Ч.ЗОТОЛ

 Соёлын яам,  Засгийн  газрын  хэрэгжүүлэгч  агентлаг  Соёл,  урлагийн газар, ШУА-ийн  Хэл  зохиолын  хүрээлэн,  МЗЭ, Чөлөөт  зохиолчдын  эвлэл  хамтран  үндэсний  зохиолч,  яруу найрагчид,  шүүмж судлаачдын  дунд  утга,  уран  зохиолын  шилдэг  бүтээлийн  уралдаан зарлаж, бүтээлийг  энэ сарын 15 хүртэл хүлээж авахаа мэдэгдсэн. Тэгвэл энэ хугацааг  30-ныг хүртэл   болгож хойшлууллаа.

 Уралдааны  зорилго  нь  түүхэн  ялалт  авчирсан  1921  оноос  хойшхи 100  жил Монгол  Улс  тусгаар  тогтнол,  газар  нутгийн  бүрэн  бүтэн  байдлаа  бататган  хамгаалж,  үндэстний  хувьд  сэргэн  мандаж,  нийгэм,  улс  төр,  эдийн  засгийн  бүх  салбарт  их  бүтээн  байгуулалт  өрнүүлсэн  ололт  амжилт,  хөгжил  дэвшлийн  түүх,  монголчуудын  туулсан  бартаатай  боловч  бахархам  амьдралын  замналыг  уран  сайхнаар  туурвин  илэрхийлэх, шинэ  уран  бүтээлч,  залуу  авьяастныг  тодруулах,  XXI  зууны  Монголын  уран  зохиол,  түүний  сан хөмрөгийг  шилдэг  бүтээлээр  баяжуулахад  чиглэжээ.

 Мөн  соён  гэгээрүүлэх,  үндэсний  бахархал  төрүүлэх,  1921  оны  эрх  чөлөө,  тусгаар  тогтнолын  төлөө  ардын  хувьсгалын  100  жилийн  түүхэн  ач  холбогдлыг  тусган  илэрхийлсэн  утга  агуулгатай,  эх  хэлний  яруу  найруулга,  уран  дүр, өвөрмөц  дүрслэлийн  өндөр  хэмжээнд  бичигдсэн,  уран  сайхны  шинэ  нээлт  болохуйц  бүтээл  туурвилыг  олшруулах,  шилдгийг  шалгаруулах,  орчин  цагийн  Монголын  уран  зохиолын  хөгжлийг  дэмжих  үүднээс  тухайн  сэдэвт  хамаарах  бүтээлүүдийг  олон  нийтэд  хүргэх,  утга  зохиолын  шүүмж  судлалыг  хөгжүүлэх,  хөхиүлэн  дэмжих,  зохиолч,  яруу  найрагчдын  туурвин  бүтээх  үйлсийг  өргөмжлөн  урамшуулах ,шилдэг  бүтээлийг  үнэлж  цэгнэхэд  олон  нийтийн  оролцоог  нэмэгдүүлэх  зэрэг  зорилтыг  тавьсан байна.

Уралдаанд  ирүүлэх  бүтээлүүд  нь  эх  орон,  тусгаар  тогтнол,  хүний  эрхэм  дээд зан  чанар,  ёс  зүйг  дүрслэн  үзүүлсэн,  шинэлэг,  уран  сайхны  үнэ  цэнтэй байх, 100  жилийн  түүхэн  үйл  явдлыг  үнэлж  дүгнэх  бус,  уран  сайхны  сэтгэлгээ,  нээлт,  ур  чадвар,  зохиомж,  найруулга,  үйл  явдал,  учир  зүй,  дүр  дүрслэлийн  өндөр  төвшинд  эх  хэлний  дээд  найруулгаар,  хэлзүйн  алдаа  мадаггүй  бичигдсэн  байх  шаардлагатай.  Шүлэг,  найраглал, өгүүллэг,  тууж,  роман  болон хүүхдэд  зориулсан  жүжгийн  зохиол  нь  нийтийн  хүртээл  болоогүй  байх,  уран зохиолын  шүүмжийн  төрөлд  ирүүлэх  бүтээл  нь  үндэсний  уран  зохиолын бүтээлүүдэд  онолын  үндэслэл,  шүүмжлэгчийн  байр  сууриас  бодитой  хандсан, зөв  зүйтэй  үнэлэлт,  задлан  шинжлэл,  тайлбар  бүхий  шинэ  болон  сүүлийн гурван  жилийн  хугацаанд  ном,  сонинд  зэрэгт  хэвлэгдсэн  байж  болно гэж заажээ.

Уралдааныг  туурвил  зүйн  онцлогоос  нь  шалтгаалж:

Нэг.  Яруу  найргийн  төрөл:  Шүлэг,  найраглал

Хоёр.  Үргэлжилсэн  үгийн  төрөл:  Өгүүллэг,  тууж,  роман

Гурав.  Хүүхдэд  зориулсан  жүжгийн  зохиол

Дөрөв.  Уран  сайхны  шүүмжийн  бүтээл

гэсэн  үндсэн  дөрвөн хэсэгт  нийт  долоон  ангиллаар  зохион  байгуулж, мэргэжлийн  шүүгчдийн  баг  дүгнэн  шилдэг  бүтээлүүдийг  шалгаруулах юм.

Шүлэг,  найраглал,  өгүүллэгийг   энэ сарын   30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авах юм байна.  Холбогдох утасны дугаар: Утас:976-11 264947, 80937766

Эх сурвалж. www.polit.mn