З.БАТЦЭЦЭГ
Esquire-ийн “Бидний дуртай ном” булангаар шүүмжлэгч Анна Наринсзая нь Блокийн цээжилсэн шүлгүүд, Толстой, Достоевский, эгч дүү Бронте, Жейн Остин болон бидний ухамсарт нөлөөлөх номнуудын талаар ярьсныг орчуулан хүргэж байна.
Таашаал авч унших
-Би өөрөө таашаал авч уншдаггүй. Би номын тухай бичдэг. Номон дээр бидний амьдралын юу тусгагдсаныг бичдэг. Тиймээс сайн ч, муу ч ном надад ялгаагүй. Урьдчилаад надад таалагдахгүй номыг би мэддэг. Гэвч тэдний талаар шүүмж бичих ёстой учраас би уншдаг. Тиймээс та ямар ном уншдаг вэ гэж надаас битгий асуу. Харин ямар номыг олон дахин уншдаг вэ гэж асуу.
Диккенс ба хүүхэд нас
-Би хүүхэд байхдаа ерөөсөө хүүхдийн ном уншиж байгаагүй. Би Диккенсийг уншдаг байсан. Би одоо болтол түүнийг унших дуртай. Гэхдээ одоо би түүний өөр давуу талыг харж чаддаг болсон. Хүмүүс түүнийг хэт гунигтай бичдэг гэж шүүмжилдэг. Жишээ нь Набоковыг энэ тал дээрээ мэргэжлийн гэж үздэг. Гэхдээ энэ чинь аймшигтай гоё гуниг. Ил тод, зорилготой, хурц. Түүний “Хүйтэн байшин” зохиолыг аваад үзье. Тэнүүлч хүүг нас барахад зохиолч уншигчиддаа, эрх мэдэлтнүүдэд хандан “Жо үхчихлээ! Үхчихлээ, хаантаан. Үхчихлээ, ноёдоо. Үхчихлээ, бүх сүсэгтний ламтаан. Үхчихлээ, хүмүүсээ: тэнгэрээс та нарт өрөвдөх сэтгэл өгсөн биз дээ. Өдөр бүр бидний эргэн тойронд ингэж үхэж байна” гэж хэлдэг. Би энэ хэсгийг унших болгондоо уйлдаг. Зохиолч өөрөө романаасаа ингэж гарч ирэн хандана гэдэг үнэхээр аугаа гайхалтай. Мөн түүний ер бусын ур чадварыг би одоо хүртэл биширдэг. Түүний ном бүр мянган баатартай, бүгд өөр өөрийн гэсэн зан чанартай. Ганцхан секунд өнгөрөх зүгээр нэг шууданч хүүгийн тухай хүртэл яаж инээдтэй нулимсан, яаж содон үсэрсэн, гүйсэн талаар дүрсэлдэг. Энэ бол бүхэл бүтэн төгс ертөнц.
Эгч дүү Бронте эсвэл Жейн Остин
-Би Бронтег тууштай дэмжигч, Жейн Остинг биш. Энэ нь одоо байгаа томоохон сөргөөцөлдөөн, манай Пастернак vs Мандельштам нараас дутаахаргүй. Гэхдээ би Жейн Остинг тамшаалан уншдаг, гарч буй сериалуудыг нь дуртайяа үздэг. Гэхдээ би эгч дүү Бронтег дэмждэг. “Жейн Эйр” зохиолыг би хүүхэд байхдаа уншсан. Одоог хүртэл феминист үзлийн чухал илэрхийлэл гэгддэг. Энэ номноос эхлэн их сургуульд бүсгүйчүүд сурч эхэлсэн гэж хэлж болно. Би хүүхэд байхаасаа эхлээд Жейн Эйрийн гайхалтай эрх чөлөөтэй, ертөнцийг өөрийнхөө нүдээр хардаг, бусдын үзэл бодлоос хамаардаггүй зангаар нь биширч байсан. Жаахан охин байхад нь асран хамгаалагч нь түүнийг лам дээр загнуулах гээд авчирдаг. Лам түүнээс “Чи яагаад үгэнд орохгүй байгаа юм бэ? Чи тамд очно шүү. Тамд очихгүйн тулд яах ёстойг чи мэдэх үү?” гэж асуудаг. Тэр хариулахдаа “Мэдээж мэднэ. Их эрүүл байж, аль болох өндөр нас наслах хэрэгтэй. Амьд байгаа цагтаа би тамд очихгүй” гэж хариулдаг.
