З.БАТЦЭЦЭГ
Зохиолч Олег Рой хүүхдүүдийг яаж номонд дуртай болгох, яагаад Оросын зохиолчид эх орондоо номоо хэвлүүлэхэд хэцүү талаар www.vedomosti.ru-д ярьсан байна.
Харилцаа холбооны гол зэмсэг цахилгаан бараа болж хувирснаас хойш хүүхдийг номонд дуртай болгоно гэдэг жинхэнэ бэрхшээл. Баатар, харилцааны хэл, хүрээлэн орчин өөрчлөгдөж байна. Зохиолч Олег Рой үүнээс гарах өөрийн арга замыг олж, хэд хэдэн студи нээж, өөрийн зохиолоороо хүүхэлдэйн цуврал хийж эхэлжээ. Түүний бүтээсэн хүүхэлдэйн цуврал кино олон улсын 40 гаруй шагнал хүртэн, Netflix, ivi нар худалдан авч, романууд нь англи, япон, хятад хэл дээр орчуулагдаж байна.
-Та хүүхдийн зохиол бараг 20 жил бичиж байна. Одоогийн хүүхдүүдэд ямар хэл илүү ойр, ойлгомжтой байна вэ?
-Хамгийн түрүүнд дүрслэх хэл. Орчин үеийн хүүхдүүд мэдээллийг дүрсээр хүлээж авдаг. Үүнийг бидэнд Gravity Falls, Marvel, Disney харуулж байна. Зохиолчдод энэ нь жаахан хэцүү. Уран зохиол өөрөө дүрслэх биш, аман хэлбэртэй. Зохиолчид одоо бичих хэв маягаа өөрчлөн, илүү дүрслэх тал руугаа болж байгаа. Хүүхдүүдэд түүх өгүүлэхээ болиод, тодорхой нэгэн нөхцөл байдлыг уран зохиолын хэлээр үзүүлэх болсон.
Хэл өөрөө ойлгомжтой, агуулга нь үнэ цэнтэй байх ёстой. Хариуцлагатай ээж, аав өөрөө уншаагүй, сонсоогүй номоо хүүхдүүдэд өгдөггүй. Тэгэхээр зохиолч хүүхдээс гадна бас аав, ээжид таалагдахаар бичих хэрэгтэй болдог. Өнөөдөр чухал гэж байгаа зүйлийн тухай бичихэд ээж, аав нарт таалагдахад амархан. Энэ сэдэв нь эрүүл амьдарлын хэв маяг, гэр бүлийн дулаан уур амьсгал, багаар ажиллах чадвар, уран бүтээлч чадвараа хэрэгжүүлэх. Энэ бүгдээс чиний бүтээл тогтоно.
-Дүрсжүүлэх соёл их хүчтэй хөгжиж байгаа үед аав ээж нар хүүхдээ номонд дуртай болгох улам хэцүү болж байна. Энэ тал дээр та юу зөвлөх вэ?
