С.УЯНГА
“Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.
-Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын дадлага, сургуулилтыг цөөнгүй удаа зохион байгууллаа. Үр дүн, ахиц дэвшил хэр гарав?
-Бэлэн байдал гэдэг маш том ойлголт. Олон асуудлыг цогцоор нь авч үзэж байж бэлэн байдал хангагдлаа гэж хэлж болно. Бэлэн байдлыг хангах шалгуур үзүүлэлт нь бэлтгэгдсэн боловсон хүчин.
Онцгой байдлын байгууллага Монгол Улсад тохиолдож байгаа том, жижиг бүхий л аюул ослын голомтод үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бие бүрэлдэхүүн байнгын бэлэн байдалд байх шаардлагатай. Энэ шаардлагыг хангахын тулд хамгийн наад зах нь алба хаагчдынхаа ур чадварыг дээшлүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан “Говийн чоно” олон улсын дадлага сургуулилт бүхэн төмөр зам, уул уурхай, газар хөдлөлт, орон нутаг төвийн уялдаа холбоог хэрхэн хангах зэргээр өөр өөрийн сэдэвтэй байсан. Тухайн жилдээ зорилт, зорилго дэвшүүлсэн сургалтуудыг хийж ирсэн. Тухайлбал, газар хөдлөлт гэхэд эрэн хайх аврах, төмөр зам, уул уурхайн чиглэлд тусгай томилгоот бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэдэг. Зөвхөн онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг сургаж бэлтгэхээс гадна аюул ослын төрлөөр голомтод орж ажиллах мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэж байна.
-Америкийн сургагч багш нар удирдах албан тушаалтны сургалтад их ач холбогдол өглөө. Зарим үед байгууллагууд шат шатандаа үл ойлголцох зүйл гардаг?
-Сургалтын цаад талын маш том ач холбогдол, үр дүнг хадгалах зорилго нь зохицуулалт байдаг. Гамшиг ослын голомт ямар байгаа нь хамаагүй оролцож байгаа хүмүүсээс шалтгаалаад танай, манай байгууллага гэх маргаан гардаг. Гамшгийн голомтод учруулдаг олон хүндрэлийн нэг нь зохицуулалтын асуудал байдгийг гамшиг судлалын шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачид ярьж хэлж ирсэн. Тиймээс олон улсын дадлага сургуулилтын үеэр байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэл рүү түлхүү анхаарч байгаа. Аюул осол тохиолдсон үед сандарч мэгдэхгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж, нэгэндээ туслаад хамтарч ажиллах хөрс суурийг тавьж байна.
Сургалт байнга хийгдэж байж үйл ажиллагаа, дадлага сургуулилт жигдэрнэ. Бэлэн байдлыг хангах бас нэг том зүйл нь гамшгаас хамгаалах төлөвлөлтийн бичиг баримт байдаг. Үүнийг олон удаагийн “Говийн чоно” арга хэмжээний үеэр шат дараатай сайжруулж ирлээ. Энэ жилийн “Хангай-21” сургууль дээр хариу арга хэмжээ, дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний зааг ялгааг туршлага хуваалцах үедээ олж мэдлээ. Бидний тактик, ажиллагааны төлөвлөгөө зарим талаараа холилдсон юм шиг санагдаад байгаа юм. Тэгэхээр ямар ч тохиолдолд шууд үйл ажиллагаагаа зохион байгуулах эхний алхмаа хийх чадвартай болж үлдэх нь гол зорилго. Энэ мэтээр олон үр дүнг дотроо шингээсэн сургалтуудыг зохион байгууллаа.
-Алба хаагчдын ур чадвар чамлахааргүй боллоо. АНУ-ын арми ч үнэлж, хүлээн зөвшөөрч байна лээ. Гэтэл гадны сургагч багш нар өөрсдөө сургалтын тоног төхөөрөмжөө авчирсан гэсэн. Туршлагыг нь авч үлдлээ гэхэд гартаа барих багаж зэвсэггүй бол яах вэ?
