А.ДОРЖХАНД

 

“Хилчин” спорт хорооны бөх, хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, самбо, жүдо бөхийн ОУХМ, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат аймгийн арслан  Д.Аззаяатай ярилцлаа.

 

-Та хамгийн сүүлд ”Их шөвөг” нэвтрүүлэгт  “Хилчин” спорт хорооны нэр дээр оролцож барилдсан. Тухайн нэвтрүүлгийн онцлог нь юу байв. Энэ талаар ярилцлагаа эхлье?

-Тийм ээ. Саяхан би SPS телевизээс зохион байгуулсан “Их шөвөг” нэвтрүүлэгт  оролцсон. Энэ нэвтрүүлэгт олон сайхан залуус оролцсон. ”Аврагч” спорт хороо болон манай “Хилчин” спорт хороо хоёр баг болон хоорондоо барилдсан. Тус  нэвтрүүлгийн онцлог нь барилдаж буй бөхчүүд нь барилдахдаа огт барьц сонгоогүй дандаа золгож барилдсан. Нэг тойрогт таван барилдаан гарсан бөхчүүдийн хувьд сайхан бэлтгэл болсон юм болов уу гэж бодсон. Их шөвөг нэвтрүүлэгт оролцсондоо сэтгэл хангалуун байгаа. Цаашдаа олон сайхан залуучуудыг оролцуулах байх.

-Харин та хэзээнээс эхэлж бөхөөр хичээллэх болов. Барилдаж эхлэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Манай аавын аав нь аймгийн начин хүн байсан гэдэг. Мөн манай Дэлгэрхаан суманд Өндөр Совд гэж хүн байсан гэнэ лээ. Харин би багадаа их биерхүү хүүхэд байсан, Хүн болгон бөх болно гэдэг байсан тэр их нөлөөлсөн юм болов уу гэж боддог. 2009 оноос эхлэн барилдаж эхэлсэн. Хамгийн анх Чингэлтэй дүүргийн Хадаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Тухайн барилдаанд түрүүлээд их урам авч байлаа. Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн есдүгээр ангийг төгсөөд “Аварга” сургуулийн лицейд суралцаж улсын начин уран барилдаант Б.Адъяахүү багшийнхаа шавь нь болсон. Үндэсний бөхөөс гадна самбо, жүдо, чөлөөт, сүмо гээд бөхийн олон төрлөөр барилдаж тэмцээн уралдаануудад оролцдог хүүхэд байлаа.

-Ямар тэмцээнүүдэд оролцож байв. Тухайн тэмцээнүүдийхээ талаар та бидэнд сонирхуулахгүй юу?

-Энэ нь дандаа өсвөр үе, залуучуудын тэмцээнүүд л дээ. Жүдо бөхөөр өсвөр үе, залуучууддаа мөнгө, хүрэл медаль авч байсан. Харин самбо бөхийн улсын аваргаар мөнгөн медаль аваад дараа нь энэ төрлөөрөө Азийн аварга болсон. Мөн самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. Сүмо бөхөөр гэх юм бол дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай.

-Та сумын цолтой бөхчүүдийн барилдаанд хэрхэн барилддаг байв?

-Би сумын цолтой бөхчүүдийн барилдаанд сумын цолгүй хүүхэд барилддаг байлаа. Их сайн дээшээ барилдахгүй ч огт өнжихгүй барилдана. Нэг удаагийн цагаан сарын барилдаанд шөвгөрчихөөд их баярлаж байсан. Тус барилдаанд сайн учраануудыг давж байсан. Тухайлбал, тавын даваанд Баатарсүрэнг давж байлаа. Харин зургаагийн даваанд Говь-Алтайн Энхсайханд унаж байсан. Сэтгэлд үлдсэн сайхан барилдаануудын маань нэг яах аргагүй мөн. Цагаан сарын барилдаан ер нь сайхан. Би цагаан сарын барилдаанд сайн барилдах юмсан гэж их хичээдэг. Сайхан барилдчихаад гэртээ битүүрэх сайхан шүү дээ.

