Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Энэ жагсаалтад буй амжилтуудыг эвдэх боломжгүй гэхэд буруудахгүй. Спортын түүхэнд дахин давтагдахгүй, ойрын ирээдүйд, магадгүй хэзээ ч давтагдахгүй амжилтуудыг танилцуулж байна.

 

Жахангир Хан-Сквош теннис

 

Сквошийн спортыг сонирхдог хүмүүсийн хувьд бурхан мэт тахигддаг Жахангир Хан 1981-1986 оны хооронд дийлэх боломжгүй тамирчин байжээ. Тэрбээр таван жилийн хугацаанд 555 тоглолтод дарааллан ялж, дэлхийн дээд түвшний мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн олон удаа дараалан ялсан тамирчин болж Гиннесийн дэлхийн амжилтыг эзэмшдэг. Пакистан гаралтай Жахангир Хан 15 наснаасаа тамирчны гараагаа эхэлсэн ба сонирхогчдын ганцаарчилсан төрөлд дэлхийд аваргалсан хамгийн залуу тамирчин болсон юм. Мөн 17 насандаа дэлхийн аваргын нээлттэй тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу аварга болжээ.

 

Штеффи Граф-Талбайн теннис

 

Талбайн теннисийн спортод Штеффи Графын амжилтыг эвдэх нь битгий хэл дөхөж очсон эмэгтэй, эрэгтэй тамирчин байхгүй. Тэрбээр WTA болон Мэргэжлийн теннисийн холбооны тамирчдыг эрэмбэлж эхэлсэн цагаас хойш 377 долоо хоног дараалан эрэмбийг тэргүүлсэн амжилттай. Граф өөрийнхөө гайхамшигтай хөлийн ажиллагаа, хүчирхэг цохилтуудынхаа ачаар дэлхийн хамгийн том дөрвөн тэмцээнд тус бүр дор хаяж дөрвөн удаа аваргалсан байдаг. Энэ амжилтыг нь давтсан нэг ч тамирчин байхгүй. Тэрбээр 18 жилийн карьерынхээ туршид Гранд сламын тэмцээнүүдэд 22 удаа аваргалсан төдийгүй, нэг жилийн дотор дөрвөн Гранд сламын аварга мөн олимпийн аварга болсон цорын ганц тамирчин билээ.

 

Усэйн Болт-Гүйлт

 

Ямайк гаралтай гүйлтийн тамирчин Усэйн Болт олимпийн найман удаагийн алтан медальтай. Гурван олимпийн наадам дараалан 100, 200 болон 4х100 метрийн төрөлд аварга болсон цорын ганц тамирчин юм. Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Усэйн Болтын хамгийн гайхамшигтай амжилт бол 2008 оны Бээжингийн олимпийн наадамд эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд 9.69 секундын амжилт үзүүлсэн явдал юм. Хачирхалтай нь энэ амжилтаа тогтоож байх үедээ гутлынх нь үдээс тайлагдсаныг гүйлт дундаа өөрөө анзаарсан гэдэг. Үүний дараа Лондоны олимпийн наадмаар 100 метрийн төрөлд 9.63 секундын амжилт үзүүлж, өөрийнхөө амжилтыг шинэчлэн тогтоож, 200 метрийн төрөлд алтан медаль хүртэхийн хажуугаар 4х100 метрийн төрөлд 36.84 секундын амжилтаар дэлхийн амжилтыг тогтоов. 2009 он. Берлин хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр 100 метрийн зайг 9.58 секундийн амжилтаар туулсан явдал бол хэзээ эвдэгдэх нь тодорхойгүй үнэмлэхгүй амжилт болон үлдсэн агуу их үйл явдал билээ.

 

Уилт Чемберлен-Сагсан бөмбөг

 

Сагсан бөмбөг хүчийг аваагүй тэр үед Уилт Чемберлэн Пенсильвани муж дахь Хершигийн цэнгэлдэх хүрээлэнд 100 оноо авч дэлхий нийтийг шуугиулсан юм. Нэг тоглолтод 100 оноо авсан тоглогч түүнээс өөр нэг ч байхгүй.

 

Майкл Фелпс-Усанд сэлэлт

 

Майкл Фелпс олимпоос 23 алтан медаль, гурван мөнгө, хоёр хүрэл медаль авсан юм. АНУ-ын тамирчин Фелпс бүх цаг үеийн  хамгийн олон медальтай тамирчин. Хэрэв Майкл Фелпс улс байсан бол бүх цаг үеийн буюу 120 жилийн турш зохиосон 28 зуны олимпийн наадмаас медаль авсан улсуудын жагсаалтаас нийт медалийн тоогоороо 32-т бичигдэх юм. Энэ нь Рио де Жанейрогийн наадамд 205 улс оролцсон гэж тооцвол “Фелпс улс” нийт улсуудын 75 хувиас нь олон медальтай гэсэн үг.

 

Мэнни Пакьяо-Мэргэжлийн бокс

 

Мэнни “Пакман” Пакьяо мэргэжлийн боксын найман жинд дэлхийн аварга болсон цорын ганц тамирчин юм. Эммануэль Пакьяо бол дэлхийн том тэмцээнүүдээс 11 удаа аварга болсон ба таван өөр жингээс дараалан аварга болсон цорын ганц боксчин.

 

Бостон Селтикс ба Билл Рассел-Сагсан бөмбөг

 

Бостон Селтикс баг 1959-1966 оны хооронд сагсан бөмбөгийн лигийг илт давамгайлж байсан юм. Селтиксчүүдийн эзэмшдэг нэг амжилт бол дараалан найман удаа NBA-ийн аварга түүнчлэн хамгийн олон удаа аварга болсон тамирчин мөн л энэ багаас гаралтай. Домогт Билл Рассел бол NBA-д 13 жил тоглохдоо 11 удаа аварга болсон цорын ганц тамирчин..

 

М.Даваажаргал “Хакухо-Шо”-Мэргэжлийн сумо бөх

 

Мэргэжлийн сүмогийн түүхэн дэх дөрөв дэх гадаад, хоёр дахь Монгол ёкозуна болох Хакухо М.Даваажаргал энэ спортод өмнө нь байгаагүй, бүр төсөөлж ч байгаагүй хамгийн шилдэг аварга билээ. 2009 онд жилийн нийт 90 барилдаанаас 86 давсан амжилт үзүүлж, энэ амжилтаа 2010 онд давтсан байдаг нь цаашид эвдэгдэхгүй байх магадлал өндөртэй. Түүнчлэн карьерийнхаа турш болон дээд зиндаанд авсан ялалтын тоо, дээд зиндаанд түрүүлсэн тоо гээд олон олон амжилт цаашид ч нэмэгдэх тул Хакухогийн амжилт гарцаа байхгүй “мөнхийн амжилт” юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.30 ДАВАА № 169 (6646)