-Дараагийн “Говийн чоно” арга хэмжээн дээр тэр дундаа гамшгийн удирдлагын чиглэлийн хичээлийг бид өөрсдөө зааж, гадны оронтой харилцан туршлага солилцох хэмжээнд хүрсэн байна. Чамлалтгүй болж. Манай аврагч нар биеэр гүйцэтгэх ур чадвар, тэсвэр хатуужлын хувьд бусад улс орноос илүү гарна уу гэхээс дутахгүй. Ялангуяа, бие бялдрын тэсвэр хатуужлын хувьд онцгой. Монголчууд хөдөлмөрийн цагийн хуваарилалтгүйгээр ачаалал дааж олон цаг тасралтгүй ажиллаж чаддаг. Ур чадвар ч ялгаагүй. Дадлага сургуулилтын үеэр аврах олсоо уях олон төрлийн чадварыг маш чадамгай, шуурхай хийж байна. Харин энэ бүгдийг байнга сургалт хийж дадал болгох хэрэгтэй. Бороо, цас, харанхуй шөнө ямар ч нөхцөлд аврах ажиллагааг стандартын дагуу зохион байгуулах дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Ингэж байж бэлэн байдал хангагдаж байна гэж үзнэ. Энэ шаардлагыг манай аврагч нар хангаж байгаа. Аврагчид маань хэлний бэрхшээлгүй болчихвол гадаад орны аврагч нарт аюулгүй ажиллагаа, гамшгийн удирдлагын тал дээр туршлага хуваалцахад бүрэн боломжтой. Онцгой байдлын байгууллага нэг үеэ бодвол гал унтраах чиглэлийн машин техникийн парк шинэчлэл сайн хийгдлээ. Олон ч төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл, Засгийн газрын дэмжлэгээр тоног төхөөрөмж сайжирсан.
Дараагийн зүйл бол газар хөдлөлт болон тусгай зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай байгаа. Тухайлбал, газар хөдлөлтийн үед зүсэх, тэлэх, бутлах, өргөх гээд олон төрлийн нарийн багаж хэрэгсэл хэрэгтэй байдаг. Мөн сургалтын явцад хэрэглэж байгаа аврах олсыг хадгалах, ашиглах хугацаа гээд цогц асуудал яригддаг.
Зарим тохиолдолд хугацаа дууссан аврах олсоо ашиглах тохиолдол гардаг. Химийн осол, тэсрэх бодисын голомтод өмсөх тусгай зориулалтын хувцас, хэрэглэлээр аврагчийн аюулгүй байдлыг хангах ёстой. Бага зэргийн ахиц бий. Гэхдээ бүрэн хангагдаагүй.
Онцгой байдлын байгууллага нисдэг тэрэгтэй болох бэлтгэлээ хийж байна. “Хангай-21” дадлага сургуулилтад сургалтын зориулалтаар авчирсан тоног төхөөрөмжийг үлдээгээд явна. Олс гэхэд бүдүүн, нарийн байх ёстой. Энэ бүгд бүрдэж байж л аврах ажиллагааны хэрэглэгдэхүүн цогц болно.
-Цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Гэтэл олон улсын дадлага сургалт хийж байгаа нь маш том эрсдэл, хариуцлагыг үүрч байна. Бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангав?
-“Говийн чоно” арга хэмжээ сүүлийн хоёр жил өнжсөн. Гэхдээ цар тахлын нөхцөл байдалтай дасан зохицоод төлөвлөгөөт арга хэмжээг хэрэгжүүлэх том хэрэгцээ шаардлага бий. Зарим нэг зүйлийг бэрхшээл тоочиж суухгүйгээр хийх хэрэгтэй. Бид халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталсан. Цар тахалтай тэмцэх тодорхой туршлага хуримтлагдлаа шүү дээ. Олон сарын өмнөөс тооцоо, төлөвлөгөө гаргасан. Хээрийн цэгүүдэд дадлага сургалтыг зохион байгуулсан. Аймгийн төв рүү ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Зөвхөн гамшгийн удирдлагын сургалтад оролцох цөөн тооны хүмүүсийг танхимд суулгасан.
Танхимын агаарын сэлгэлт, маск, гар ариутгалыг тогтмол хийлээ. Тусгаарлах өрөө, эмч, мэргэжилтнүүдийг бэлэн байлгасан. Орон нутгаас ирсэн эмч нар алба хаагчдаа байнга хянаж, халууныг нь тогтмол үзэж цэвэр агаарт, дархлаа дэмжих хоол унд өгч байна. Ер нь хүнээ хайрлахгүй бол бидний ажил урагшлахгүй. Энэ мэтээр маш нарийн зохион байгуулалт, дэг журам сахилгатай байсан. АНУ-ын сургагч багш нарт ч шаардлага тавьсан. Мэргэжлийн байгууллагын өгч байгаа заавар зөвлөмжийг сайн сахисны үндсэн дээр сургуулилтад оролцож байгаа бие бүрэлдэхүүнээс халдварын тохиолдол илрээгүй. Ямар ч эрсдэлгүйгээр даван туулж байна. Хамгийн чухал нь сахилга, дэг журам зохион байгуулалт. Бие бүрэлдэхүүнд сайн тайлбарлаж, ойлгуулсны үр дүн гарлаа. Хэдийгээр орон нутагт халдварын нөхцөл байдал хүндрэлтэй байсан ч Архангай аймгийн Онцгой байдлын газар, Засаг дарга, ЗДТГ-ын хамт олон дадлага сургуулилтыг өндөр түвшинд зохион байгууллаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.23 ПҮРЭВ № 187 (6664)