Ч.ЗОТОЛ
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, энэ хугацаанд газар хөдлөлт, коронавирусын хүнд хувилбарууд гээд олон сорилтыг давсан Токиогийн олимп Монголын цагаар өчигдөр 19.00 цагт нээлтээ хийж галт бамбараа асаалаа.
Монголын баг 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр олимпийн нээлтийн ёслолд 191 дүгээрт жагссан юм. “Мишел Амазонка”-гийн урласан Монголын тамирчдын хувцас өнгөлөг, загварлаг байгааг япончууд онцолж байлаа. Энэ удаагийн олимпийн бас нэг онцлог нь анх удаа эмэгтэй тамирчин Монголын багийн тугийг залсан юм.
Япончууд олимпийн нээлтийн техник технологийн дэвшил болон ёс заншилтайгаа уялдуулан өвөрмөц байдлаар хийсэн бол галт бамбарыг цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл болсон эмч, сувилагч хоёр болон жүдо, чөлөөт бөхийн аварга Тадахиро Номүра, Саори Ёшида, бейсболын домогт тамирчин Шигео Нагашима, Садахару О.Хидеки Мацуи нар оролцож Японы теннисний шинэхэн од, дэлхийн чансааны тэргүүнд бичигдэж байсан Наоми Осака асаав. Ийнхүү бараг хоёр жил шахам цар тахлын айдас хүйдэст автаад байсан дэлхий Токиогийн олимп руу анхаарал хандуулаад байна. Улс орнууд олимпийн наадмыг цар тахлын аюулыг ялан дийлэхийн бэлгэдэл хэмээн үзэж байна.
Эх сурвалж. www.polit.mn