“Анна Каренина”, “Анна Каренина”, “Анна Каренина”
-Фолкнераас ямар гурван роман унших вэ гэж асуухад, их амархан хариулсан. “Анна Каренина”, “Анна Каренина”, “Анна Каренина”. Би түүнтэй санал нэг байна. Би “Анна Каренина”-г зургаан удаа уншсан. Унших бүртээ шинэ үе олж хардаг. Гол хайрын түүх байна. Левин Кити нарын хачин, жигтэй таагүй түүх, тэнд ямар ч хайр байхгүй. Левины хувь тавилангийн тухай, түүний бурханд итгэх гэж хичээж байгаа тухай, түүний улс төрийн үзэл бодлын тухай гээд. Унших бүртээ шинэ роман уншиж байгаа юм шиг бичдэг зохиолчийг би Толстойгоос өөрийг мэдэхгүй. Дахиад “Анна Каренина”-г уншихад шинэ роман шиг л санагдана гэдэгт итгэлтэй байна.
Л.Толстой эсвэл Ф.Достоевский
-Исай Берлин “Зараа ба үнэг”-ийг бичихдээ эртний гайхалтай үлгэрийг оруулсан байдаг. Үүнд үнэг олон зүйл мэддэг, харин зараа нэг л, гэхдээ гол зүйлийг мэддэг. Достоевскийг зараатай зүйрлэн, Толстойг үнэгтэй зүйрлэсэн байдаг. Толстой зараа болохыг хүсдэг ч, юутай ч зүйрлэшгүй үнэг байж чаддаг. Тэрээр амьдралыг хэдэн сая нарийвчлан мэддэг, тэрийгээ гайхалтай дүрсэлж чаддаг нэгэн. Тэр бидэнд үргэлж амьдралын үзэл баримтлалыг санал болгодог. “Дайн ба энх”-д тэр энэ үзэл бодлоо энгийн гаргадаг- амьдрал бол урсаж байгаа гол, чи юу ч хийх хэрэггүй, зүгээр дагаад урсана, эсэргүүцэхгүй. Харин Достоевский гол зүйлийг мэддэг. Хүн бол сул дорой, аймшигтай, зөвхөн агуу их итгэл л түүнийг аварна.
Л.Толстой, Ф.Достоевский нар үнэхээр хоёр өөр ертөнц. Гэхдээ уншигч бидэнд аль нэгийг нь заавал сонгох ёстой гэсэн асуудал байхгүй. Би сонгохгүй.
Орны дэргэдэх ном
-Би их уншдаг. Хэрвээ орныхоо хажууд шүүгээтэй байсан бол ямар нэг ном заавал байна. Гэхдээ бүр навсайж, үнгэгдсэн нэг ном бий. Хэн ч таахгүй дээ. Зөвлөлтийн драматургч Николай Эрдманы захиа, дурсамжийн цуглуулга ном гарсан юм. Дурсамж, захианаас өөр юмгүй ном юм шиг л санагдах байх. Би унших бүртээ анх уншиж байгаа юм шиг санагддаг. Зарим нэг нь “Тэнгэрлиг хошин шог”-ийг дахин дахин уншдаг бол би ийм ном уншдаг. Надад энэ захиа их сонирхолтой санагддаг. Би мэдээж түүнд дурлах байсан. Би одоо ч хайртай. Би түүний цаг үед амьдарч байсан бол тэр намайг тоож харахгүй л дээ. Учир нь тэрээр жүжигчин, балетчин бүсгүйчүүдийг сонгодог. “Ухаантай” бүсгүйчүүдтэй тэр зүгээр л найзалдаг.
