Ч.ЗОТОЛ

Монголын боксчдоос Токиогийн олимпийн рингэнд  ганцаараа тунаж үлдсэн  гавьяат тамирчин Э.Цэндбаатар  өнөөдөр Монголын цагаар 16:48  цагт  ОХУ-ын тамирчин Алберт Батыргазиевтай медалийн төлөө тоглоно.

Олон улсын спортын мэргэжилтнүүд Монгол Улсыг боксын төрөлд нэг медаль авна хэмээн урьдчилан таамагласан. Тэгвэл Оросын спортын мэргэжилтнүүдийн зүгээс Э.Цэндбаатарын тоглолтуудыг бүрэн судалсан хэмээн сэтгэлзүйн дайралт хийж  байгаа юм.

Алберт Батыргазиевын хувьд  мэргэжлийн рингэнд гурван тулаан хийж, өрсөлдөгчөө  хүнд цохилтоор ялсан. 2019 онд сонирхогчийн боксын дэлхийн аваргын тэмцээнээс  шагналт байрт орсон.  Олимпийн аварга болчихоод мэргэжлийн бокс руу  орох   амбиц тээж яваа тамирчин гэдгийг спортын тоймчид бичжээ.

Манай тамирчин  Э.Цэндбаатар бол өрсөлдөгчөөсөө дутахгүй хүнд цохилттой, ямар ч учраа таарсан шантрах,  бэргэх юмгүй зоригтой дайчин,  рингэнд гарахдаа хэнтэй яаж тоглохоо өөрөө сэтгээд шийдчихдэг  тулаанч.  Түүний хувьд   Рио-2016 олимпийн шагналт байрт шалгарч,  ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Азийн наадмын аварга, 2021 оны Ази тивийн  аварга болсон.  Монголын ширэн бээлийтнүүдийн алдрыг залгамжлах ирээдүйтэй, ийм итгэлийг монголчуудынхаа өмнө  хүлээсэн  тулаанч билээ.

Өнөөдрийн тоглолт хоёр тамирчны хэн нь медаль хүртэж, хэн нь хоосон хоцрохыг шийдэх учраас амаргүй тулаан болох нь ойлгомжтой.

Эх сурвалж:www.polit.mn