Б.ДОЛЖИНЖАВ
УОК-ын өчигдрийн хуралдааны үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр COVID-19 эсрэг вакцины дараах дархлаа тогтоцын судалгааг танилцуулсан. Халдвар авч байгаа 10 хүн тутмын ес нь вакцингүй буюу өдөр бүрийн халдварын тохиолдлын 90 хувь нь вакцинаа хийлгээгүй иргэд байна.
Тодруулбал, сүүлийн гурван өдөр халдвар авсан 6600 гаруй хүний 6000 нь буюу 90 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээгүй, огт хийлгээгүй, нэг дэх тунг хийлгэсэн , хүнд өвчтэй буюу дархлаа сул хүн, хүүхдүүд байна.Харин хоёр дахь тунг тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр онцолсон юм.
Тэрбээр "Бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-0.6 хувь нь халдвар авсан. 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн, есөн хувь нь хүндэвтэр өвдсөн, нэг хүрэхгүй хувь нь биеийн суурь өвчнөөс болж хүндэрсэн. Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгаа.Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn