Д.ДАРАМБАЗАР

 

“Гэгээн учрал” кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Энэ кино хэрхэн бүтсэн талаар “Zev film”-ийн жүжигчин, продюссер З.Тэмүүжинг энэ удаагийн “Өөр зочин” булангийнхаа зочноор урилаа.

 

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед уран бүтээлчид хэсэг хугацаагаар хорионд байлаа. Энэ хүнд үеийг хэрхэн давж гарав?

-Соёл, урлагийн гуравдугаар курсын оюутнууд нийлээд “Zev film”-ийг байгуулсан. Хөл хорионы үеэр “Гэгээн учрал” киноны зураг авалтаа хийсэн. Ерөнхийдөө цагийг зүгээр өнгөрөөхийг хүсээгүй. Хичээлийн хажуугаар киногоо хийж, бусдад хүргэе гэж бодсон. Мөн өвлийн зураг авалт явагдах арваннэгдүгээр сард хөл хорио тогтоосон. Энэ үеэр бид дипломын жүжгийн бэлтгэл ажилтай байсан. Тиймээс дипломоо хүлээлгэж өгөх үеэрээ зураг авалтаа хийгээд явсан. Дипломыг бичвэрээр хийнэ гэсэн ч бид өөрсдийнхөө биеэр жүжгээ хамгаална гээд долоо хоногийн хугацаанд бэлдээд Улсын шалгалтын комисст хүлээлгэж өгөөд сургуулиа амжилттай төгссөн.

-“Гэгээн учрал” бусад киноноос юугаараа ялгаатай вэ?

-“Гэгээн учрал” киногоор залуучуудын хайр сэтгэлийн тухай гэгээлэг юм хийе гэсэн сэдлээс зохиол нь бичигдсэн. Киногоо хүнд байдалтай бус гол дүрдээ бүх ачааллыг өгөхгүйгээр хайрыг яаж илэрхийлж болох вэ. Залуучууд хайрыг үнэ цэнгүй бус байгаасай гэсэн үүднээс энэ киног хийсэн байгаа. Кинонд маань олны танил нэг ч жүжигчин, шилдэг уран бүтээлч байхгүй. СУИС-ийн театр урлагийн жүжигчин мэргэжлээр 2021 онд төгссөн залуу уран бүтээлчид тоглосон гэдгээрээ онцлогтой. Энэ киногоороо хүмүүст шинэ дүр төрх харуулахыг зорьсон. Байнга тоглодог жүжигчид биш өөр хүмүүс тоглосон учраас үзэгчдэд сонирхолтой байна гэж бодож байгаа.

-Кино бүтэх явцад хүндрэл хэр тохиолдов?

-Залуу хүмүүсийн хувьд анхны уран бүтээл учир их хүндрэл тулгарсан. Манай зураглаач, найруулагч н.Буянбат ах маань залуурдаж чиглүүлсэн ч жүжигчнээр ажиллахаас гадна өөрсдөө дүр бүтээх болсон. Нэг нь жүжигчнээ хийж байхад зарим нь зохиолоо бичих, зураглаач зураг авалт хийх обьект олох, ямар дүрд хэн яаж ажиллах гэсэн ажлыг өөрсдөө хийж, ажлуудаа давхар оноож энэ уран бүтээлийн ард гарч чадсан. Шинэ залуу уран бүтээлчид учир хүн сайн танихгүй асуудал гарсан. Бидний хувьд өөрсдийнхөө нэг шинэ чадварыг нээсэн гэж бодож байгаа. Киноны санхүүг яаж зохицуулах, зохион байгуулах гэх асуудал тулгарч байсан.

-Шинэ залуу уран бүтээлчдийн хувьд туршлага дутагдах, алдаа гаргах зүйл байв уу?

