Б.ДОЛЖИНЖАВ

 

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа “Токио-2020” олимпод чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Монголын тамирчин М.Дэлгэрхүү болон тус олимпоос алт, хүрэл медаль хүртсэн Их Британийн усанд сэлэлтийн тамирчин Tom Daley нарыг онцолж байна.

 

“Ганцхан энэ амьдралдаа чадах бүхнээ хийх хэрэгтэй”

Токиогийн олимпийн эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж, 43 дугаар байрт шалгарсан М.Дэлгэрхүү УАШТ-ий 19 алт, долоон мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн юм. Тэрбээр 1996 оны есдүгээр сарын 21-нд Эрдэнэт хотод төрсөн бөгөөд  долоон настайдаа анх сэлж сурчээ.Шантарсан үедээ ганцхан амьдрах энэ амьдралдаа чадах бүхнээ хийх хэрэгтэй гэж бодож өөрийгөө зоригжуулдаг М.Дэлгэрхүү “Ээж маань бүх зүйлд намайг чадна гэж урамшуулдаг. Тамирчин хүн учраас хожигдоно, унана, шантарна. Тэр бүрд ард нь ээж минь байдаг. Тэмцээн бүрийн ард намайг зоригжуулдаг хамгийн шилдэг сэтгэлзүйч бол миний ээж” гэж ярьжээ.Харин түүний ээж Б.Сарантуяа “Хүү маань анх долоон настайдаа сэлж сурсан ч хэсэг завсарлаад14 насанд хүрээд бассейнд явж эхэлсэн. Бассейнд явуулахгүй байх үед жоохон хүүхэд  мөртлөө “Ээж ээ, та ч ирээдүйн олимпийн аваргыг ч боож байна даа” гэж инээдэг байсан юм. Гэтэл одоо ингээд олимпд оролцлоо.Жаахан хүүхэд учраас живчихнэ гэж аав нь их айдаг. Гэхдээ өөрөө усанд сэлэх маш их дуртай учраас ааваасаа нууж бэлтгэлээ хийдэг. Аавыгаа ажлаа тараад ирэхээс нь өмнө бэлтгэлийн цүнх, сэлэлтийн хувцсаа гялс нуучихдаг байсан. Одоо бол аав нь маш сайн дэмжиж, бэлтгэлээ битгий таслаарай гэж байнга захидаг.Ер нь хүүхэд юунд дуртай байна тэрийг нь маш сайн дэмжиж хөгжүүлж байх нь ээж, аав нарын хувьд маш чухал.Олимпд түрүүлэх нь биш оролцоно гэдэг чинь маш том амжилт” гэв.

Эмэгтэйчүүдийн харцыг булааж олон нийтийн сүлжээнд олимпийн туршид яригдсан тэрбээр усанд сэлэлтийн спортдоо ямар их хайртайг нь дээрх ярианууд баталж байна. Үүнээс гадна олимпийн бэлтгэлээ хийх бассейн байхгүй байсан учир Туул, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон голуудад сэлж, бэлтгэлээ хангаж байсан юм. Түүний хайртай тамирчин нь Бразилийн усанд сэлэлтийн тамирчин Сезар Сьело юм. Тэрбээр 2019 оны арваннэгдүгээр сард “Олон улсын хэмжээний мастер” цолоо хүртжээ.

 

Олимпийн аварга, нэхмэлчин Tom Daley

Токиогийн олимпийн эмэгтэйчүүдийн усанд шумбалтын тэмцээний үеэр цамц нэхэж сууж байгаа дүр зургаараа олон нийтийн хэвлэлүүдийн анхааралд өртсөн Английн усанд сэлэлтийн хамгийн алдартай тамирчдын нэг, ЛБГТИК+ хүмүүсийн эрхийг хамгаалагч, нэхмэлчин Том Далей 13 настайдаа Бээжингийн олимпод оролцож байв. Энэ жилийн олимпоос алт, хүрэл медаль авсан тэрбээр  16 жилийн өмнө “BBC” агентлагт “Би олимпод оролцож, алтан медаль авмаар байна. Хэрэв алтан медаль авч чадахгүй бол дараагийнхад нь дахин оролцож, болохгүй бол дахин оролдсоор авахдаа л нэг авах болно” хэмээн ярьж байв.Токиогийн олимп бол Далейн оролцсон дөрөв дэх олимп юм.

Алтан медаль авсан тухайгаа  Том Далей “Би Риогийн олимпоос алтан медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч бүх зүйл талаар болсон ч гэр бүл минь надад их тус болсон. Ялангуяа нөхөр минь миний амжилтад хүрэх зам дуусаагүй гэдгийг үргэлж сануулан намайг тайтгаруулж байв. Уг нь хүү Робби маань аавынхаа алтан медаль авахыг дэргэдээс нь үзэх учиртай байлаа. Гэхдээ нөхцөл байдлаас болоод тэд намайг зурагтаар л үзсэн. Хэдий тийм ч хүү минь надаар их бахархаж байгаа гэсэн” гэж ярьжээ.Далей  2013 онд албан ёсоор өөрийн бэлгийн чиг хандлагаа зарласан  бөгөөд түүний нөхөр  нь Оскарын шагналт кино зохиолч, продюсер Дастин Ланс Блак юм.

ЛБГТИК+ хүмүүсийн томоохон төлөөлөл болж, олимпоос алт авсан тэрбээр  “Би жаахан байхдаа өөрийгөө гадны хүн, бусдаас дэндүү өөр гэж боддог байлаа. Нийгмийн хүссэн хүн байж чадахгүй байгаа хүү ирээдүйд хэн ч биш болох юм шиг санаж байв. Харин одоо бол ЛБГТИК+хүн олимпод өрсөлдөж, тэр байтугай алтан медалийн эзэн болж чадаж байгааг харуулсан минь олон хүүхдэд итгэл найдвар бэлэглэж, юунаас ч айх хэрэггүйг ойлгуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Чи хэн ч байлаа гэсэн, чи хаана ч төрсөн хамаагүй чи олимпын алтан медальтан болж чадна. Учир нь би чадлаа”  гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.19 ПҮРЭВ № 162 (6639)