Б.НАМУУНТАМИР

 

Өчигдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр жил болгон уламжлал болгон тэмдэглэдэг Олимпийн өдөр тохиолоо. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпийн хороонд музейн шинэчилсэн нээлт болж зарим хүнд олимпийн дээд одон медалиар шагнасан юм. Энэ өдрийг Монгол Улс Тамирчдын өдөр болгон тэмдэглэдэг.

Монголын үндэсний олимпийн хороо 1956 онд байгуулагдан 1962 онд олон улсын олимпийн хороонд нэгдсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд зуны 13, өвлийн 14 олимпийн наадамд оролцсон. Анх 1964 оны Инсбрукийн өвлийн олимпийн наадамд оролцож эхэлснээс хойш 1976 оны өвлийн, 1984 оны зуны олимпод л оролцоогүй. Одоогийн байдлаар Монгол Улс олимпийн наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийг хүртэхдээ бүгдийг нь зуны олимпийн наадмаас хүртсэн билээ. Харин энэ жил МҮОХ-ноос Олимпийн өдрийг угтан цар тахлаас шалтгаалан “Олимпийн ододтой уулзацгаая” цахим ярилцлага, ЕБС-ийн сурагчдын дунд “Спорт, олимпийн алдартнууд ба “Токио-2020”, “Бээжин-2022” олимпийн наадам” сэдэвт гар зургийн уралдаан зэргийг зохион байгуулжээ.

 

Анхны олимпийн ахмад тамирчин МҮОХ-ны дээд шагналаар шагнууллаа

Мөн спортыг дэмжин, Богд банк МҮОХ-той хамтран ажиллах гэрээг өчигдөр буюу Олимпийн өдрөөр байгууллаа. Ингэснээр Монголын баг тамирчид “Токио-2020” болон цаашид зохиогдох олон улсын тэмцээн уралдаанд дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Ч.Банчин нар гарын үсэг зурав.

Олимпийн өдрийн арга хэмжээний хүрээнд МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор Тэшүүрийн спортын гавьяат дасгалжуулагч Л.Цэнд, ТВ-5 телевизийн ерөнхий захирал Н.Базаррагчаа,  “Алтан-Очир” одонгоор “MSC Сoca Сolа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Г.Зол-Орших, Хэт холын марафон гүйлтийн тамирчин Д.Будсүрэн нарыг шагнасан юм. Харин “Олимпийн алдар” одонгоор “MSC Сoca Сolа” компанийн брэнд маркетингийн албаны дарга Э.Амартүвшинг шагналаа.

Тэшүүрийн спортын гавьяат дасгалжуулагч Л.Цэнд “Одоогоос 57 жилийн өмнө 24 настайдаа анхны олимпод орж байлаа. 100 мянган хүнтэй зааланд төрийнхөө тугийг өргөж явах маш бахархалтай, хүндэтгэлтэй үүрэг байсан юм. 82 настайдаа “Алтан од”хүндэт  медалиар шагнууллаа. Олимпийн өдрийг тохиолдуулан нийт тамирчиддаа баярын мэндийг хүргэж байна” гэлээ.

Хэт холын марафон гүйлтийн тамирчин Д.Будсүрэн “Хөнгөн атлетикийн спортоор хүүхэд байхаасаа хичээллэж эхэлсэн. 60 гаруй жил хөнгөн атлетикийн спортод өөрийн чадах хувь нэмрээ оруулж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаараа амжилттай оролцож Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, төрийн далбаагаа дэлхийд мандуулж байсан түүхтэй билээ. Энэ спортоор уйгагүй хичээллэсний дүнд МҮОХ-ны хүндтэй одон медалиар шагнуулсандаа туйлын баяртай байна” хэмээлээ.

 

Олимпийн музей шинэчлэгдэн нээлээ

 

Спорт олимпизмийг олон жил тууштай дэмжигч “MSC Сoca Сolа” компани Олон улсын олипийн хороо байгуулагдсаны түүхт 127 жилийн босгон дээр МҮОХ-ны Олимпийн музейн шинэчлэлийг санаачлан санхүүжүүлж, спортын хөгжил, баг тамирчдын амжилт хөгжөөн дэмжигчдийн хүсэл тэмүүллийг түүх болгон хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Олимпийн музей анх 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын олимпийн музейн түнш, Азийн спортын музейн холбооны гишүүнээр элсэж, одоогоор 500 гаруй нэр төрлийн түүхэн үзмэрүүд хадгалагдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.24 ПҮРЭВ № 126 (6603)