Унших ном
-Би “хатуу” мэргэжилтнүүдэд дургүй. Ухаантай хүмүүс бодлоо бичиж байгаа нь таалагддаг. Сонирхолтой сэдвийг тойроод ухамсарт бодлууд. Энэ Оросод түгээмэл биш. Барууны сэхээтнүүд бүгд бичдэг. Өглөө босоод салхинд алхаж байхдаа аяга тавгаа угаагүй гэж бодохын оронд ”Тэнгэрлиг хошин шогийг” бодоод, цөмийн бөмбөгтэй түүнийг яаж холбогдож байгаа талаар бодож болно. Ном, соёлын талаар ингэж бодох нь надад маш их таалагддаг. Саяхан Альберто Мангелийн “Сониуч зан” гэж их сайхан ном гарсан. Мангель өөрөө Борхесийн уншигч байсан. Борхес сохор байсан тул Мангель түүнд уншиж өгдөг байж. “Тэнгэрлиг хошин шог”-ийн талаарх түүний бодол номыг орос хэлнээ их сайн хөврүүлсэн байна. Тэр мэргэжилтэн биш, зүгээр уншигч. Гэхдээ уншсан мэдлэг ихтэй, Дантегаас шууд кино руу, байшин барилга барих арга руу шилжиж чаддаг.
Хуучин шүлгийн талаар
-Манай эмээг Рахиль Леонтьевна гэдэг байсан. Тэр надад маш их нөлөөлсөн. Тэрээр тухайн үед уншиж байгаа яруу найрагчаа бүхнээс илүү гэж үздэг байсан. Коридороор явж байгаад Цветаеваг авч уншаад “Ахматова түүнийг гүйцэхгүй юм байна. Цветаева гений” гэнэ. Маргааш нь Заболоцкийг авч уншаад “Заболоцкий бүгдээс илүү юм байна. Бусад нь хэн ч биш” гэнэ. Унших бүртээ сэтгэлээсээ. Тэгж л шүлгийг унших ёстой байх.
Би яруу найрагт дуртай. Гэхдээ миний сонголт энгийн. Уран зохиолын сурах бичиг нээхэд л хангалттай. Блокийг тусад нь уншдаг. Зүгээр нээгээд л уншдаг. Блокийн бараг бүх шүлгийг цээжээр мэднэ. Тиймээс уншихдаа яг дуулж байгаа мэт уншдаг.
Уншаагүй номууд
-Янз бүрийн шалтгаанаар өнгөрөөсөн зохиолууд байдаг. Одоо нөхөж байгаа. Би ийм номыг “пиарлах” дуртай. Надад ямар нэгэн юм таалагдвал шууд хэлдэг. Жишээ нь сүүлийн хоёр жил би бүх хүнийг Всеволод Петровын “Турдейская Манон Леско” туужийг унш гэж уриалж байна. 1946 онд бичигдээд хэзээ ч хэвлэгдэж байгаагүй, хоёр жилийн өмнө л гарсан. Зөвлөлтийн засаг, түүний дарамт байгаагүй бол оросын уран зохиол яаж хөгжих байсан талаар төсөөлөн бичсэн гайхалтай текст. Петров Михайл Кузьминтэй найз байсан бөгөөд акмеизмын тод байдал, зарчим нь түүний хувьд их чухал байсан. Энэ их төгс ил тод бүтээл. Би үүнийг сүүлийн жилүүдийн уран зохиолын том нээлт гэж бодож байна. Энэ номны талаар олон хүн ярьсан ч, уншаагүй өнгөрч байгаа хүмүүс их байна. Цөөн тоогоор хэвлэгдсэн ч, зарагдаж дуусаагүй л байна.
