А.НОМИНБИЛЭГ
Дуу хөгжим зөвхөн чихэнд сонсогдоод өнгөрөх төдий зүйл биш. Хөгжим амьдралын хэв маяг, мэдрэмж, илэрхийлэл, үзэл бодлыг цогцоор нь шингээсэн талбар. Үүнтэй хамт залуусын сэтгэл мэдрэмж хөглөгдөн, өөрийгөө олон талаар нээн хөгжүүлэх болсон. Амьдралынхаа туршид ганц зүйлийн араас хөөцөлдөх бус салбар бүрт хүч үзэх боломжтой гайхалтай нийгэмд бид оршиж байна. Тэгвэл олны дунд “Анагаахын дууч шувуухай” хэмээн нэрлэгддэг “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Г.Эрмүүнтэй ярилцлаа.
-“Voice of Mongolia” шоунд оролцож, олны хайр хүндлэлийг хүлээснээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байлаа. Үзэгч, сонсогчид шинэ уран бүтээл хэзээ гарах бол хэмээн сэтгэл догдлон хүлээж байгаа байх. Энэ хугацаанд хийсэн ажлаасаа дурдвал?
-Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. “Voice of Mongolia” шоу өндөрлөснөөс хойш жил хагасын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд миний амьдралд олон шинэ боломж гарч ирсэн. Үүний нэг нь “On and off” продакшнтай хамтран бие даасан уран бүтээл дээрээ ажиллаж байгаа. Тун удахгүй шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчиддоо хүргэх болно.
-Дуугаараа хүмүүст юу илэрхийлэхийг зорьдог вэ. Ямар чиглэлээр дуулах дуртай вэ?
-Миний хувьд дуу хөгжим гэдэг сонсоод өнгөрөх зүйл биш. Таныг илэрхийлэх хэв маяг, дотоод ертөнц гэж боддог. Тиймээс олон төрлийн жанраар дуулж үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгж байж өөрийгөө яг хэн бэ, юунд дуртай вэ. Үзэгчдэд хүргэхийг хүссэн илэрхийлэмж маань юу вэ гэдгээ мэдэж авдаг юм шиг ээ. Миний хувьд залууст илүү эрч хүч, чөлөөт мэдрэмж бэлэглэх үүднээс поп чиглэлийн дуунууд хийж байгаа.
-Орчин үед ихэнх уран бүтээлч өөрсдөө дуугаа зохиодог болсон. Таны хувьд дуугаа өөрөө бичдэг үү?
-Дууныхаа үгийг өөрөө бичдэг. Шинэ уран бүтээл гаргаж, үзэгч сонсогчдын хүртээл болгоно гэдэг амаргүй даваа. Тиймээс аль болох чанартай, чихэнд сонсголонтой, шинэ содон зүйлийг эрэлхийлэхийг зорьдог.
-Аливаа нэг том алхам, чухал шийдвэрийн цаана үргэлж хэн нэгний дэмжлэг туслалцаа оршдог. Таныг урлагт хөл тавихад хамгийн их итгэж, дэмжиж байсан хүн хэн бэ?
-Гэр бүл бол миний итгэл найдвар. Хэзээ ч чамаас урвахгүй, үргэлж хайраар ундаалж байдаг хүмүүс бол гэр бүл. Мөн найз нөхөд, хамтран ажиллаж байгаа “On and Off” продакшны хамт олон гээд талархаад баршгүй олон хүн бий. Тэднийхээ дэмжлэгээр өдөр бүр урам зориг дүүрэн мөрөөдлийнхөө төлөө урагшилдаг.
-Орчин үеийн сонсогчдын чиг хандлагыг юу гэж харж байна?
-Аливаа уран бүтээлийг зөвхөн сонсоод, мэдрээд өнгөрдөг үе ард хоцорсон. Орчин үеийн залуус зураг авалт, өнгө дүрс, илэрхийлэмж, бүтэц, төсөв санхүү, ашиг орлого, зах зээл гээд бүгдийг нь нэг бүрчлэн судалдаг, мэдлэг мэдээллийн өргөн цар хүрээтэй болсон. Тэр хэрээрээ шаардлага өндөртэй болсон гэсэн үг. Залуусын итгэлийг алдахгүй, тэр хэмжээнд нь тохирсон уран бүтээл хийхийг эрхэм зорилгоо болгосон.
-Олны дунд “Анагаахын дууч шувуухай” гэж нэрлэгдээд амжсан. АШУҮИС-д гоо сайхны мэс засалч мэргэжлээр сурдаг гэсэн. Уран бүтээл хийхийн хажуугаар хичээлээ хэрхэн зохицуулж байна?
-Анагаахын сургуульд уншиж, судлах зүйл ихтэй. Тусдаа цаг гаргаж, тогтож хийхгүй л бол аргалаад өнгөрдөг зүйл биш. Зарим тохиолдолд уран бүтээл, хичээл сургууль аль аль нь цалгардах тохиолдол байдаг. Гэхдээ ар араас нь нөхөж хийгээд явдаг даа.
-Цаашдаа мэргэжлээрээ ажиллах уу. Урлагийн чиглэлээр дагнаад явбал хэр ирээдүй байгаа гэж харж байна?
-Мэдээж мэргэжлээрээ ажиллана. Давхар уран бүтээлээ ч хийнэ гэж боддог. Аль аль салбарт нь ирээдүй байгаа гэж хардаг учир шүдээ зуугаад зүтгэнэ дээ.
-Үе тэнгийнхээ залуустаа зориулж үг хэлээч гэвэл?
-Үе тэнгийнхэн маань бүгд өөрийн гэсэн содон хэв маяг, үзэл бодолтой болсон. Мэдлэг боловсрол, үзэж харсан зүйлээрээ ч илүүрхэж байгаа гэж боддог. Тиймээс өөрийгөө зогсолтгүй хөгжүүлсээр байгаарай гэж хэлмээр байна.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүн бүрийн амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан. Таны ажил, амьдралд хэрхэн нөлөөлөв?
-Энэ цар тахлын үед хүн бүрийн амьдралд их, бага хэмжээгээр өөрчлөлт орж байгаа байх. Миний хувьд саяхан ковидын халдвар аваад эдгэрсэн. Бие биеэ илүү их хайрлах цаг хугацааг цар тахлын нөхцөл байдал олгож байгаа юм болов уу гэж бодож байна. Бусдаар миний амьдралд нэг их өөрчлөлт гараагүй.
-Таны цаашдын зорилго, алсын хараа юу вэ?
-Миний ойрын зорилго бол мэдээж шинэ уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхийг тэсэн ядан хүлээж байна. Мөн энэ жил их сургуулиа төгсөнө. Оюутан нас минь дуусч, амьдралын хөлгүй их далайд аялах гэж байгаа тул ололт амжилт дүүрэн сургуулиа төгсөхийг хүсэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.12 ПҮРЭВ № 157 (6634)