Ч.ОЛДОХ

 

Равжаа судлалын Олон улсын төвийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэдтэй ярилцлаа.

 

-Таныг сонин тоолол­той цаг хийлгэсэн тухай­гаа МҮОНРТ-ээр ярьсан гэж сонссон. Уншигчдын­хаа хүсэлтээр тэр тухай  тодруулах гэсэн юм?

-Шийдлийг нь бодож олоод олон жил болсон ч хийж өгөх газар олдохгүй байсаар хугацаа алдсан “Хоёр хэмжээст” цагны тухай би МҮОНРТ-ийн “Өглөө” хөтөлбөрөөр ярьсан юм. Тэр тухай асууж байгаа болов уу.

-Тэр цагны тухай манай уншигчид олж сонс­чихоод яаж олж авахыг  тодруулж өгөөч гэж бидэнд  хандлаа?

-Сонирхолтой гэхээс илүү хэрэгцээ ихтэй цаг юм. Монголчууд төдий­гүй Азийн олон орон хулгана, үхэр, бар гэж эхэлдэг 12 жилээр оны дарааллыг нэрлэж, бас өдрийн цагийг амьтдын нэртэй 12-хон цагаар хэм­жиж ирсэн уламж­лал­тай. Энэ нь цаанаа од эрхэс, зур­хайн цаг тооны барилд­ла­гатай уялдсан маш нарийн утга учиртай байдаг. Мал­чин удмын монголчууд энэ уламж­лалыг дагаж олон зан үйлээ гүйцэтгэ­дэг. Найр хурим үүсгэх, шинэ гэр барих, хүүхдийн даахь үргээх, хурдны морио барихаас эхлээд өдрийн  сайн,  муу цагийн тухай эрэл сурал болж, лам хуврагаас асууж давхиц­гаадаг. Айл бүхэн гэртээ, хүн бүхэн бугуйндаа бас гар утсандаа орчин үеийн цагтай боловч уламжлалт морь, хонин цагаа хэдий­нээс хэдийд болдогийг мэддэггүй. Одоо бол өд­рийн 11.40-13.40-д морин цаг болдогийг  гайгүй сайн мэддэг болцгоож байх шив дээ. Энэ бүх­нийг бодол­цож  хоногийн 24 цаг, уламжлалт 12 цагийг нэг дугуйд багтаасан “Хоёр хэмжээст” цаг хийлгээд одоо л олон нийтэд хүргэх гэж байна.

-Та нэлээд эрт хийлгэ­сэн юм биш үү?

-Улирагч оны эхээр үйлдвэрээсээ авсан. Тэгээд энэ онд болох Их Хутаг­тынхаа 210 жилийн ойд зориулж сүсэгтэн олон, гэгээнтнийхээ хойч үеийн­хэнд хүргэхийг зорьсон юм.

-Цагныхаа тухай жаахан тодруулахгүй юу. Зүүний эргэх горимоос   эхлээд цаг тооллыг хэрхэн зааж буй нь   сонин байна?

-30 см-ийн хэмжээтэй ханын том цаг байгаа юм. Хоёр зүүтэй. Зүү нь хоног­тоо ганцхан эргэж уламж­лалт 12 жилээр нэрлэсэн цагийг заана. Дотор нь суулгасан жижиг цаг  хоногийн 24 цагийг заана. Хоёр өөр цагийн заалтыг харьцуулж хараад хүн өөрөө хэрэгтэй цагаа мэ­дэж амьдралдаа ашиглана гэсэн үг.

-Та санаж сэдээд уд­сан, бас хийлгэх газар олдохгүй цаг алдсанаа  түрүүнд дурьдсан. Шалт­гаан нь юу байв?

-Аливаа шинэ зүйл бэрхшээлийг давж бүтдэг. Цагаа үйлдвэрлүүлэх бай­тугай нүүрнийх нь зургийг гаргуулах гээд зураачид ойлгож өгдөггүй.  Бас 12 жилийг монгол уламж­лалаар гоё зурдаг хүн олддоггүй. Монгол зургийн аргаар зуруулсан зургийг үйлдвэрийн дизайнч нар нь ойлгодоггүй. Эхлээд Японд хийлгэе гэж бодож  багагүй  хөөцөлдсөн. Гэтэл Японы цагны үйлдвэрүүд патентаа худалдчихвал хийж өгье гэсэн. Хайран санагдаад, Солонгос, Хята­даар явж судлаад, эцэст нь урд хөршид хийлгэсэн. Тэр бүхэнд наддаа бол чамгүй зардал гарсан. Хийлгэж авчраад Оюуны өмчийн газарт бүртгүүлэх гэж хуулийн хугацааг хүлээж нэлээд удсан. Санаж сэдсэнээс хойш лавтайяа таван жил өнгөрсөн дөө. “Хоёр хэм­жээст” цаг байтугай хо­гийн сав ч үйлдвэрлэ­дэг­гүй улс орон гэдэг хэ­цүү юм байна гэж бодогдсон.

-Та түрүүнд Равжаа хутагтын ойн тухай цухас дурьдлаа. Чухам хэдийд тэмдэглэлт баяр ёслол нь болох вэ?

-Бид 1993 оноос хойш таван жил тутамд гэгээнт­нийхээ ойг тэмдэглэж ирсэн. Ойг тэмдэглэх жилийнхээ наймдугаар сарын эхний арав хоногт хийдэг. Аймгийн наадам­тай давхцуулалгүй, уламж­­лалаараа баяр ёсло­лоо тэмдэглэе гэсэн са­нал­тай байгаа. Аймгийн удирдлага шийднэ. Хутаг­тын ой бол наадам гэхээ­сээ  илүү буддын гүн ухаан, соёл, шашны зан үйлийг багтаасан, их гэгээнтэндээ тайлангаа тавьдаг, сүсэгтэн олондоо хүндэтгэл үзүүлдэг өвөр­мөц цогц баяр ёслол. Мөн цаашид хийх ажлын хандлагыг тогтоож өгдөг том үйл ажиллагаа юм.

-Ой угтсан ажлынхаа тухай товч хэлэхгүй юу?

-Дорноговьд манай тахилч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтан­гэрэ­лийн бүтээн босголтын ажил үргэлжилнэ. Энэ талаар яривал их зүйл бий. Бид судалгааныхаа ажлын дүнг гаргаж байна. Хутагтын амьдрал, уран бүтээл, хутагтад зориулж бичсэн орчин үеийн зохиолчдын хөдөлмөрөөр гурван боть гаргахаар зэхэж байна. Тэр бүхнийг тоочих аргагүй.

-Цагны  тухай яриан­даа эргэж оръё. Одоо хаанаас тэр цагийг олж авч болох вэ?

-Оюуны өмчийн газар сая л олон нийтэд хүргэх зөвшөөрөл олгосон. Дэл­гүүрээр бараг худалдаа­лаг­дахгүй болов уу. Дор­ноговь, Говьсүмбэр, Дар­хан, Эрдэнэт гээд бидэн­тэй хамтран ажиллаж ирсэн хүмүүстээ эхний ээлжинд хүргэнэ. Тийм олныг үйлдвэрлүүлээгүй. Гэхдээ зардлаа  олж авах хэмжээнд борлуулна. Бурхны шашны эд зүйлсийн болон бэлэг дурсгалын зарим дэлгүүрт  тавина гэж бодож байгаа.

-Цаг зав гаргаж ярилц­санд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье, Хутагтынхаа ойг сайхан тэмдэглээрэй.