-Зохиолч хүний хувьд үүнийг хэлэхэд хэцүү байгаа ч, энэ бол зохиолчоос шалтгаалах зүйл биш болсон. Өөр зохиолчид, хэвлэлийхэн танд ингэж хэлэхгүй л байх. Гэхдээ энэ бодит байдал. Зохиолч, түүний өгүүлж байгаа түүх чухал ач холбогдолтой биш болсон цаг үед бид амьдарч байна. Хамгийн чухал зүйл бол номыг худалдаж авах хүсэл төрүүлэх маркетинг болсон. Харри Поттерын жишээгээр тод харж болно. Яагаад хэдэн сая хүүхдийг байлдан дагуулав? Яагаад гэвэл маркетлогчид энэ түүний эргэн тойронд бүхэл бүтэн орчлон ертөнц, франшиз бий болгосон. Дүрслэх урлаг илүү хөгжихийн хэрээр хүүхэд уншихаас улам залхуурч байна. Уншина гэдэг чинь хөдөлмөр. Номыг шимтэж, ойлгож, тунгааж уншдаг. Гэрээрээ ном уншиж, уншсанаа ярилцаж, хүүхэдтэйгээ тоглон, цааш нь ургуулан бодож, уншсан сэдвээрээ зураг зурж сураагүй гэр бүлд хүүхдийг номонд дуртай болгох хэцүү. Хүүхдийг таблетнаас салгана гэдэг бүтэхгүй санаа. Интернет гэж зүйл устаж үгүй болбол л бүтэх байх. Одоо сайтууд хүүхдийг байнгын хэрэглэгч болгож барих гэж янз бүрийн арга хэрэглэж байна. Тэд унших талаар бодохгүй байна. Бизнес талаасаа тэдний зөв л дөө. Тэд яасан гэж унших тухай бодох билээ. Унших талаар хэвлэлийн газрууд бодох хэрэгтэй. Гэвч тэд хуучин цагийн амжилтдаа ханачихаад суугаад байдаг. Тэр буруу. Тэд цаг хугацаа, хяналтыг алдаж байна. Ойрын хэдэн жилд хэвлэлийн газрыг өрсөлдөгчид нь устгахгүй, харин өөрсдийн идэвхгүй байдлаас болж устана гэдэгт итгэлтэй байна. Энэ устсан хэвлэлийн хэлтэрхий дээр хүүхдүүд номгүй өснө.
-Одоо үед номын үнэ цэн юу вэ?
-Номын үнэ цэн бол хөдөлмөр. Ном хүнийг бодуулж, сэтгүүлж, дүгнэлт хийхэд хүргэдэг. Ямар ч кино, сериал, тоглоом хэзээ ч, ямар ч нөхцөл байдалд хүүхдэд номыг орлохгүй. Ном уншиж байхад хүүхдийн тархинд маш их мэдрэлийн эсүүд ажиллаж байдаг. Өөр үед ингэж ажилладаггүй гэдэг нь нотлогдсон. Хүүхэд бүтээж, туурвиж, амьдарч, бодож, мөрөөдөхийн тулд өөрөө ном унших хэрэгтэй.
Сургууль бас унших хүсэлийг төрүүлэхгүй байна. ЭЕШ-ийн систем нь уншсанаа бодох биш, цээжлэх суурьтай. Олонх багш нар харамсалтай нь мэдээллийг цээжлүүлээд, ЭЕШ-ийн асуултад зөв хариулаад, шалгалтаа өгч байвал бусад нь өөрсдөд нь хамаагүй болсон. ЭЕШ нь клип сэтгэлгээнд зориулагдсан. Яагаад TikTok ийм алдартай байна вэ? Яагаад гэвэл бодох шаардлагагүй, олон бүлэгтэй ном биш, мэдээллийг бодох шаардлагагүй. Их амархан. TikTok анхаарлыг нэг минут л барьдаг. Харин чиний өмнө 250 хуудастай, сонирхолтой ном байсан ч биелэгдэшгүй даалгавар мэт. Энэ бол том, зузаан, төсөөлөө ажиллуулах шаардлагатай болно. Цахим орчинд бол бүх юм амархан, энгийн.
-Хэвлэлийн газар хүүхдийн зохиол ямархуу байна?
