С.УЯНГА
Манай улсын нийт хүн амын гуравны нэгийг эзэлж байгаа хүүхдүүдтэй холбоотой асуудал ямагт анхаарлын төвд байж ирсэн. Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийлэл, аюулгүй байдлыг хангалттай хөндсөн ч хүүхдийг хэрхэн ээлтэй аялуулах вэ гэдэгт анхаарсангүй.Тиймээс ч аялал жуулчлалын салбар хүүхдэд хэрхэн ээлтэй байдлаар хөгжих вэ гэдэг асуудлыг хөндөхөөс аргагүй юм.Өөрөөр хэлбэл, бид ирээдүйн зөв аялагчдыг бэлтгэхийн тулд яг одооноос хүүхдээ ээлтэй, аюулгүй аялуулах асуудлыг ярихаас аргагүй. Үгүй бол нэгэнт төлөвшсөн сэтгэлгээг өөрчлөхийн тулд яг одооных шигээ хогоо битгий хая, зөв аялаач гэж гуйсан хэвээр байх болно. Харин хүүхдээр дамжуулж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадвал ирээдүйд зөв жишиг, үлгэрлэлийг харуулах болно.
Цар тахлын улмаас бүтэн жил сурах эрхээ хязгаарлуулж, гэртээ хоригдож байгаа хүүхдүүд урин цаг ирж одоо л агаар “амьсгалах” боломж тохиож байна. Харин энэ эрх чөлөөг нь зөв эдлүүлэхийн тулд хүүхдээ аюулгүй тээвэрлэх, очсон газарт нь тухтай байлгахаас эхэлнэ. Гэтэл амралт зугаалгын улирал эхлэхээр зам тээврийн осолд хүүхэд өртсөн, гол усанд эндсэн тоо буурдаггүй нь харамсалтай. Тиймээс хүүхдийг тухтай аялуулахын тулд ядаж л машиндаа зориулалтын суудалтай аюулгүй тээвэрлэх, аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд хүүхэд хамгааллын бодлого, амарч зугаалуулах нэгдсэн стандарттай байх зэргээр хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх боломжтой юм.Гагцхүү үүний тулд төр, хувь гэж ялгалгүйгээр эхлэлийн цэгийг хатгах л хамгийн чухал байна. Цаашид хүүхдэд байгаль орчноо хайрлах, үндэсний өв уламжлал, соёл, ёс заншлаа мэдэх, хүндэтгэх, суралцахад чиглэсэн үйл ажиллагааг аялал жуулчлалаар дамжуулан хэрэгжүүлэх шаардлагатайг экспертүүд хэлж байна. Бусад улс орон аль хэдийнэ хүүхдэд ээлтэй аялалын тусгай хөтөлбөртэй болсон. Харин манайх одоо л шинэ тутам ярьж эхэлж байгаа ч гараанаас хөдөлж байгаа нь л чухал үр дүн юм. Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдэд ээлтэй үйлчилгээнд илүү мөнгө төлдөг нь харагдаж байна. Мөн аяллын ерөнхий сэтгэл ханамжид хүүхдийн сэтгэл ханамж ихээхэн нөлөөлдөг гэх нь бий. Тиймээс цаашид хүүхдэд ээлтэй бүхэнд хөрөнгө оруулья.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-н захирал С.Бат-Эрдэнэ: Аялал жуулчлалаар дамжуулан хүүхдийн хөгжилд нөлөөлж болно
-“Хүүхэд ба аялал жуулчлал” сэдэв нь зайлшгүй анхаарч, судлах шаардлагатай төдийгүй өнгөрсөн хугацаанд манай салбарт хөндөгдөж байгаагүй гэдгээрээ онцлог. Зочлох үйлчилгээний салбарт хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онлогт тулгуурласан бүтээлч сэтгэлгээ, эх орноо хайрлах үзлийг багаас төлөвшүүлэх, хүүхдэд зориулсан зохион байгуулах ур чадвартай сэтгэлзүйч, аяллын хөтөч, жолоочтой компаниар аялал зохион байгуулах тусгай зөвшөөрөл бий болгох, орон нутгийн онцлогийг таниулсан аяллын хөтөлбөрийг бий болгож, тухайн маршрутаар аялуулж орон нутгаа хүндэтгэн хайрлах хүмүүжил олгох хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан амралт, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох зэрэг хийх ажил их байна. Аяллаар дамжуулж хүүхдийн боловсролд анхаарах боломж нэмэгдэх нь чухал. Тиймээс ч бид аялал жуулчлалаар дамжуулан хүүхдийн хөгжилд нөлөөлж болно хэмээн үзэж байгаа. Хүүхдүүдийн төлөө улс үндэстнүүд нэгдсэн Тогтвортой хөгжлийн 13 зорилтын гурав нь аялал жуулчлалын салбартай шууд уялддаг. Иймээс манай салбар хүүхдүүдэд эерэгээр болон сөргөөр хэрхэн нөлөөж буйг ойлгож, хүүхдэд-ээлтэй зорин очих газрын менежмент, зохицуулалт хийх нь чухал юм.
Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаа: Хүүхдийг ээлтэй аялуулах нэгдсэн стандарттай болох хэрэгтэй
-Хүүхдийг ээлтэй аялуулах талаар нэгдсэн стандарт, бодлого зохицуулалт шаардлагатай. Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмаа анхаарах хэрэгтэй. Үүний тулд хамгийн түрүүнд хүүхэд хамгааллын асуудлыг бий болгох юм. Аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд хүүхдийг аюулгүй байлгахад хэрхэн анхаарах талаар ойлголт мэдээлэл тааруу байдаг. Эцэг эхчүүд ч мөн адил бидний очсон газарт хүүхэд тухтай, аюулгүй байж чадах уу гэдгийг бодож байх нь чухал. Гэтэл одоо бол голын эрэг очлоо гэхэд хүүхдээ хараа хяналтгүй орхисноос усанд эндэх, аюулгүй тээвэрлээгүйгээс зам тээврийн осолд өртөж байна. Энэ мэтээр хүүхэд хамгааллын шаардлагатай стандартуудыг бодлогын түвшинд тогтоож өгөх хэрэгтэй.
Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн гишүүн, доктор Д.Гансүх: Аялал жуулчлалын салбарт 13-15 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
-Аялал жуулчлалыг хүүхдэд ээлтэй байдлаар хөгжүүлэх нь жижиг мэт боловч ойрын ирээдүйн хамгийн том сэдэв юм. Хүүхдийн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг улс орнууд маш идэвхтэй судалж, хэрэгжүүлж байна. Аялал жуулчлалын салбар хүүхдэд ээлтэй байхад хамгийн их анхаарал татаж, судалгаагаар асуудал дагуулж байгаа нь хүүхдийн хүчирхийлэл. Тиймээс энэ эрсдлийг хаахын тулд маш сайн анхаарах ёстой. Нөгөөх нь хөдөлмөр эрхлэлт. Дэлхий нийтэд аялал жуулчлалын салбарт 13-15 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа мэдээлэл бий. Аяллын явцад хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ. Наад зах нь хүүхдийг аялах явцад тэдэнд тохирсон ор, угаалтуураас эхлээд аюулгүй орчин бүрдүүлэх, байгаль хамгаалах боловсрол олгох зэрэг олон асуудал хөндөгдөнө. Хүүхдүүдэд зориулсан хямд төсөр, тухтай аяллын газар дэлхийн хот болгонд байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.4 БААСАН № 112 (6589)