Д.ЖАВХЛАН
Бөхийн мэдээ сонин энэ удаа Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын өсөх идэр начин Б.Гончигдамбыг урив. Тэрээр Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадмаар аймгийн хурц арслан А.Алтанхуягаар тав давж Монгол Улсын начин цол, мөн дараа жил нь тав давж өсөх идэр чимэг хүртсэн. Түүнтэй цөөн хором ярилцаа.
-Юуны өмнө танд зүлэг ногоон дэвжээнээ хоёр жил дараалан шөвгөрсөнд баяр хүргэе?
-Жил жилийн наадам өөр өөрийн онцлогтой. Харин сүүлийн хоёр жилийн наадамд шөвгөрөөд ч тэр үү сэтгэл хангалуун яваа шүү. Бэлтгэл сургуулилт тэмцээн уралдаан гэж гүйсээр байтал наадам нэг мэдэхэд хаяанд иржээ.
-Та тэгэхээр дараа наадмын бэлтгэлдээ гарсан гэсэн үг үү?
-Энэ долоо хоногт чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд орох бэлтгэлдээ орсон. Энэ удаагийн тэмцээнд 120 кг-д зодоглоно. Одоохондоо жин 110 кг орчим байна. Үлдэж буй хугацаанд жиндээ анхаарал тавина. Бас удахгүй болох сар шинийн барилдаан болно.
-Та Чөлөөт бөхийн спортоор ямар амжилт гаргаж байв?
-”Mongolian Open”, Ерөнхийлөгчийн цомын тэмцээнээс хүрэл, УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.
-Би таныг өнгөрсөн жил харцага цол авна гэж тааварт орсон юм. Гэтэл та зургаагийн даваанд уначихсан?
-Тиймээ. Зургаагийн даваанд Ө.Бат-Орших харцагатай тунасан. Барьцны хувьд надад ашигтай байсан л даа. Би харцагыг баруун мордсон. Гэтэл Ө.Бат-Орших миний мордоог дагуулаад хөмөрчихсөн. Би мордоогоо Ө.Бат-Оршихын хөдөлгөөний темпэнд тааруулан хийсэн. Бөх хүн дэвжээнд унана гэж гардаггүй шүү дээ. Тэр тусмаа цөөн тохиох наадмын дэвжээнээ ямар ч бөх алдаа гаргахгүйг хичээдэг. Энэ цаг үед барилдаж буй шилдэг бөхийг нэрлэ гэвэл би түүнийг нэрлэнэ. Ө.Бат-Орших бид хоёр хүүхэд байхдаа дэвжээнд нэг бус удаа таарч байсан юм.
-Та хоёрын хэн нь давдаг байв?
-Өгөө аваатай л байсан. Харин олон жилийн дараа хоёулаа улсын цолтой зургаагийн даваанд тунахад сонин байсан шүү.
-Яагаад тэр вэ?
-Арван хэдхэн настай хөвгүүд хэдхэн жилийн дараа 120 кг-тай барилдана гэхээр танд юу бодогдож байна. Олон жилийн өмнө бид хоёр нэгнийхээ хөлд зогсоо зайгүй дайрдаг байсан. Харин одоо яаж 120 кг-тай хүний хөлд орох гэж зүтгэх билээ. Би түүнтэй яаж барилдах ухаанаа олж ядаж байсан шүү. / Инээв/
-Та дөрвийн даваанд хэнтэй оноолт таарна гэж бодож байв?
-Зарим бөхчүүд урьдчилан тааварлаж түүндээ тааруулан бэлддэг юм билээ. Харин би тэр бөхтэй таарна гэж боддоггүй. Оноолт таарсан бөхтэйгээ олон зүйл бодолгүй шийдэмгий барилдахыг хичээдэг.
-Та улсын цолны босгоор алхахдаа аймгийн хурц арслан А.Алтанхуягтай тунасан. Хурц арслантай тунана гэж бодож байв уу?
-Хэдэн жилийн өмнө заалны барилдаанд олон удаа тунаж байсан. Тунахад сэтгэл өег байдаг юм. 90 жилийн наадмаар ч мөн тунах нь тодорхой байсан. Тавын даваанд А.Алтанхуягтай тунаад гарч байхад сайхан байсан шүү. Би сайхан барилдаад унасан ч яахав гэж бодоод гарсан. Ам авах, тунах хоёр тэс өөр ойлголт юм билээ. Хэрэв би учраа бөхөө амласан бол надад хаях боломж арай илүү байж таарнаа даа.
-Таны төрж өссөн, нутаг усны талаар яриагаа үргэлжлүүлье?
-Миний бага нас Завхан аймгийн Их-Уул суманд өнгөрсөн. Манай нутаг Тарвагатай нуруу, Булнайн нурууны дунд орших байгалийн өвөрмөц газар юм. Манай нутаг өвөлдөө их хүйтэрнэ. Тэр нутагт төрж өссөнөөрөө үргэлж бахархаж явдаг.
-Сүсэглэн биширдэг уул бий юү?
-Очирваань хайрхандаа үргэлж сүсэглэдэг. Миний ажил үйлс амжилт нутгийн хайрхантай маань салшгүй холбоотой.
-Танай суманд улсын заан цолтой хоёр бөх байдаг байх аа?
-Тиймээ. Манай Их-Уул сумаас Ш.Дамбуу, З.Содномпил гэж хоёр сайхан заан байсан. Хоёр зааны амжилтын буухиаг улсын арав гаруй цолтой бөх залгуулж явна.
-Нутгийн хөвгүүдтэй зав гарвал ноцолдоно биз?
-Би Улаанбаатар хотод орж ирээд Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр багш нарынхаа удирдлага дор бэлтгэл хийх болсон. Түүнээс өмнө нутгийн банди нартай дээлийнхээ товчоо тэсгээдэггүй байсан шүү.
-Хүүхэд байхдаа ямар бөхийг дэмждэг байв?
-Намайг хүүхэд байхад зургаан залуу заан ид барилдаж байсан. Зургаан зааны барилдааныг хүлээн авагчаар л сонсдог байсан юм. Тэр үеийн бөхчүүдийн нэр эрэмбэ цээжинд байдаг байлаа. Тухайн бөхчүүдээс нутгийн ах гарьд Ц.Цэрэпунцагийг их дэмждэг байсан.
-Аав, ээжийнхээ тухай ярихгүй юу?
-Манай аав, ээж хоёр Их-Уул суманд насаараа мал малласан. Би аль аль талаараа малчин удмын хүү. Нутагтаа адуу маллаж агтны тоосонд хийморио сэргээж явлаа. Тэгээд 2003 онд Улаанбаатар хотод Үндэсний биеийн тамирын дээд сургуульд багш дасгалжуулагч мэргэжлээр дөрвөн жил сурсан.
-Таны барилдааны онцлог?
-Үндэсний бөхөөс гадна, чөлөөт бөхөөр барилддаг болохоор хурдан шаламгай, хөл орох гээд давуу тал бий.
-Та зодог шуудгаа хэнээр урлуулдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд зодог шуудгаа бөхчүүдийн хэлж заншснаар Баска эгчээрээ урлуулсан. Баска эгчийн урласан ягаан зодог, цэнхэр шуудагтай аймгийнхаа наадамд анх зодоглоод шууд аймгийн арслан болж байсан юм. Мөн улсын начин цолоо энэ өмсгөлтэйгөө барилдаж авсан. Ер нь бөхчүүд маань өмгөлөө хийлгэхдээ ур хийц харахаас илүүтэйгээр цаад нарийн учрыг тунгаан хардаг юм юм билээ.
-Монгол бөхчүүдийг дээлгүйгээр төсөөлөхөд бэрх. Та хэдэн дээлтэй вэ?
-Надад гурван дээл бий. Гэхдээ наадмаар ногоон дээлээ өмсөх дуртай. Ногоон дээлээ өмсхөөр түшигтэй байх шиг санагддаг. Манай гэр бүлийн хүн миний ногоон дээлийг сайн оёдолчноор хийлгэсэн.
-Аймгийн арслан таны хэд дэх цол вэ?
-Би аймгийн наадамдаа залуу бөх гарч барилдан шууд түрүүлсэн. Миний анхны цол авсан нь тэр.
-Сэтгэлийн гүнд нуугдаж буй бяцхан нууцаа дэлгэхгүй юу?
-2005 оны УАШТ-нд Ц.Цогтбаяр багш маань спортын мастер Н.Баярхүүтэй гурван үеийн турш хүч шавхан үзсэн юм. Тэр тэмцээн санаанаас ер гардаггүй. Учир нь тэр үед Цогоо багш бөхөөс хөндийрөөд хэдэн жил болсон байсан. Ид барилдаж буй Н.Баярхүүтэй миний багш уран техник гарган барилдахыг харахад урамтай байсан. Тэгээд багш ялж, алтан медалийн тавцан дээр зогсохыг хараад өөрийн эрхгүй нулимс дуслуулсан.
-Залуу бөх болгонд заалны анхны барилдаан сонин байдаг. Харин таны хувьд?
-Тэгэлгүй яахав. Телевиз, радиогоор үздэг байсан бөхтэйгөө өрөөд зогсоход амаргүй шүү. /Инээв/ 2007 оны сар шиний барилдаанд нэг даваад, хоёрын даваанд Д.Сумьяабазар аваргатай оноолт таарсан юм. Тухайн үед анх аварга цолтонтой таарсан болохоор барьц авахад хэцүү байсан.
-Барьц сонгооны талаархи таны бодол?
-Би шодолтыг ер сайшаадаггүй. Шодохоос өмнө барилдааныг нэг тийш шийдэхийг хичээдэг. Зарим бөхчүүд шодолтод тааруулан бэлтгэлээ хийх шиг санагддаг. Тэдний буруу биш. Хамгийн гол нь барилдааныг түргэн шуурхай болгохын тулд дүрэмд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй.
-Хүчний бэлтгэлийг хэрхэн хийдэг вэ?
-Ихэнхдээ дэвжээний бэлтгэл хийдэг болхоор хүчний бэлтгэлд цаг бага зарцуулдаг юм. Цээжний шахалт 110 кг, харин 140 кг-аар суулт хийдэг.
-Та өнгөрсөн сард аймгийн арслан Н.Батсуурыг хоёр барилдаан дараалан амласан. Үүнийг манай бөхийн хорхойтнууд эерэгээр хүлээж авсан байх?
-Аймгийн арслан Н.Батсуурьтай эхний барилдаанд нь тунаж өвдөг шороодсон. Харин дараа нь даагаа нэхэх гээд дахин амласан.
-Энэ цагт барилдаж буй бөхчүүдээс уран барилдаантай бөхийг нэрлэвэл?
-Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс нарыг нэрлэх байна даа.