-Өнөөдөр Орост олон хэвлэлийн газар хүүхдийн зохиол хэвлэхээ больсон. Тэдэнд энэ сонирхолгүй. Оросын зохиолчидтой ажиллахыг хүсэхгүй байна, учир нь тэднийг бас рекламдах хэрэгтэй болдог. Гадаадад бол номнууд хэвлэгдэн гарсаар байгаа. Тэрийг нь аваад орчуулаад, оросын зах зээлд тохируулах нь илүү хялбар. Энэ шалтгааны улмаас Оросын зохиолчид багасаад, гадны зохиол их гарч байна. Гадныхныг рекламдах шаардлагагүй, бидний өмнөөс гадны хэвлэлийхэн тэднийг рекламдчихсан байдаг. Нэг талаас дэлхий нээлттэй байгаа нь сайхан. Гэхдээ өөрсдийн төрөлх соёлоо хааж болохгүй. Гадны зохиолчид бидэнд өөрийн үзэл бодолтойгоо ирж байна гэсэн үг. Эдгээр зохиолч чинь өөрсдийн нийгмийн бүтээгдэхүүн. Тэдний зохиол орос хүүхдүүдэд тэр бүр зөв ойлгогдоггүй, учир нь тэд өөр соёлд өссөн, өөр утга учиртай. Соёлын код тохирохгүй байх магадлалтай. Манай нийгэм өөр, өөрийн гэсэн онцлогтой. Яагаад Оросын кохиолчдыг муу хэвлэж байна вэ? Жишээ нь Олег Рой сайн ном бичжээ. Хэвлэлийхэн энэ ажлыг уншаад, редакторлоод, орчин үеийн стилиэр чимээд, зах зээлд гаргана. Энэ нөр их хөдөлмөр, тэр бүр ашигтай байдаггүй. Нэг бол 3-5 сар болдог. Ном бол үнэтэй бүтээгдэхүүн, ялангуяа чанартай хэвлэгдвэл. Тиймээс үнэтэй гардаг. Бид хүүхэд бүрт номыг хүртээмжтэй байлгах талаар ярьдаг ч, энэ бол тансаг хэрэглээ болоод байна. Хүн олон төрлийн хоол идэж байгаа ч, оюун ухаанаа улам бага хооллодог болоод байна. Урьд нь эцэг, эхчүүд хүүхдийн бүх хүссэн номыг авч өгдөг байсан бол одоо боломжоороо л авдаг болж. Орчуулгын ном хямдхан учир сайн зарагддаг. Оросын зохиолчдоос хэвлэлийхэн татгалзаж байна. Дэндүү үнэтэй, ашиггүй. Ингэснээр агуу соёлын өвтэй орон зохиолчидгүй болж байна. Оросын зохиолчид гэж байхаа больсон. Би жинхэнэ том уран зохиолын талаар ярьж байгаа шүү. Нэг ном бичсэн зохиолчдын тухай биш. Оросын зохиолчид устаж үгүй болсон.
-Энийг яах ёстой вэ?
-Манай Засгийн газар шийдэх асуудал ихтэй болохоор ном, уран зохиол, зохиолчдын талаар бодох завгүй байх шиг байна. Өнгөц харахад чухал биш, энд одоо шийдэх асуудал биш юм шиг. Орос хүүхдүүд юу уншиж байгаа нь Засгийн газарт сонин биш. Гэвч Казаньд саяхан болсон эмгэнэлт явдлыг харахад ийм юм хийж байгаа хүүхдүүд яаж хүмүүжиж байгаа талаар ярихаас аргагүй. Номны оронд хоосон орон зай үүсмэгц, тэрийгээ уур хилэнгээр дүүргэж байна. Тэгээд тэд буу барихаас өөр зүйл гарт нь алга. Их зүйлийг алдсан, үүнийг нөхөх амаргүй. Сэтгэл зүрхээрээ хүүхдийн зохиолын төлөө байсан хүмүүс хэвлэлийн газраас гарсан. Одоо бидний эргэн тойронд Gravity Falls хүрээлээд байна. Энэ ямар үнэ цэнтэй бүтээгдэхүүн бэ? Би бол энийг нүдний бохь гэж нэрлэнэ. Одоо энэ бүтээгдэхүүн зах зээлээс гарна, хаагдана. Гэхдээ энэний оронд өөр бас нэг гадны, дагаад манай зүйл гараад ирэхгүй байх нь чухал. Манайд сайн бүтээгдэхүүн бий.
-Орчин үеийн хүүхдүүдэд ямар баатар сонирхолтой байна?