Үл анзаарагдсан агуу бүтээлүүд
-Би яг ийм нэртэй лекц уншиж байлаа. “Турдейская Манон Леско” үүнд багтана. Жишээ нь Фолкнер бол мартагдсан зохиолч биш. Гэвч түүний “Бүтэн эргэлт” гайхалтай орчуулагдсан бүтээлийг хэн ч санадаггүй. Олны танил биш Чаяновын найраглалд би дуртай. Москвад түүний нэртэй гудамж бий. Хүмүүс түүнийг хөдөө аж ахуйн онолч, 1938 онд буудуулсан гэдгээр нь мэднэ. Тэрээр шидийн зохиол бичдэг. Түүний “Үсчин хүүхэлдэй” эротик зохиол нь зууны дунд үе хүртэлх шилдэг зохиол гэж би боддог.
Би орос модернизмд дуртай. Бүгд түүнийг мэддэг, уншсан. Гэхдээ хэн Пильнякийн “Унтраагүй сарны үлгэр”-ийг уншсан бэ? Хэн ч уншаагүй. Энэ бол агуу зохиол, өнөөдөр бол шинэлэг зүйл болоод байна.
Ийм мартагдсан зохиолчид их бий. Урьд нь их үнэлэгдэж байсан хэрнээ одоо моодноос гарсан. Одоо хэн Казаковын зохиолыг уншиж байна? Уг нь гайхалтай зохиолууд. Виктор Голявкиныг хэн ч уншихгүй байгаад их эмзэглэдэг. Хэдийгээр тэр 1960-аад онд амьдарч байсан ч түүний зохиолыг 60-аад оны гэж хэлэхэд хэцүү. Түүнд бүр ганц мөрнөөс бүтсэн жижиг зохиол хүртэл байдаг. Хүүхдийн зохиолуудыг нь жаахан мэддэг байх. Гэхдээ л мэдэх ёстой хэмжээндээ хүрэхгүй байна. Түүний “Арфа ба бокс” гэж гайхалтай зохиолыг хэн ч уншаагүй.
Төвөгтэй номын талаар
-Зохиогч бэлхүүснээс доогуур, биеийн янз бүрийн цэгүүдийг зориудаар товшиж уншигчдад таалагдах арга хэрэглэдэг техник надад таалагддаггүй. Ганцхан орчин үеийн Жонатан Лителлийн “Үзэмжит бүсгүй”-г л уучилж болно. Энэ шилдэг уран зохиол биш ч, чухал илэрхийлэл. Литтелл мэдээж бидний наран сүлжээг муухайгаар ашиглан, аймшигтай буудлага мэтийн зүйлсийг харуулдаг ч, энэ бүгд бодоход хүргэдэг. Учир нь тэрээр биднийг шинэ ухамсрын түвшинд хүргэхээр бичиж чадсан.
Орчин үеийн Оросын уран зохиолын талаар
-Англитай харьцуулахад бид тэс өөр түвшинд байгаа. Хэмингуэйн мөрөөдөж байснаар уран зохиолын Олимп гэж болдог байсан бол манайхан ялахгүй. Нөгөө талаас Владимир Сорокин надад өгсөн ярилцлагадаа “Манайх 19-р зуунд үлэг гүрвэлүүдээр газраа сайн бордоодож чадсан учраас бид юу ч хийх шаардлагагүй, бүхий л насаараа тайван унтаж болно” гэж хэлсэн. Гэхдээ орчин үеийн зохиолыг Достоевскийгоор үнэлж болохгүй байна. Мэдээж зарим нэг Орос зохиолыг уншаад дажгүй шүү гэх бодол төрдөг. Би хуучны үзэлтэй хүн, бүх хөгшрөхгүйн тулд би байнга уншдаг. Нэг уншсанаа дахин дахин уншдаг. “Амьдралыг таньж мэдье” гэвэл би номын дэлгүүр явахгүй. Теарт, хип-хоп, найраглал зэрэг рүү хандаж болох юм. Гэхдээ манай орчин үеийн уран зохиол руу лав хандахгүй.
Эх сурвалж: www.polit.mn