Ч.ЗОТОЛ
Олимпийн нээлтэд өмссөн Монголын баг тамирчдын хувцас япончуудын анхаарлыг татаж, тэд “гайхалтай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Токио-2020 олимпын наадамд оролцох манай баг тамирчдын спортын болон ёслолын парадад өмсөх хувцсыг монгол үндэсний өв, соёл уламжлал, хөгжил дэвшлийг илэрхийлсэн өнгө төрхөөр “Мишээл-Амазонка” компани бүтээсэн юм.
Манай тамирчдын хувцасны хээ нь гүн гүнзгий утга агуулгатай юм. Тодруулбал, монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл, шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болсон давхиж буй морийг цан хөмрөг татуулсан байдалтайгаар дүрслэн монгол үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээжээ. Үүлэн хээний утга агуулга нь дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн хүн бүр зол жаргалтай аж төрөхийг бэлгэдсэн зол жаргалын хээ гэж үздэг юм байна. Энэ хээг хөх өнгийн дэвсгэр дээр алтан өнгийн утсаар гараар хатгаж урлажээ.
Эх сурвалж. www.polit.mn