-Манай хүүхдийн шинэ бүтээл “Есений шидэт лангуу” дээр жишээ аван ярья. Бид Great Frame компанитай хамтран гаргаж байгаа. Тоглоомын шидэт ертөнцөд тоглоом өөрсдөө тоглоомтой тухай. Тоглоом өөрсдийн тоглоомоо баярлуулж, мөрөөдлийг нь биелүүлэхийн тулд Есений лангуу байдаг. Тийшээ ид шидийн араас, мөрөөдлийг бодит болгох гэж ирдэг. Хамгийн сонирхолтой нь ид шидийг олохын тулд 99%-д нь ид шид хэрэг болдоггүй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд бидэнд гар, хүсэл байхад л хангалттай. Өөрийн санаа, өөрийн хүсэл, өөрийн хөдөлмөр жинхэнэ ид шидийг бүтээнэ. “Есений шидэт лангуу” нь өөртөө итгэх итгэл, найз нөхөрлөл, хамтын тоглоомын тухай, түүнээс биш ид шид, шидэт савааны тухай биш. Шинэ түүхийг мэдэх бүртээ хүүхэд ямар ч ид шид, “харрипоттер”, шидэт саваа хэрэггүй гэдэгийг ойлгоно. Хүчээ нэгтгэн, урагшлах хэрэгтэй. Хүүхэд зурж, бүтээж, эвлүүлж, зохиож, босгодог. Хүүхэд өөрийн ирээдүйгээ айж, эргэлзэхгүйгээр өөртөө итгэлтэй бүтээх болно. Бид од руу хүрэх завиа өөрсдөө бүтээдэг. Тийм ээ чамд нисдэг үлгэрийн шүүр байхгүй. Гэхдээ чи жишээ нь олимпийн нөөцийн сургуульд сурч болно. Чи гартаа теннисны цохиур, бөмбөг барьж болно- бодит ертөнц гайхалтай боломж ихтэй. Амьдрал үлгэрээс илүү сайхан. Өнөөдрийн хүүхдүүдийн баатар хэн бэ асуултанд хариулъя. Үнэнийг харъя, бид хүүхдүүдэд олигтой юм санал болгож чадаагүй, хугацаа алдсан. Хоосон орон зайд нь супер баатрууд гараад ирсэн. Тэдэнд бүхнийг хийх эрх анхнаасаа суугдсан, гадны биетийн гарал үүсэлтэй. Тэр вампир, царайлаг, мөнх амьдардаг, хүссэн бүсгүйгээ авч чаддаг, эсэргүүцээд ч нэмэргүй. Шударга ёсны тулаан заавал одтой, судалтай далбаан доор явагддаг. Дундуур нь нэг орос бүх юманд буруутай. Би энэ далбааны эсрэг хүн бишээ, гэхдээ бусад далбаанууд бас байвал зүгээр юм даа.
-Та уншигчидтайгаа яаж холбоотой байдаг вэ?
-Би долоо хоног бүр бяцхан уншигчидтайгаа уулздаг Оросын цорын ганц хүүхдийн зохиолч байхаа. Саяхан Владикавказд болсон залуучуудын форумд оролцоод ирлээ. Тэнд тэргэнцэртэй, тахир дутуу гэсэн оноштой хүүхдүүд байсан. Бид хамтдаа цуглаад уран бүтээл, баяр баясал, амжилтын төлөөх боломжийг хайлаа. Хил хязгаар зөвхөн толгойд байдаг гэдгийг ойлголоо. Форумд ирсэн 250 хүн амьдралд Marvel-д найддаггүй гэдэгийг би харлаа. Тэд зөвхөн өөрсдөдөө итгэдэг. Тэдэнтэй үнэхээр ид шидийг бүтээж болох гайхалтай хүүхдүүд. Бид сэлмээр тулалдан, шүлэг бичиж, ном бүтээсэн. Хүүхэд бүхэн амьдралд ингэж л хандах ёстой. Ёстой гэдэг үгийг онцолж хэлмээр байна. Олон хүнээс, ялангуяа багш нараас хүүхэд хэнд ч юу ч өгөх ёсгүй гэдэгийг сонсож байгаа. Харин ч ёстой. Тэд нийгэмд, өөрсдөдөө сайн, хариуцлагатай, боловсролтой хүн болж хүмүүжих ёстой. Боловсрол гэдэг нь заавал дээд биш шүү. Боловсрол гэдэг нь сонгосон мэргэжилдээ шилдэг нь байхыг хэлж байгаа юм. Мэргэжил янз бүр- программист, зохиолч, мужаан. Ямар ч мэргэжлийг сайн эзэмшээд, шилдэг нь байхыг хичээх хэрэгтэй.
