Ч.ОЛДОХ

 

Соёлын тухай хууль, түүний  дагалдсан бусад  хуулийн төслийг УИХ-ын түвшинд хэлэлцэж эхэлсэн.  Үүнтэй холбогдуулан манай сонин  соёл, урлагийн салбарынхны дуу хоолойг  хүргэж байна.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Г.Сонинбаяр: Соёлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахад энэ хууль чухал

\МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч\

 

-Соёлын тухай хуулийг шинэчлэн найруулах цаг болсон. 26 жилийн өмнөх хуулиар өнөөгийн нийгмийн харилцааг, тэр тусмаа соёлын салбарын олон талт харилцааг  зохицуулахад учир дутагдалтай болсон нь мэдээж. Соёлын салбарын нэр томъёоноос эхлээд л үйл ажиллагаа хүртэлх олон зохицуулалтыг нь шинэчилж, өөрчлөх шаардлагатай. Визуал урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновац гээд цоо шинэ  нэр томъёо, ухагдахуунууд гараад ирсэн. Соёлын байгууллагуудын чиг үүрэг нь ч социализмын дөнгөж дараах үеийн хуулиар зохицуулагдсаар байгаа нь шинэ зууны чиг хандлагаас хол хоцорч байгаа. Соёлын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн том тулгуур багана болгох чиглэл рүү дорвитой алхам хийгээсэй гэж боддог. Энэ бол уул уурхай шиг ухаад дуусдаг нөөц биш, улам арвижин баяжиж байдаг шавхагдашгүй, яндашгүй баялаг. Соёлын өв, түүх, уламжлал, ёс заншлаараа хий хоосон бахархаад суух биш жинхэнэ баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах юм бол тэрбумын эдийн засаг энд бий. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ингэхдээ төр бүхнийг мэдэж захиран зарцуулагч биш хувийн хэвшлийнхэн, тэр дундаа уран бүтээлчдэдээ боломж, эрх чөлөөг нь олгож дэмжээсэй.

 

Ч.Солонго: Дүрслэх урлагийн сод бүтээлүүдийн хадгалалт, хамгаалалт сул байна

\Чөлөөт уран бүтээлч, зураач\

 

-Дүрслэх урлагийн салбарт ажиллаж, амьдарч ирсэн манай зураачид  төрөөс ямар ч  дэмжлэггүй бор зүрхээрээ дэлхийд уран бүтээл, урлагаа таниулж явсаар өдийг хүрлээ. Улсын хөгжлийг уран бүтээлээр л тодорхойлдог. Наад зах нь  Уран зургийн галерей болон  музейд хадгалагдах эх бүтээлүүдийг төрийн бодлогоор дэмжиж,  хадгалалт хамгаалалтанд анхаарал тавьж, тодорхой  бодлого барих хэрэгтэй. Мөн үе үеийн төлөөлөл болсон сор бүтээлүүдийг төр, засгаас  дэмжин худалдан авч хуримтлал үүсгэдэг баймаар.  Улсын хамгаалалтанд авсан нь хав дарах биш тэдгээр бүтээлийг сурталчлан таниулах юм. Тухайлбал, улсын хамгаалалтад авсан шинэ бүтээлүүдээр жилдээ нэг  үзэсгэлэн гаргаж  нийтэд таниулан сурталчлах  гэх мэт наад захын жижиг асуудлаас өгсүүлээд  анхаарал хандуулахад  огт  өөр  болно. Түүнээс биш зураачид төр,  засгаас бэлэн мөнгө туслалцаа хүсээд байдаггүй.  Өнөөдөр  ганц уран ч биш соёлын өвийн хадгалалт хамгаалалтын тухайд   үнэхээр эрсдэлтэй байгаа. 

 

А.Алтантуяа: Хувцасны хууль батлаасай

\Үндэсний хувцас үйлдвэрлэлийн  “Ур ундрах” компанийн захирал, Монгол Улсын мастер оёдолчин\

 

-Монгол түмний өв соёл, ёс заншлын салшгүй хэсэг болсон үндэсний хувцсыг үйлдвэрлэж,  түгээн дэлгэрүүлж, сурталчилж байгаа хүмүүсээ төр бодлогоор дэмжих хэрэгтэй. Үйлдвэрлэгч гэдэг талаас ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээл хөөцөлдөхөд олдохгүй. Өв соёлоо сурталчилж, түгээж байгаа гэдэг  талаас ч ямар нэгэн дэмжлэг байдаггүй. XXI зууны монголчууд  брэндийн соёлыг нэвтрүүлсэн ч үндэсний хувцсаа дэвжээн дэлгэрүүлж, соёлын өвд бүртгүүлэхэд анхаараасай. Монголчууд зуун зуун жил оршин амьдрах учраас үндэсний хувцсаа соёлын өвд бүртгүүлэхээсээ өмнө өөрсдөө эдэлж хэрэглэдэг байгаасай. Дэлхийн зарим улс орон хувцасны хуультай. Энэтхэгийн удирдагч Индра Ганди 1989 онд “Энэтхэг хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг энэтхэг хүн хэрэглэж байж хоолтой болно. Дараа нь та нар гадаадад гаргах талаар бод” гэж хэлсэн байдаг.  1252 онд Хубилай хаан монгол хувцсыг хуульчилж  “Зүсмийн хувцас” гэж нэрлэн хувцасны хууль гаргасан байдаг. 1275 онд Мөнх хаан мөн хувцасны хууль гаргасан.  Үүнээс үзвэл, монгол хувцас зэрэг дэв, зиндаатай байсан ч гэсэн монгол хүний хувцас болохыг хуульчилсан  хуультай байжээ. Монголын ард түмний үйлдвэрлэсэн үндэсний хувцсыг монгол хүн өмсч байж  улс орны эдийн засаг хөл дээрээ тогтоно. Соёлын хуульд монголчуудын соёл, түүх,  зан заншлын  салшгүй хэсэг үндэсний хувцсыг ч гэсэн тусгаасай. Ялангуяа гадаадын жуулчид хүлээж авдаг байгууллагууд,  хөтөч, орчуулагчид үндэсний хувцсаа өмсөх хэрэгтэй.

 

З.Далай: Театрын статусыг тодорхой болгомоор байна

\Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач\

 

-Хөдөөгийн театруудад боловсон хүчний асуудал хэзээнээсээ хүндрэлтэй байсан. Төвөөс чадалтай  уран бүтээлч урьж  таван жилийн гэрээгээр ажиллуулъя гэхэд цалин бага, орон байрнаас эхлээд нийгмийн асуудал нь  бэрхшээлтэй. Чанартай бүтээл хийхэд төсөв хүрэлцдэггүй. Хөгжим, бүжгийн сургуульд хүүхэд элсүүлэх гэтэл олдохгүй. Орон нутгийн театр, чуулгад жилдээ төсөв гэж 40 сая төгрөг өгдөг. Нэг бүжгийн хувцас хийхэд 4-5 сая төгрөг болдог. Жүжиг тавих тайз засал хийлгэх  зардал хүрэхгүй. Хүүхдэд чиглэсэн уран бүтээлийг төрөөс 100 хувь санхүүжүүлдэг, хүүхдэд үнэгүй тоглодог байвал өсвөр үе урлагийг  багаасаа мэдэрч өсөхөд тустай. Хөгжим бүжгийн сургуульд наймдугаар ангиас эхлэн элсүүлдэг болчихвол хүүхэд өөрөө  бие даах талаас дэвшилтэй. Ийм дэмжлэг, бодлого, зохицуулалт байхгүйгээс хүүхэд сошиал ертөнц, фээсбүүкээс салж театрт ирж үзвэр үзэх хүүхэд алга. Театрын дарга нарыг намын харъяаллаар, мэргэжлийн бус хүн  томилдог байдлыг таслан зогсоомоор байна. Театрын статусыг хуульчлан баталгаажуулах хэрэгтэй. Хөжимт, драмын театр гэхэд 48 хөгжимчин, дор хаяж 16 дуучинтай байж мэргэжлийн хэмжээнд ажиллана. Үүнийг нарийвчлан заах ёстой.  Одоо манай театр л гэхэд 60 гаруй хүнтэй. Түүний 48 нь уран бүтээлч. Үйлдвэр үйлчилгээний албанд зайлшгүй орон тоог нэмэх шаардлага үүссэн. Хуучин театрт 69 хүний орон тоо байсан нь театраа шинэчилж орчин үеийнх болгож, галерейтэй болж, зай талбайг нэмэгдүүлсэн ч орон тоо хэвээрээ. Ядаж үйлчлэгч ч гэсэн нэмж авмаар. Ийм бэрхшээл хөдөө орон нутгийн театруудад их бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.29 МЯГМАР № 129 (6606)