Д.ДАРАМБАЗАР

 

Энэ удаагийн “Утасны анд” булангийн зочноор сурган хүмүүжүүлэх ухааны доктор, дэд профессор, Монголын буудлагын Техник төвийн сургалтын менежер О.Уранчимэгийг урилаа.

 

-Монгол Улсад буудлагын спорт хэрхэн хөгжсөн талаар яриагаа эхэлье гэж бодлоо?

-Монгол Улсад буудлага спорт хөгжөөд 60 гаруй жил болж байна. Энэ хугацаанд манай улсын буудлага спортын хөгжил, тамирчдын ур чадвар дээшилж тив, дэлхий, олимпийн наадамд амжилттай оролцож ирсэн. 1955 онд социолист нийгмийн үед буудлагын олон улсын тэмцээн болж зохион байгуулах газраас манай улсад урилга өгөхөд нь анх оролцсон. Монголд буудлагын спортыг хөгжүүлье гэсэн санааг дэвшүүлж 1958 онд анхны 25 метрийн буудлагын байг байгуулснаар буудлагын спорт хөгжсөн түүхтэй.

-Буудлагын холбоо гэхээсээ илүүтэйгээр клубууд байгуулагдаж үйл ажиллагаага явуулж байна?

-Улсыг батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дэргэд 1990-ээд оноос клуб байгуулах үндэс суурь тавьж байсан юм. Одоогоор манайд гурван том клуб үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Тухайлбал, анх байгуулагдаж байсан Тенхик спортын төв, “Аварга”, “Сонгино хайрхан буудлага”-ын төв гэсэн гурван том клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Тус клубууд 13-аас дээш бүх насныхныг хамруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ клубуудаас өндөр зэрэг цолтой тамирчид, олимпийн медальтан, дэлхийн аваргууд төрөн гарч байна.   

-Буудлагын спортоор тогтмол хичээллэх гэж байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэж, зөв техникийг сурснаар нас харгалзахгүй амжилт гаргах боломжтой. Иймд өөрийгөө оройтсон гэлтгүй сонирхсон төрлөөр хичээллэж болно. Энэ спортоор байнга хичээллэснээр стресс тайлагддаг мөн өөрийгөө ялан дийлэх чадвартай болдог.

-Шигшээ багийн тамирчдыг хэрхэн сонгож шалгаруулдаг вэ. Мөн олон улсын тэмцээнд оролцоход юуг анхаарах вэ?

-Бүгд нэг хэмжээнд нэг хэвшлийн багшийн удирдлага дор орж явдаг учир энэ илүү гээд тэмцээнд авч явах биш. Хэн их хичээж ур чадварыг өөртөө суулгаж чадна, тэр хүн амжилтад хүрнэ. Материаллаг бааз хүрэлцээтэй байвал авьяас чадвартай хүүхэд их байгаа. Сүүлийн үед холбооноос дорвитой арга хэмжээг авч байна.

-Буудлага спортын талаар хүмүүс мэддэг ч болоосой гэж хүсдэг зүйл юу вэ?

-Буудлагын спортоор хичээллэснээр их тайвшралыг олж авдаг. Энэ спорт ан агнахаас тэс өөр. Спортын сонгодог төрөл. Маш их цаг, мөнгө зарцуулна гэж боддог нь хамгийн буруу ойлголт юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.1 ЛХАГВА № 171 (6648)