Т.САЙХАН

Манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар  хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Артур Маргэлидонтой барилдаж ялалт байгуулсан.  Ийнхүү энэ удаагийн олимпын наадмын Монголын болон жүдочдын хоёр дахь хүрэл медалийг хүртлээ. Тэрбээр ялалтынхаа дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгчээ.  Энэ үеэр "2016 оны олимпод ялагдсандаа өөртөө бурууг өгсөн. Өнөөдрийг хүртэл миний зорилго ганцхан дэлхийн аварга, ганцхан гран при байгаагүй. Би аварга болно гэж бодож байсан ч чадсангүй. Тэнгэрт суугаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ бэлэг барьж чадлаа. Ханьдаа болон намайг төрүүлж өсгөсөн ээждээ бяцхан хүүдээ, анхны багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл нэгээр тогтоогүй. Миний оргил хаана вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр би өөрийнхөө 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна гэж бодож ирсэн. Хэдэн удаагийн олимпийн аварга, ямар аварга байх нь ерөөсөө хамаагүй. Намайг тусалж, дэмжсэн хүмүүстээ болон анхны багш Шийрэв багшдаа, аав ээждээ, гэр бүлийнхэндээ, ханьдаа, хүүдээ, шигшээ багийн ах дүү нар, бэлтгэл хангахад тусалсан Даваасүрэн ахдаа гээд маш олон хүндээ баярлалаа. Би чадсандаа баяртай байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn