Т.САЙХАН
"Токио-2020" олимпийн наадам хөшгөө хаалаа. Олимпийн наадамтай холбоотой тоон мэдээллийг тоймлон хүргэж байна.
0
Коронавирусийн тархалтаас болоод олимпийн наадам огт үзэгчгүй явагдлаа. Зөвхөн дасгалжуулагч, багийн гишүүд, албаны цөөн хэдэн хүн л тамирчдыг дэмжиж байв. Олимп үзэгчгүй болсон нь зардлынхаа тодорхой хэсгийг тасалбарын борлуулалтаас нөхөх төлөвлөгөөтэй байсан зохион байгуулагчдад том цохилт болсон юм. Түүнчлэн олимпод зориулж эртнээс бэлдсэн Токиогийн зочид буудал, зоогийн газрын салбар санхүүгийн томоохон алдагдалд орж магадгүйг Номура судалгааны байгууллага тооцоолсон байна.
17
Цар тахлын хөл хорионоос шалтгаалаад тамирчдын бэлтгэл сургуулилт тааруу байх болов уу гэж таамаглаж байсан ч олимпийн үеэр дэлхийн дээд амжилт 17 удаа эвдэгдлээ. Сэлүүрт завины төрөлд хамгийн олон буюу таван дээд амжилт шинэчлэгдсэн байна.
33
Олимпийн тамирчид спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдлөө. Каратэ, скэйтборд, серфинг, спорт авиралт гэсэн дөрвөн шинэ спорт олимпийн хөтөлбөрт анх удаа багтав. Түүнчлэн 3х3 сагсан бөмбөг, BMX дугуйн фристайл төрөл, налуу замын дугуйн буухиа уралдаан зэрэг шинэ төрлүүд олимпийн хөтөлбөрт оров. Япончуудын хайртай спорт бэйсбол, софтбол 13 жилийн дараа олимпийн хөтөлбөрт дахин багтав. Гэхдээ энэ хоёр төрөл каратэгийн хамтаар “Парис-2024” олимпийн хөтөлбөрт орохгүй юм.
47
Олимпийн цэнгэлдэхийг Японы бүх 47 мужаас авчирсан модоор хийсэн байна.
48
Нийт тамирчдын 48 хувь нь эмэгтэй байснаар “Токио-2020” жендэрийн хувьд хамгийн тэнцвэртэй олимп болов. Түүнчлэн түүхэнд анх удаа бүх спорт эмэгтэй төрөлд медальтнуудаа тодруулсан юм.
62
Зургадугаар сарын 21-нд явуулсан санал асуулгаар япончуудын 62 хувь буюу бараг гуравны хоёр нь олимпийн наадам зохион байгуулахыг эсэргүүцэж байв. Харин явцын дунд эсэргүүцэгчдийн хувь арай багасаж, 48 хувь болжээ.
20,000
Тамирчдыг өдөр бүр коронавирусийн шинжилгээнд хамруулж байсан бөгөөд хариу нь эерэг гарсан тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй тусгаарлаж байв. Наадмын үеэр өдөр бүр 20 мянга орчим шинжилгээ хийсэн болохыг Зохион байгуулах хорооноос мэдээллээ.
160,000
Хэдийгээр зохион байгуулагчид тамирчдыг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, бусдаас зай барихыг сануулж байсан ч 160 мянган бэлгэвч үнэгүй тарааж өгөв.
6.2 сая
Олимпийн наадмын 5000 медалийг бүгдийг нь дахин боловсруулсан металлаар хийсэн бөгөөд эдгээр металлыг зөөврийн компьютер, лаптоп, дижитал камер, ухаалаг утас зэрэг 79 мянган тонн цахилгаан хэрэгслээс гаргаж авсан байна. Японы цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүд, сургуулиуд, олон нийтийн зүгээс 6.2 сая хуучин гар утсыг хандивлажээ.
Риогийн олимпийн тухайд мөнгө, хүрэл медалийн орцын 1/3 орчмыг дахин боловсруулсан металл эзэлж байв.
15.4 тэрбум
Олимпийн наадмын нийт төсөв 15.4 тэрбум ам.долларт хүрсэн болохыг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тооцоолжээ. Гэхдээ Японы Засгийн газраас хийсэн хэд хэдэн шалгалтын дүнгээс харвал олимпийн наадмын нийт төсөв үүнээс хоёр дахин их байж магадгүй байна.
Зохион байгуулагчид коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд л гэхэд 900 сая ам.доллар зарцуулсан байна. Зохион байгуулагчид төрөл бүрийн баннер, маскот хийх, салют буудуулах зэрэг үнэтэй нэмэлт зардлуудыг хасаж танасан тулдаа төсөв ийм гарчээ.
Эх сурвалж:www.polit.mn