-Польшийн тамирчин Токио-2020-ын мөнгөн медалиа хүүхдийн хагалгаанд зориулж дуудлага худалдаанд оруулжээ-

З.БАТЦЭЦЭГ

Польшийн тамирчин Мария Андрейчик ердөө хоёрдолоо хоногийн өмнө Токиогийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Тэрээр медалиа дуудлага худалдаанд оруулж, хүүхдийн амь аврахаар шийджээ. 

Андрейчик жад шидэлтээр мөнгөн медаль авсан. Энэ бол 25 настай тамирчин бүсгүйн хувьд анхны том амжилт юм. Тэрбээр хамгийн үнэ цэнтэй медалиа дуудлага худалдаагаар зарж, хүүхдийн амь аврахыг хүссэн байна. 

Найман сартай Милошек Мальшед зүрхний хагалгаа хийх шаардлагатай байгаа бөгөөд уг хагалгааг АНУ-ын Стенфордын их сургуульд л хийх боломжтой юм.Хагалгааны өртөг 250 мянган доллар. Энэ зардлын тэн хагас болох 125 мянган ам доллараар Андрейчикмедалиа зарах хүсэлтээ илгээжээ. 

Тамирчин өөрөө хэлэхдээ шагнал чухал биш, хамгийн гол нь тэр ялалт байгуулсан нь чухал гэв. “Энэ медалийн үнэ цэн миний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ. Медаль өөрөө бол зүгээр эд зүйл, харин үүний тусламжтайгаар өөр хүнд тус болж болох юм. Энэ медаль шүүгээнд тоосонд даруулж хэвтэхгүй, хүний амь аварна. Тиймээс би дуудлага худалдаанд оруулахаар шийдсэн. Милошек зүрхний хүнд өвчтэй, түүнд хагалгаа шаардлагатай байна. Кубус гэх хүү харамсалтай нь эдгэж чадаагүй, тиймээс түүний эцэг, эх Милошекд хүүгийхээ эмчилгээнд цуглуулсан мөнгөө өгөхөөр шийдсэн. Би ч бас тус болмоор байна. Түүний төлөө би Олимпийн медалиа өгөхөд бэлэн” гэж Андрейчик Польшийн телевизд өгсөн ярилцлагадаа хэлжээ. 

Андрейчик хүнд өвчний талаар сайн мэднэ. Тэр өөрөө ясны хорт хавдартай гэж 2018 онд оношлогдсон бөгөөд өвчинтэй тэмцэн ялж, спортдоо эргэж ирсэн нэгэн. Риогийн Олимпийн үеэр түүнд хүрэл авахад 2см дутсан. Харин Токио-2020 үеэр түүний мөрөөдөл биелжээ. 

Дуудлага худалдаа амжилттай явагдаж Польшийн Zabka хүнсний сүлжээ дэлгүүр медалийг худалдан авч, 125 мянган долларыг Милошекд шилжүүлжээ. Компани тамирчин бүсгүйн сайхан сэтгэлийг ихэд үнэлж, медалийг эзэнд нь эргүүлэн өгчээ. Харин бяцхан Милошек хүү одоо АНУ явж хагалгаанд орохоор болжээ. Олимпийн медальт тамирчны сайхан сэтгэлийн ачаар хагалгаанд шаардлагатай мөнгө хурдан цугларсан байна. 

Эх сурвалж: www.polit.mn