Б.ДЭМБЭРЭЛНЯМ
Аливаа тэмцээн шударга болоход шүүгч гол нөлөө үзүүлдэг. Шүүгч шударга, зөв шийдвэр гаргах нь тамирчдын амжилт төдийгүй үзэгчдийг тухайн спортод шимтэхэд нөлөөлдөг. Үндэсний бөхийн хувьд шүүгч нь хөлийн цэц. Зарим хөлийн цэцийн эргэлзээтэй, нутгархсан, танил тал харсан мөн шийдвэр гаргалгүй удах нь үндэсний бөхийн үзэгчид цөөрч байгаад нөлөөлж байна. Гэтэл олон улсын жүдо бөхийн холбооны шүүгчид тэмцээний талбайд болон түүнээс гадна тус холбооны төлөөлөгчид байдаг. Тэднээр жүдо бөхийг төлөөлүүлэн авч үздэг.
Хөлийн цэцийн ерөнхий шаардлага
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд “хөлийн цэцээр цэгц шударга, шаардлагатай, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөх, бөхийн зүтгэлтнээс сонгон салбар хорооноос томилж гэрээ байгуулан ажиллуулна” хэмээн заасан байдаг. Бөхийн зүтгэлтэн гэж зааснаас өөрөөр албан ёсны шаардлага, шалгуур байхгүй. Манай үндэсний бөхийн хөлийн цэцийг илүү өндөр шалгуураар шалгаруулж авах хэрэгтэй. Гэтэл олон улсын жүдо бөхийн холбооны шүүгч нь орон нутаг, өсвөр зэрэглэлээс эхлээд тив, дэлхийн чанартай бүх тэмцээнд шүүгчээр ажилласан байх гэсэн ерөнхий шаардлага бий. Мөн зэрэглэл бүхэнд шүүгчийн шалгалт өгч тэнцсэн байх ёстой байдаг аж. Харин манай үндэсний бөхийн хөлийн цэц нь тодорхой шаардлага мөн ямар нэгэн шалгалт байхгүй юм. Жүдогийн шүүгчид мэргэжлийн хандлага, зан төлөвтэй байх, холбооноос зохион байгуулж буй бүх хурал, шүүгчийн сургалтад хамрагдах ёстой байдаг. МҮБХ-ноос хөлийн цэцүүдэд ямар нэгэн сургалт, хурал зохион байгуулдаггүй. Дэлхийн ихэнхи спортод шударга ёсыг хадгалахын тулд шүүгчид тамирчин, дасгалжуулагч, олон нийттэй холбоо барихгүй байх ёстой гэж заасан байдаг. Харин үндэсний бөхийн хөлийн цэцүүд нь бөхийн дасгалжуулагч, нутаг ус бүхий хамааралтай хүн таардаг нь маргаан гарахын үндэс болдог. Үндэсний бөхийн хөлийн цэц нь МҮБХ-нд албан ёсны гишүүнчлэл, статусгүй, ямар нэгэн сургалт зөвлөгөө хуралдаангүй, шаардлага, шалгуур үзүүлэлтгүй, хариуцлага тооцдоггүй байгаа юм.
Хөлийн цэцийг мэргэшүүлэх хэрэгтэй
Барилдахаа больсон бөхчүүд хөлийн цэц хийж байна. Энэ нь бөхөө мэддэг, мэдэрдэг сайн талтай ч илүү мэргэжлийн шүүгч хэрэгтэй. Мэргэшсэн шүүгчгүй спортын төрөл гэж байдаггүй. МҮБХ шүүгчийн сургалтаар хөлийн цэцээ бэлддэг байх хэрэгтэй юм. Хөлийн цэцүүдийг үндэсний бөхийн засуул шиг аймаг, сум, улсын гэж зэрэглэвэл зохистой. Ингэснээр мэргэжлийн хөлийн цэцийн шалгуур өндөрсөнө. Жүдо бөх шиг хөлийн цэцийн гараагаа өсвөр үе, залуучуудын улсын аваргаас эхэлсэн ч болно.
Үндэсний бөх нь олон бөх зэрэг барилддаг учраас зарим барилдааныг хөлийн цэц харж амждаггүй. Энэ асуудалтай уялдуулж хөлийн цэцийн тоог нэмэх хэрэгтэй. Ойролцоо болсон барилдааныг шийдвэрлэхдээ нийт хөлийн цэцийн саналаар шийдвэрлэдэг. Барилдааныг хараагүй хөлийн цэц санал өгөх нь учир дутагдалтай зүйл юм. Тухайлбал, сагсан бөмбөг болон том лигийн шүүгч нарын гар утас, сошиал хаягийг шалгадаг. Мөн тухайн барилдаж буй хоёр бөхөд нутаг ус, найз, хамаатны ямар нэгэн хамаарал бүхий хүнээр хөлийн цэц хийлгэхгүй байх, шүүлтэд санал өгүүлэхгүй байх нь зүйд нийцнэ.
Хөлийн цэцүүд хариуцлага хүлээдэггүй
Олон улсын жүдо бөхийн холбоо гэхэд арга хэмжээ бүрийн үеэр дор хаяж гурван хүнээс бүрдсэн Сахилгын комисс томилогдогддог. Энэ комисс нь дүрмийг үл тоомсорлож, жүдо бөхийн спортод зохисгүй зан гаргасан шүүгчид шийтгэл оноох эрхтэй. Энгийн сэрэмжлүүлгээс эхлээд тэмцээнд оролцуулахгүй байх хүртэлх шийтгэлийг оноодог. Харин Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 10.3-т “Үүргээ хангалтгүй биелүүлсэн цэцэд ерөнхий цэцийн саналыг үндэслэн салбар хорооны шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй бөгөөд дараах тохиолдолд цаашид цэцээр ажиллуулахгүй” хэмээн заасан байна. Мөн 10.3.1-д “Аливаа асуудлыг шийдэхдээ байгууллага, танил тал, нутаг усны явцуу үзэл гаргах, 10.3.2-т “Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөөрөнхийлж бөхчүүдийг маргалдуулах, үзэгчдийг чилээх” гэж заасан байдаг ч ямар нэгэн хариуцлага хүлээсэн тохиолдол байдаггүй. Тэдний ажлыг дүгнэдэг байгууллага хороо ч байхгүй.
МҮБХ хөлийн цэцийн асуудалд анхаарал хандуулж шалгуур, шаардлагатай, хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Мэргэшсэн хариуцлагатай чадварлаг шүүгчтэй байх нь үндэсний бөхийн спортын хөгжилд түлхэц болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.31 МЯГМАР № 170 (6647)