-Оросын соёлын ямар кодыг та чухал гэж үздэг вэ?
-Би манайд Баба-Яга байхад бид Малифасентагаар яах юм гэсэн зүйрлэлийн эсрэг байдаг. Соёлын кодыг ярихаар харьцуулах, зүйрлэх гээд байдаг. Би үүнээс зугтахыг хичээдэг. Минийхээр бол орос хүнд гэр бүл, найз нөхөрлөл, сайн үйл хийх зэрэг их ойрхон байдаг. В.Катаевын “Цветик-семицветик” үлгэр их удаан хугацаанд алдартай байсан. Үлгэрийн баатар Женя охин хамгийн сүүлчийн хүсэл биелүүлдэг цэцгийн дэлбээгээ хөлгүй хүүг хөлд оруулах гэж өгдөг. Үе үеийн хүүхдүүд энийг уншаад уйлдаг байсан. Ийм л харьцаа бидэнтэй ойр. Энэ үлгэр бол манай соёлын кодыг харуулсан том жишээ. Байгалиа хайрлах, ээж ааваа хүндлэх, найз нөхдийн үнэ цэнэ- энэ бол мартаж болохгүй үнэт зйүлс. Миний номыг кино болгох сонирхол гадныханд илүү байгаа нь жаахан харамсалтай. Надад уран зөгнөлт “Хамтрагчид ба мартагдсан бурхадын тулаан” гэх 9 цуврал ном бий. Энэ нь орос ардын үлгэр, славян домгоос сэдэвлэсэн. Баатрууд нь баба-яга, Горыныч могой, үхэшгүй мөнхийн Кощей. Баба-яга Малифасентаас 20 дахин илүү. Тэнд хайрын түүх, Ратибор хаан, халуун жад, хайртай хүнтэйгээ уулзах гээд гүүрээр гарахад бүх биеийн арьс хууларач байгаа тухай гардаг. Би энэ бүгдийг оросод кино болгож чадах уу? үгүй. Netflix л эрхийг нь авах байх даа. Гэхдээ тэдний тавьж байгаа нөхцөл нь баба-ягааг шулам болгоод, Водянойг далайн хаан гэж нэрлэ гээд байгаа. Netflix орос ардын сэдвээс жаахан айгаад байх шиг байна. Гэхдээ орост ийм кино хэнд ч хэрэггүй. Манайд олон мэргэжлийн хүмүүс эрэлтгүй, зүгээр сууж байна. Дэлхийд биднийг аль талаас нь мэдэх үү? бараг юу ч мэдэхгүй. Сайн юм бол бүр мэдэхгүй. Лавровоос өөр оросын талаар томоохон юм ярьж байгаа хүмүүс алга. Тамирчид байгаа, гэхдээ тэр өөр зүйл. Оросууд жишээ нь сансарын нисэгчдээрээ бахархаж болно. Гэвч одоо ямар ч өсвөр насны хүүхдээс оросын сүүлчийн сансарын хөлгийн багийн гишүүдийг хэл гэвэл таньд хариулах хүн олдохгүй л болов уу. одоогийн залуучууд Камеди Клабын шинэ дугаарыг хүлээдэг болж. Бидний үед сансараас мэдээ хүлээдэг байлаа. Хэн ниссэн, ямар хөлгөө, юу харж гээд л. Энэ бол жижиг жишээ. Гэхдээ энэ бүгд нийлээд оросын засгийн газрын үзэл сурталыг бүрдүүлнэ. Хүүхдэд яаж хандаж байна вэ? уншлагад яаж хандаж байна вэ? ухаантай, сайн шинэ үеийхнийг яаж бий болгож байна вэ?
-Гадаадад манай ямар баатар сонирхол татах бол?
-Бид гадаадын хүүхэлдэйн киноны зах зээлд муугүй танигдсан байгаа. Манай хүүхдийн ертөнцийг Хятадын сайтуудад тэрбумаар нь үзэж байгаа. Тэр дундаа Алибаба. Энэ бол “Смешарики”, “Маша, баавгай”, “Үлгэрийн эргүүл” нэрлэхийн бол дуусахгүй. Би 52 бүтээлтэй. Тэдний нэг нь “Жинглики”, “Бяцхан луу Тоша”, “Супер Мяу”. Саяхан би дотны хүмүүстэйгээ хүүхдийн сайн бичигдсэн бүтээлийг ямар ч оронд нэвтрүүлэх амархан талаар ярилцсан. Гэхдээ чи өөрийгөө бүрэн дайчлаад. Багаж одоо их болж. Зүгээр л хий гэдэг үг яг тохирно. Японы зах зээлд гарах хэцүү гэж хэлэхэд миний инээд хүрдэг. Оны төгсгөлд миний “Зээлсэн зүрх” роман тэнд гарна. Энэ Андерсоны “Цасан хатны” үргэлжлэл. Би ерөөсөө ятгаагүй. Японы хүүхдүүд юу сонирхож байгаа талаар би эхлээд мэдээж судалсан. Юу үзэж байна, юугаар амьдарч байна, юу тэнд хит болж байна, хэн өөрийн брэндтэй тийшээ очсон, ямар үр дүнд хүрсэн. Бүгдийг судлаад, тохирох түлхүүрийг нь хийгээд болоо. Чанартай ажил хийж чадвал болно, бүтнэ. Зүгээр байгаа юмаа аваад очивол бүтэхгүй. Энэ чинь зах зээл нь хэцүү гэсэн үг биш, та өөрөө хөдөлмөрлөж, судлаагүй байна гэсэн үг. Дөрвөн жилийн өмнө оросын номын брэндүүд Хятадын зах зээлд гарах гэж оролдоод бүтэлгүйтсэн. Надад тэгэхэд бүгд хэлж байсан. Хятадын зах зээл хэцүү, чи духаараа мөргөөд гараад ирнэ гэж. Гэвч би сарын дотор Хятадын хэвлэлийн газартай тохироод, “Жинглики”-ийн 26 ном хэвлүүлсэн. Энэ бол сайн гэрээ, сайхан гүйлгээ, сайн орлого байсан. Би Хятадын цагаан хэрмийг толгойгоороо мөргөөгүй. Зүгээр л ямар бүтээгдэхүүн санал болговол болох талаар судалж, бодож, хувийн цагаасаа зарцуулсан. Зураачдаар дизайн, зургийг жаахан өөрчилсөн, гэхдээ энэ бол хийж болох энгийн зүйлс. Одоо Хятадын зах зээлд “Бяцхан луу Тоша”-г бэлдэж байгаа. Ойролцоогоор 50 цуврал ном гарна. Манай зохиолууд яагаад гадаадад бага байдаг талаар би саяхан бодсон. Тэгээд гадаадын зах зээлийг байлдан дагуулхаар шийдсэн. Оросын хэвлэлийхэнд Олег Рой тохиромжгүй зохиолч.
-Юугаараа?
-Хэвлэлийхний сонсохыг хүсэхгүй тохиромжгүй утга санаа, үг. Миний гадныхныг бага орчуулж, өөрсдийгөө илүү хэвлэж байя гэдэг санаанд дургүй. Тэгэхээр өөрсдөөс нь илүү мөнгө зарцуулагдах болохоор. Зохиол бичнэ гэдэг мэргэжлийн байгаасай гэж би хүсдэг. Энийг хүүхдүүд дунд алдаршуулмаар байна. Хүүхэд зохиолч болохыг мөрөөдөж байвал сайхан. Ийм хүүхдүүд их байгаасай. Үүний тулд нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгье. Зохиолчийн мөнгөөр амьдарч болно гэдэгийг хүүхэд ойлгог. Одоо бол энэ боломжгүй л дээ. Орост утга зохиолч байна гэдэг огт орлоггүй ажил. Би өөрчлөлтийг уриалан дуудаж байна. Үүнд нөөц хэрэгтэй. Энэ нөөцийг хэн ч гаргахгүй байна. Би ярьдагаараа ярьсаар л. Тэгээд тохиромжгүй хүн болж хувирсан. Энэ жил би бүгдийг өөрөө хийх хэрэгтэй юм байна гэдэгийг ойлгосон. Өөртөө л найдах хэрэгтэй, миний амьдарлын зам үүний тод жишээ. Би өөрийхөө номоор сериал хийх гэж байхад бүх хүн эсрэг байсан ч би хүслээ биелүүлсэн. Тэгэж л 2010 онд “Индус” сериал гарч бид Монте-Карлогийн фестивальд шагнал авсан. Хүүхэлдэйн кино хийхийг хүсмэгцээ 3 студи байгуулсан. Тэндээ 2015 онд “Жинглики”-г хийж, одоог хүртэл дэлхийд сериалуудын дунд 3D-графикийн шилдэг нь байна. Хамгийн сүүлчийн Диснейн шинэ бүтээл хүртэл бидний 7 жилийн өмнө хийсэн зүйлийг хийж чадахгүй байна. Гэтэл Диснейн студийн үнэ 180 сая ам доллар, манайх 18 сая рубль. “Жинглики” Сан-Диегод болсон хүүхэлдэйн киноны Оскар хүртсэн.
-Та өөрийн хамгийн алдартай зохиол, хүүхэлдэйн киноны талаар яриач
-Миний хүүхэлдэйн кинонууд дэлхий даяар нийтдээ 40 гаруй шагналтай: Хятад, Швейцари, Голланд, Америк, Болгар. Хамгийн алдартай нь “Жинглики”, “Бяцхан луу Тоша” нар. Тэд Netflix-д сайн зарагддаг, олон орны хэлээр хөрвүүлэгдсэн. “Жинглики” ойролцоогоор 17 шагналтай. “Бяцхан луу Тоша”-г саяхан Газпром-Медиа худалдаж авсан, энэ сериал ирээдүйтэй. Худалдаж авсан хүмүүс нь чанарыг сайн мэддэг, дэлхийд сайн толилуулж чадна. Энэ жил 9 төсөл хэрэгжинэ. Ivi онлайн кинотеатруудаар 52 ангитай “Супер Мяу” гэж супер муурнуудын тухай гарч байгаа. 2021 оныг дуустал бид бүтээлүүдээрээ 39 олон улсын фестивальд оролцоно. Би өөрөө өөрийгөө рекламдаж, таниулсан. Одоо цагт зохиолчид бас продюсер байх хэрэгтэй. Өөрийн бүтээлээ кино болгохын тулд өөрөө студи байгуулж, мэргэжлийн хүн хөлсөлж, ажилын байр бий болгоно. Төрсөн хүүхэд шигээ бөөцийлөн байж бүтээлээ гадаад ертөнцөд гаргадаг. Одоо дэлхий даяар хит болоод байгаа супер баатар, ид шидийн сэдэв миний бүтээлд бүхнийг өөрөө гэсэн ойлголттой. Бид хүүхэд өөрийн хүч чадлаа өөрөө нээж, ид шидийг хүлээхгүй, бүхнийг өөрийн гараар бүтээн босгоосой гэсэн зорилготой. Бидний хувьд текст их чухал, бүх яриа, үг утга учир агуулсан байдаг.
-Хүүхэлдэйн киногоор дэлхийн зах зээлд гарах хүсэлтэй бол дуугүй кино илүү ач холбогдолтой гэж олонхи нь ярьдаг. Та юу гэж бодож байна?
-Миний кинонд дүрс зураг их тод, хурц өнгөтэй зурагдсан ч, яриа чухал. Яриагаар дамжуулан хүүхэд утгыг нь ойлгож, татагдана. Диснейн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино үүнд бас анхаарлаа хандуулдаг. Тэнд бол дунджаар 180-300 сая доллараар бүтдэг. Орост 18-20 сая рубль. Орост зохиолч өөрийн хөрөнгөө зарцуулдаг. Банкнаас зээл авна гэдэг эрсдэлтэй. Мөнгөний баталгаа нь ганц ном нь л болдог. Бидний зорилго хүүхдийг сонсож сургах. Залхуучууд л яриагүй хүүхэлдэйг илүүд үзэх байх. Хүүхэлдэйн кино хийдэг томоохон корпорацууд ярианд чухал ач холбогдол өгдөг, яриагаар дамжуулан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн, зах зээлийг байлдан дагуулдаг. Япон хүүхэлдэйн үг маш нарийн, ойлгомжтой байдаг тул чи тэр ертөнц рүү тэр чигээрээ шумбаж ордог. Хүмүүжлийн их чухал ач холбогдолтой үг хэллэг. Их гүн ухаанлаг, байгаль дэлхий, ан амьтан, хөгшидөд харьцах харьцааг зөвөөр бий болгодог. Ийм зүйлсийг дүрсээр дамжуулан хүүхдэд ойлгуулах нь хялбар. Хэт энгийн кино хүүхдийг толгойгүй л болгож хүмүүжүүлнэ. Хүүхдийн уран зохиол, кино бол хүүхдийн сэтгэлийн экологийн чухал үүрэгтэй. Хүүхдийн сэтгэлийн экологи байхгүй бол маргааш манай дэлхийн экологи байхгүй болно.
-Та яаж уран зохиол, кино хоёрыг хавсарч хийдэг вэ?
-Энэ холимог. Киногоор дамжуулж би хүүхдүүдийг уран зохиолын сонирхолтой ертөнц рүү татаж байна. Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлд хүрэхийн тулд хуучны хаалга тогших арга хангалтгүй байна. Хүүхдийн ертөнц гүн нуугдсан. Тэр хаалгыг олоод тогшлоо ч, маш олон цоожтой, түлхүүр бүрийг тааруулах ёстой. Манай хүүхдэд бүх юм бий гэж өөдөөс хөөдөг. Киногоор дамжуулж хүүхдийг номонд дуртай болгох арга байдаг. Жишээ нь сүлийн хэдэн ангийг зөвхөн номоор гаргана. Хайртай баатруудтайгаа уулзахын тулд номоо уншдаг.
-Та өөрийн бичсэн номоо өөрчлөх хүсэл төрдөг үү? төгсгөлийг нь, үйл явдалыг нь, баатрыг нь?
-Үгүй, хэзээ ч үгүй. Би сэтгэлээсээ бичдэг, уншигчидтайгаа шудрага ханддаг. Харин өөр төгсгөл, өрнөл уншигчдын толгойд бий болж болно. Хүсэж байвал өөрийн хүслээр төсөөлж, мөрөөдөх эрх чөлөө нь бий. Би нээлттэй төгсгөлд дуртай. Ингэснээр хүн өөрийн төсөөлөөр төгсгөлөө зохиож болдог.
Олег Рой-зохиолч, кинозохиолч, продюсер. Тэрээр 1965 онд Магнитогорскт төрсөн. Түүний жинхэнэ нэр Олег Юрьевич Резепкин. Магнитогорскийн Багшийн Их Сургууль төгссөн. 62 роман, хэд хэдэн гомон цувралын эзэн. 1991 оноос хэвлэгдэж байгаа.
1996- “Толь” 2 хэсэгт роман
2011- “Хар муурын инээмсэглэл” романаар сэдэвлэн бүтээсэн “Индус” сериал нь Монте-Карлогийн 51-р телевизийн фестивальд нэр дэвшсэн.
2012- “Жинглики” хүүхдийн цуврал ном гарч эхэлсэн
2014- “Нобелийн шагналт Иван Бунины нэрэмжит медаль” уран зохиолын шагналын эзэн
2017-олон улсын хүүхдийн кино фестивалиас шилдэг “Богино хэмжээний хүүхэлдэйн кино” шагналыг “Жинглики” сериалаар авсан. 2019 онд “Жинглики” Netflix-ээр гарсан.
2020- “Бяцхан луу Тоша” сериал Amazon Prime-ээр гарч эхэлсэн.
Эх сурвалж: www.ppolit.mn