Ч.ЗОТОЛ

“Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээн  Монголын цагаар 10.30 цагт сумо бөхийн “Кокүгикан”  ордонд эхэллээ. Өнөөдөр манай хоёр  тамирчин тулалдахаас эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд  Мөнхбатын Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн боксчин  Лоурен Луиза Прайстай тулалдаж ялагдлаа.

Токиогийн олимпод Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд  Э.Цэндбаатар, 63 кг-ийн жинд  Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд  М.Мягмаржаргал нар оролцсоноос М.Мягмаржаргал. Б.Чинзориг нар ийнхүү тэмцээнээ дуусгалаа.

ОУХМ М.Мягмаржаргалыг ялсан Уэльс гаралтай  боксчин  бүсгүй 27 настай,  2019 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга, тивийн АШТ-ий гурван хүрэлтэй дэлхийн шилдэг тамирчин юм байна. Тэрээр үнэхээр дэлхийн чансааг тэргүүлэгч, хүчтэй, хурдтай тамирчин гэдгээ харуулж манай боксчинг илт илүүрхэн шүүгчдийн саналаар 5:0-ээр ялав.

ОУХМ М.Мягмаржаргалын хувьд Монголын эмэгтэй боксын тамирчдаас хамгийн анх олимпын эрх авч, Токиогийн олимпын ринг дээр тулалдсан тамирчин гэдгээрээ Монголын боксын түүхэнд тодоор бичигдэх юм.

Өнөөдөр 18.06 минутаас эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд  гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар Вьетнамын  боксчин Нгуен Ван Донгтой энэ олимпын  хоёр  дахь тулаанаа хийхээр рингэнд гарна.

Эх сурвалж: www.polit.mn