-СУИС-д театрын жүжигчин гэж бэлтгэдэг. Тиймээс кинонд тоглож үзэх нь эсрэг зүйлтэйгээ ажиллаж байгаа мэт байсан. Туршлага их дутагдаж байсан. Манай уран бүтээл дээр зөвлөхөөр ажиллаж байсан н.Түүхтбаяр ах маань тусалж дэмжсэнээр энэ киноны ард гарсан. Алдаа дутагдлын хувьд их байгаа байх. Түүнийгээ дараагийн уран бүтээл дээрээ засаж залруулах болно. Ингэснээр илүү чадварлаг болох боломжтой гэж бодож байгаа. 

-Анх кино хийж байгаа хүмүүст зураг авалт хийх газар олох хүндрэлтэй байсан байх. Энэ бүхнийг яаж зохицуулав. Бэрхшээл хэр их тулгарав?

-Өвлийн зураг дээр хүн дутсан. Кинонд багаар ажиллах байтал цөөн тооны хүмүүстэй ажилласан. Уулын нуур гэдэг газар очиж зураг авалтаа хийхэд хүйтэн тэгээд кран угсрах гэх мэт төмөр хэрэгслүүдтэй харьцсан. Тэр үеүүдэд хүндрэл их тулгарч байсан. Хийнэ гээд зүтгэвэл ямар ч зүйлийг хийж болгодог юм байна.

-Кинонд цар тахлын нөхцөл байдал хэр их нөлөөлөв?

-Маш их нөлөөлсөн. Зуны зураг авалтаа Булган аймгийн Рашаант суманд очиж хийсэн. Тэнд очоод 14 хоног зураг авалт явагдсан. Тэр үеэр хорионд орсон. Хотын төвөөр обьект олоод зурагаа авъя гэхээр болохгүй. Өвлийн зургийн үеэр хөл хорионд орох гэх мэтээр хүндрэл тулгарч байсан. Мөн бүх зүйлд зөвшөөрөл авах хэрэгтэй болсон.

-Анхны уран бүтээлээ кино театраар гаргахад хүмүүс хэр хүлээж авав?

-Анхны гэдэг утгаараа кино театрууд яах бол гээд ярилцаж байсан. Гэвч кино театруудаар очиж уулзахад их сайхан хүлээж авсан. Залуу уран бүтээлчдээ дэмжье. Танай киног шууд гаргая гэсэнд баяртай байгаа. Нэг давуу тал нь кино театрууд хоёр жилийн турш үйл ажиллагаа нь зогссон байсан тул маш эелдгээр хүлээж авсан. Энэ утгаараа үзэгчид ч тасралтгүй үзэж байна.

-Таны хувьд залуу хүн учир кинотойгоо адил хэмжээнд хайр дурлалтай учирч байсан уу. Кино хийхэд хэр дөхөм байв?

-Хайр гэдэг мөнхийн сэдэв. Хайр маш агуу зүйл шүү дээ. Анд нөхөд, аав ээж, хосын хайр байна. Хайрлаж үзээгүй байж кино хийнэ гэдэг учир дутагдалтай зүйл. Тиймээс энэ кинонд гарч байгаа зүйл нь сургуулиа дөнгөж төгсөөд хайртайгаа учирч буй залуусын тухай өгүүлж байгаа болохоор уран бүтээлчдийн хувьд илүү дөхөм байсан. Тиймдээ ч энэ сэдэв нь илүү ойрхон байсан тул энэ талаас нь харж киногоо бүтээсэн. 

-Таны хувьд киноны аль тал дээр түлхүү ажилласан бэ?

-“Гэгээн учрал” киноны зуны зураг авалттай нь өөр киноны ажил давхцаад гүйцэтгэх продюссер хийсэн.

-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөөд байна вэ?

-Мэдээж анхны уран бүтээл маань үзэгчдэд амжилттай хүрсэнд баяртай байгаа. Дараагийн киноны зохиолоо дуусгачихсан засварын ажил явагдаж байна. Энэ сарын дундуур ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байгаа. Энэ киноноосоо хийц, өнгө, чанарын хувьд нэг шат ахиулсан кино хийнэ гэж төлөвлөөд явж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.2 ПҮРЭВ № 172 (6649)