Б.ТУУЛ

Орчин үед хүмүүс нэг хэв загварт баригдсан үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй  өнгө дизайны өргөн сонголттой гар урлалын бүтээлүүдийг илүү сонирхдог болсон. Тиймээс энэ удаа цахим орчинд хамгийн их эрэлттэй байдаг гоёмсог дизайн шийдэлтэй, нэхмэл  цүнх, гутлын эзэн  “Bulgaa’s handmade” урлангийн захирал, дизайнер М.Эрдэнэбулгыг “Өөр зочин”-оор урилаа.   

 

-Таны урласан нэхмэл сүлжмэл эдлэлүүд дотоодын үйлдвэрлэлд нэгэн шинэ өнгө төрхийг оруулж ирж байна. Хэзээнээс эхэлж энэ төрлийн бүтээлүүдийг урладаг болсон бэ?

-Би одоогоос 6-7 жилийн өмнө нэхмэл урлалаа хийж эхэлсэн.  Тэр үед хүүхдээ төрүүлчихээд, гэртээ асарч байсан учраас заримдаа хийх зүйл олдохгүй маш их уйддаг байлаа.

Тэгээд “Би яагаад гэртээ зүгээр суух ёстой гэж”, “Би юм нэхдэг юм чинь түүнийгээ яагаад хөгжүүлж болохгүй гэж” бодоод, нэхмэл урлалын төрлөөр хийсэн бүтээлүүдийг  цахим орчноос сонирхож, мэдээлэл цуглуулж, “Youtube”-ээс бичлэг үзэж, загвар дизайныг нь сонирхож эхэлсэн. Харин арьсан эдлэлээ жилийн өмнөөс урлаж эхэлсэн. Одоогоор нэхмэл урлал, арьсан урлалын бүтээлүүдээ хослуулаад хийж байна. Арьсан эдлэлийнхээ бэлдэцийг захиалгаар хийлгэдэг. Мөн дээрх хоёр төрлийн бүтээлүүдээ ихэвчлэн захиалгаар хийдэг. 

-Та өмнө нь юм нэхдэг байсан гэж хэллээ. Нэхмэл урлалыг хэзээ сурсан бэ?

-Би дөрөвдүгээр ангид байхдаа юм нэхэж сурсан. Тэр үед 10 настай байсан болов уу. Ээж минь юм нэхдэг уран хүн байсан. Тэгээд ээжээсээ сурсан. Биднийг бага байхад ээж маань малгай ороолт, оймс бээлий гээд олон зүйлийг нэхэж өгдөг байсан. Тэр үеэс л эхэлж сурсан даа.

-“bulgaa’s handmade” урлангаа хэзээ нээсэн бэ. Таныг бас нэхмэл урлал  сонирхдог охид, бүсгүйчүүдэд сургалт явуулдаг гэж бас сонссон?

-Сургалтаа дөрвөн жилийн өмнөөс явуулж эхэлсэн. Гэхдээ тэр үед цөөхөн хүнд гэрээрээ заачихдаг байсан. Харин “bulgaa’s handmade” урлангаа саяхнаас нээсэн. Одоо сургалт болон гар урлалын бүтээлүүдээ урландаа хийж байгаа.

-Нэхмэл эдлэлийн бэлдэц буюу утас хэрэгслийн олдоц нь хэр байдаг вэ. Таны урласан бүтээлүүдийг барьж үзэхэд утас материал нь өөр өөр байх юм?

-Арьс ширэн оруулгатай бүтээлийнхээ бэлдэцийг тусгай захиалгаар хийлгэдэг. Харин нэхмэл эдлэлийнхээ утсыг өөрсдөө захиалаад авдаг. Ер нь бол нэхмэл эдлэлийн бэлдэц нь маш олон төрөл байдаг. Гэхдээ нэг үеэ бодвол нэхмэл урлалын бэлдэцийг манайд олон төрлөөр нь оруулж ирдэг болсон. Жишээ нь, бидний урлаж буй гутал гэхэд л, мяндсан утас, торгон утас гээд материал, чанар нь бас өөр байдаг. Мөн малгай ороолт, цамц нэхэхэд ноос, ноолууран эдлэлийн утсаар нэхэх нь илүү тохиромжтой байдаг. Утасаа мөн чанараас нь шалтгаалаад сайн, муу гээд сонгож авахгүй бол акрилкан утаснаас эхлээд чанар нь тааруухан утаснууд  бас байдаг. Нэг үеэ бодвол манайд туслах материал зарж борлуулдаг хүмүүс их болсон болохоор очоод сонгоод авч болдог. Мөн өөрснөө ч бас захиалаад авах боломжтой байдаг.

-Одоо та хэдэн төрлийн бүтээл урладаг вэ. Цахим орчинд олон төрлийн дизайн шийдэлтэй, нэхмэл урлалын бүтээлүүдийг чинь хүмүүс авлаа, захиаллаа гэсэн байдаг?

-Олон төрлийн л бүтээл урладаг даа. Гэхдээ ер нь тоолж  байгаагүй юм байна. Жишээ нь, хүйтэн сэрүүний улиралд өмсөх зориулалттай  хөвсгөр зөөлөн хүүхдийн цамцыг хөөрхөн загвар дизайн гаргаад таван жилийн өмнөөс л урладаг байсан. Энэ төрлийн бүтээлүүдээ гол төлөв хавар, намар, өвлийн улиралд илүү их хийдэг. Тэр үед хүмүүсийн эрэлт хэрэгцээ нэмэгдээд, асуух захиалах нь их байдаг. Харин зун бол гоёмсог чамин хийцтэй, гутал, цүнх зэргийг түлхүү урладаг.

