Б.ДЭМБЭРЭЛНЯМ
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж үндэсний их баяр наадам хойшилсон. УОК задгай талбайд 128 бөх барилдахыг долдугаар сарын 24-ний хуралдаанаар зөвшөөрсөн. Энэ шийдвэрийг үндэслэн Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ аймгуудын бөхийн холбоодод үндэсний бөхөөр хичээллэж цол амжилтын төлөө яваа залуусын хөдөлмөрийг үнэлэж эрэмбэ тогтоож, цол олгох 128 бөхийн барилдаан зохион байгуулах санал хүргүүлсэн. Аймгууд саналыг хүлээн авч цол олгох барилдааныг зохион байгууллаа. Мөн Ховд аймагт “Баруун бүсийн хурд” уралдаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулсан. Барилдаануудын талаарх мэдээлэл, дүгнэлтийг нэгтгэсэн тоймыг хүргэж байна.
Ховд аймгийн цол олгох барилдаан
Ховд аймагт наймдугаар сарын 6-нд аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа. Тус барилдаанд Ховд аймгийн харьяат аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд зодоглосон. Ховд аймгийн Булган сумын харьяат, олон улсын хэмжээний мастер, сумын заан Г.Ганхуяг энэ наадмын чимэг нь байлаа. Начны даваанд улсын цолтнуудын халгаа аймгийн харцага Б.Сосорбарамтай тунасан. Уран хурц барилдаантай хоёр хүчтэн цолны даваанд тунасан нь үзсэн хүн ч халгамаар. Барилдаан эхлээд удаагүй байхад Г.Ганхуяг баруун хөлийг нь авч дэрлэж давж аймгийн цолтны босгыг алхлаа. Тавын даваанд тунаж цолонд хүрнэ гэдэг бөх хүний бахдам сайхан амжилт төдийгүй олон түмний хайр хүндэтгэлийг татдаг. Г.Ганхуяг уран хурц барилдаанаараа үзэгчдийг өндөлзүүлсээр түрүүлж үхэр жилийн ууган аймгийн арслан болсон. Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан М.Баяржавхлан 20 насандаа аймгийн начин цолонд хүрч том цолтон болох ирээдүйтэйгээ харууллаа.
“Баруун бүсийн хурд” уралдаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан
Ховд аймагт зохион байгуулсан “Баруун бүсийн хурд” уралдаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан энэ сарын 9-нд болсон. Тус барилдаанд Ховд, Говь-Алтай, Булган аймгийн 96 бөх барилдлаа. 2021 оны анхны улсын алдар цолтой бөхчүүдийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн юм.
Дорнод аймгийн цол олгох барилдаан
Дорнод аймагт зохиосон барилдаан олны дунд шуугиан дагууллаа. Энэ барилдаан Ховд аймагт болсон цол олгох барилдаанаас ялгаатай нь улсын цолтой бөх зодоглохыг зөвшөөрсөн юм. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын харцага Д.Анар түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэсэн.
Хөвсгөл аймгийн цол олгох барилдаан
Хөвсгөл аймгийн цол олгох барилдаан бөхчүүдийн бүртгэлээс эхлээд их асуудал дагуулсан. Улсын цолтой бөхчүүд барилдах эсэх дээр удтал маргалдсаны эцэст бөхчүүдийг бүртгэж барилдахаар болсон юм. Хөвсгөл аймгийн цол олгох барилдаанд илт худлаа барилдах, өрсөлдөгчөө үл хүндэтгэж цохих, түлхэх ёс бус үйлдэл хийж үндэсний бөхийг нийгэмд буруугаар таниулсан учраас хүчингүйд тооцсон. Мөн МҮБХ-оос худлаа барилдсан болон үндэсний бөхийн ёс, дүрэм журмыг зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн.
Сэлэнгэ аймгийн цол олгох барилдаан
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд цол олгох барилдаанд даваа болгоны дараа наадмын талбайг ариутгаж, халдвар хамгааллын дэглэм баримталж буйгаараа бусад аймгаас онцлог байлаа. Бөхчүүдийн бүртгэл, оноолт, барилдаан маргаангүй, шударга болсон нь бусад аймагт жишээ болохуйц байсан юм. Энэ барилдаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, аймгийн арслан Д.Төрболд түрүүлж аймгийн хурц чимэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, сумын заан О.Төрбат үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангасан. Гэвч энэ барилдааныг аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын зөвшөөрөлгүй зохиосон учраас хүчингүй болгож түрүүлж, үзүүрлэсэн болон тав давсан бөхчүүдийн цол чимгийг олгохгүй болсныг Сэлэнгэ аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Т.Өсөх-Ирээдүй өчигдөр мэдэгдсэн.
Архангай аймгийн цол олгох барилдаан
Архангай аймгийн цол олгох барилдаанд 17 аймгийн арслан зодоглож сумын харцага, начин цолтой болон залуу бөхчүүд бөхийн тоо гүйцснээс барилдаж чадсангүй. Арван засгийн наадмаас хүчит бөхчүүдээрээ алдартай Архангайн наадам аргагүй чансаатай болж нэгийн даваанаасаа бөхийн өргөөнд шуугиулж барилддаг сумын заанууд хоорондоо таарч үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байлаа. Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн харцага Б.Батсайхан түрүүлж аймгийн арслан цол, Жаргалант сумын харьяат, аймгийн нэмэх начин Б.Энх-Амгалан үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Энэ барилдаанд аймгийн шинэ цолтон төрөөгүй нь Архангайд цол авна гэдэг амаргүй даваа гэдгийг баталсан юм. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбат аймгийн арслан Д.Ням-Очир, Х.Мэндбаяр, П.Баярхүү, аймгийн заан Э.Мөнхбат нарыг дараалан өвдөг шороодуулж начны даваанд гарсан. Начны даваанд түрүү бөхтэй тунаж өвдөг шороодсон ч өөрийгөө бие бялдар, арга барил хэр хэмжээнд өсөж дэвжсэнээ харууллаа.
Баянхонгор аймгийн цол олгох барилдаан
Баянхонгор аймгийн цол олгох барилдаан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Т.Дүүрэнсаран түрүүлж аймгийн арслан цол, Богд сумын харьяат, сумын заан Э.Өлзийбаяр үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Их шөвгийн дөрөвт Баянлиг сумын аймгийн арслан Ч.Алтангэрэл, Хүрээмарал сумын харьяат, аймгийн арслан Г.Жамбалдорж нар үлдсэн. Баянхонгор аймгийн баяр наадмын түрүү бөхийн тааварт байсан 20 настай аймгийн заан Э.Батмагнай тавын даваанд аймгийн арслан Ч.Алтангэрэлд өвдөг шороодсон байна.
Говь-Алтай аймгийн цол олгох барилдаан
Цар тахалтай үед баяр наадмаа зохион байгуулсан анхны аймаг Говь-Алтай боллоо. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадам энэ сарын 14,15-нд Алтай хотод үзэгчгүй зохион байгуулагдсан. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, аймгийн арслан Э.Даваажаргал түрүүлж хурц чимэг, Халиун сумын харьяат, аймгийн арслан Б.Отгонбаатар үзүүрлэсэн. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, сумын заан М.Өгөдэй уран хурц барилдаан гаргаж тав даван аймгийн начин цолны болзол хангасан юм.
Долоон барилдаанаас гурав нь цуцлагдлаа. Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн цол чимгийг тооцохгүй болсон. Аймгийн арслан дөрөв, аймгийн заан хоёр, аймгийн начин гурав төржээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.17 МЯГМАР № 160 (6637)