Д.ДАРАМБАЗАР

“Токио-2020" зуны олимпийн наадамд амжилттай оролцож, медаль авсан тамирчдад олгох шагнал, урамшууллын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэл өглөө. Тэрбээр "Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарыг Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл нь хүлээн авч гурван өрөө байр өгсөн. Мөн М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар, С.Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин цол, орон сууц олгох талаар Засгийн газрын хурлаар орж дэмжигдсэн. Тамирчдын тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дууссан учир Ерөнхийлөгч энэ сарын 25-нд хүлээн авч тамирчдад цолыг нь гардуулна. Дараа нь 12:30 цагт Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг нь олгохоор товлосон. Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, түүнээс гадна ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүр гурван сая төгрөгийг олгоно" гэв.

Улсын шигшээ багийн тамирчдын цалин 700 мянган төгрөг болж нэмэгджээ. Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны дарга гэх албан тушаалыг аваад таван жил болсон. Энэ хугацаанд хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгч байгаагүй. Харин олимпод манай баг тамирчид тодорхой хэмжээний амжилт гаргасан болохоор өмнө нь ирж байсан олон асуултад ДАШТ дууссаны дараа албан ёсоор хэвлэлд ярилцлага өгнө гэдгээ Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц энэ үеэр мэдэгдлээ.

Эх сурвалж www.polit.mn