Т.САЙХАН
Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 12-аас гуравдугаар сарын 13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд гурван км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн авто замд мөргөлджээ. Зам тээврийн ослын улмаас улмаас нэг жолооч, гурван зорчигчийн амь нас хохирч, хоёр тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна. Улмаар шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхааруулж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тээврийн хэрэгслийн байрлан явах зохицуулалтыг тусгасан байдаг.
Эх сурвалж:www.zms.mn