-Эдгээр бүтээлийнхээ загвар дизайныг та өөрөө гаргадаг уу?

-Одоо юм суръя, хийж бүтээе гэсэн хүн хэрэгтэй мэдээллээ хаанаас л бол хаанаас олоод үзэх боломж бүрджээ. Миний хувьд, өөрийнхөө санаа шийдлийг  яаж илүү гоёмсог, дэгжин харагдуулах вэ. Өмсөхөд биед эвтэйхэн байлгах вэ гээд их боддог. Тэгээд зарим хэрэгтэй зүйлсээ интернэтээс,  гадны сайт, сургалтын төвүүдийн мэдээллээс олж хараад суралцаад явдаг.

-Таныг бэлэн бараа бараг зардаггүй, захиалгаар үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтэд  нийцсэн бүтээлийг цөөн тоогоор, цор ганцхан хувилбараар гаргадаг гэж сонссон, үнэн үү?

-Бараг л үнэн дээ. Үйлчлүүлэгчид маань үүнд дуртай байдаг. Би ихэнх бүтээгдэхүүнээ захиалгаар хийдэг. Зарим нь үнэхээр тухайн үйлчлүүлэгчийнхээ санаа шийдэлд нийцсэн цор ганцхан бүтээл байдаг. Зарим хүн яг ийм гутал цүнхийг өөртөө зориулаад хийж, нэхэж өмсмөөр байна гээд яваад ирдэг. Тэр тохиолдолд сургалтанд хамруулаад, зааж зөвлөөд, өөрийнхөө хүссэн гутал, цүнхийг өөрснөө урлаад өмсдөг хүмүүс  байдаг.

-Зарим гар урлалын бүтээлүүд тогтсон нэг хэв загвартай байдаг. Нэхмэл урлалын хувьд хэв загварт баригдана гэж байдаг уу. Таны бүтээлүүдийг харахад, арьс ширэн оруулгатай цүнх, гутал нь янз бүрийн дизайн шийдэлтэй харагдах юм?

-Нэхмэл урлалд хэв загварт баригдана гэсэн ойлголт байдаггүй. Би юу л  хүснэ, түүнийгээ урлаж чаддаг. Жишээ нь, зуны улиралд хамгийн их эрэлттэй байдаг нэхмэл ботинк, зуны шаахай зэрэг бүтээлүүдийнхээ хэв загвар, дизайн шийдлийг хэний ч санаа шийдлийг оруулахгүйгээр би өөрөө л урладаг. Одоо манайд арьсан урлал, нэхмэл урлал гээд гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон хүн байдаг. Тэгвэл “bulgaa’s handmade” урланд үйлдвэрлэсэн эдгээр бүтээл маань цор ганцхан миний бүтээл байдаг. Үүгээрээ л бусдаас ялгарахыг хичээдэг. Манай цүнхнүүд тод өнгө, үндэснийхээ соёлыг агуулсан сонгодог хээ угалзтай, арьс ширэн оруулгатай,  янз бүрийн өнгө, хэлбэр дизайнтай байдаг. Энэ л миний нэрийн хуудас болж өгдөг дөө.

-Манайх чинь импортын барааныхаа 70 хувийг урд  хөршөөс оруулж ирдэг. Яг энэ төрлийн гутал хувцас хэр орж ирдэг юм бол?

-Бараг л байхгүй дээ. Одоогоор миний урлаж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төстэй бараа орж ирснийг олж хараагүй л явна. Өөрөөр хэлбэл, нэхмэл урлалыг дотооддоо 100 хувь хөгжүүлж байгаа гэж ойлгодог шүү дээ. Арьсан эдлэлийн бэлдэцийн хувьд дуураймал арьс орж ирэх нь элбэг байдаг. Гэхдээ миний хувьд, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээд, арьс ширэн эдлэлийнхээ бэлдэцийг дотоодоосоо захиалж авдаг.

-Нэхмэл гутал бол таны өөрийн брэнд юм байна лээ. Бусад гутлаас юугаараа ялгарах вэ?

-Нэхмэл гутал маш олон давуу талтай. Эрүүл мэндэд ч олон талын ач холбогдолтой. Жишээ нь,өмсөхөд биед эвтэйхэн, хөнгөн. Зуны улиралд нар салхи, агаарын солилцоог шууд нэвтрүүлнэ, чийг татахгүй. Гуравдугаарт, урагдлаа гэхэд хаяхгүйгээр, дахин сэргээн засварлаад өмсөж болдог. Ул нь бүтэн байвал дахиад яг адилхан гутал захиалаад, нэхүүлээд өмсөж болно. Би эдгээр бүтээгдэхүүнээ урлахдаа өнгө дизайн шийдэл, орчин үеийн хэв загвар, хэрэглээ чанар, хог хаягдлыг бууруулах, байгальд ээлтэй байх гээд олон талаас нь бодолцож бүтээгдэхүүнээ урладаг.  Гутал гэхэд л арчилгаа тордолгоо нь хялбар, угаалгын машинд хийгээд угаагаад өмсчихдөг, энгийн хэрэглээтэй байхаар бодож хийдэг.

FACEBOOK

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.4 БААСАН № 112 (6589)