенээ хүндэлж, ойлгодог, ярилцдаг байх нь чухал. Мөн хүндлэл гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Нэг нэгнийгээ дарамталж, дээр нь гарах гэсэн хэрэг биш шүү дээ. Нөхрөө ороод ирэхэд халуун цайгаа аягалаад өгөх нь наад захын хүндлэлийн жишээ.
-Айлын эзэгтэй, хүний хань, хүүхдийн ээж болсон үеэ дурсвал?
-Эмэгтэй хүний амьдрал тийм л байдаг. Нэг ёсны жам гэх юм уу даа. Гэхдээ энэ бүхнийг дагаад аз жаргалаас гадна асар том хариуцлага ирдэг. Хүн бүр анхны үрээ тэврээд баярлаж, догдолдог. Энэ үеэс эрүүл энх өсгөж, сайн хүн болгох юмсан гэсэн сэтгэл төрж эхэлдэг. Ханийгаа энд тэнд ажлаар явахад нь халуун цай ундаа идэж байгаа болов уу гэж санаа зовнидог нь эмэгтэй хүний төрөлхийн зан юм болов уу даа. Би агуу хайр, аз жаргалыг одоо ч мэдэрч байна.
-Айл гэрийн амьдрал эр хүний ноён нуруу, эмэгтэй хүний хатан ухаан дээр тогтдог гэдэг?
-Тэгэлгүй яахав. Эр хүнд бүх ачааг үүрүүлж болохгүй шүү дээ. Сайн яваа эрчүүдийн ард хатан ухаантай бүсгүйчүүд л байдаг. Монгол эмэгтэйчүүд их ухаантай, тэвчээртэй юм шиг санагдах юм. Айл гэрийн амьдрал эхнэр нөхөр хоёрын хайр, хариуцлага дээр тогтдог. Нэг гэрийн хоёр хоёулаа амьдралын төлөө, үр хүүхдийнхээ аз жаргалын төлөө бие сэтгэл нийлэн хөдөлмөрлөж байж сэтгэл дүүрэн амьдралыг бүтээнэ шүү дээ.
- Энэ олон жилийн турш цайз мэт бат бэх байсан амьдралын тань нууц юунд байна?
-Нууц гээд байх зүйл юу байхав дээ. Бие биенээ ойлгож, хайрлаж хүндэлдэг болохоор л амьдрал минь сайхан байгаа байх. Бид хоёр ийм л амьдралыг хүссэн.