-Таны аймгийн начин цол хүртэж байсан барилдаан ч мөн сонирхолтой байдаг?

-Тийм ээ. Би сумын цолгүй байхдаа аймгийнхаа наадамд барилдаад аймгийн начин цолыг 2012 онд авч байлаа. Өмнө нь сумын наадамд шөвгийн дөрөвт үлдээд уначихдаг байлаа. Харин тэр жил сайн барилдаж аймгийн начин цолыг хүртсэн. Үүнээс хойш  2014, 2015 оны наадамд начин цолоо хоёр жил баталсан.  Ер нь бүх наадам өөрийн гэсэн онцлогтой байдаг. Харин аймгийн харцага цолыг 2016 онд хүртсэн. Тус наадамд шөвгийн дөрөвт үлдээд одоогийн аймгийн арслан Г.Бадрахад хутгах мэхэнд нь унаж байлаа. Аймгийн арслан цолыг 2018 онд авсан, дөрвийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг давж үзүүр түрүүнд нутгийн бөх Мандалбатыг алсын сүвээ аваад хөнтөрч даваад түрүүлж байлаа. Олон жил хөдөлмөрлөж авсан цол болохоор аймгийн арслан цолондоо их хайртай. Бөх хүн ямар ч цол хүртсэн түүндээ эзэн нь байх хамгийн сайхан.

-Таныг бөх сонирхогчид улсын цолтой бөхчүүдтэй их сайн барилддаг мөн баргийн бөхөд бярдуулдаггүй бөх гэж дүгнэдэг. Таны барилдааны онцлог гэвэл?

-Миний бодлоор бөх хүн дэвжээн дээр барилдахдаа сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Учир нь учраа бөхөөсөө айгаад эмээгээд байвал амжилттай барилдаж чадахгүй шүү дээ. Мэх давтахаас гадна сэтгэл зүйгээ ч давхар бэлдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Миний хувьд өөрөөсөө дээш цолтой бөхтэй барилдах тусам илүү тайван байдаг. Амлуулаад барилдах мөн тэр олон бөхөөс хэн ч амлахгүй тунана гэдэг сайхан санагддаг. Харин миний барилдааны онцлог гэвэл биеэ их сулладаг, золгооноос илүү сайн барилддаг гэж боддог. Аймгийн харцага цолтой байхдаа улс, аймгийн цолтой бөхчүүдийн хоёр том барилдаанд их шөвөгт шалгарч байсан нь дурсамжтай санагддаг. Тухайн хоёр барилдааны нэг нь аймгийн харцага цолтой байхдаа “Эх орончдын өдөрт зориулсан” 2018 оны барилдаан.

Тус барилдаанд Ц.Содномдорж арсланг хөнтөрөөд алсын сүвээ аваад давж, харин улсын Б.Бат-Өлзий харцагыг барьц сонгоод давж их шөвөгт шалгарч байсан. Харин аймгийн арслан цол авсныхаа дараа жил нь буюу 2019 онд “Буур Жамъян” аваргын нэрэмжит барилдаанд шөвгийн дөрөвт шалгарсан. Тэр барилдаанд улсын олон сайхан бөхтэй учраа таарч барилдаж байлаа. Тухайлбал, дөрвийн даваанд улсын заан Б.Соронзонболд таарсан. Би зааныг элэг бүс сэнжигнээс дунгуйлдаж татаад давсан. Тавын даваанд М.Өсөхбаяр заанд амлуулсан мөн би зааныг тойруулж байгаад суйлаад хаясан. Харин зургаагийн даваанд Ч.Хөхчирэнгэр начинтай тунаж барилдаад давж байлаа.

-Мөн 2019 оны улсын наадмын дөрвийн давааны талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ барилдааны талаар эргээд нэг дурсвал?

-Тийм ээ. Тэр жилийн улсын наадмаар одоогийн аварга П.Бүрэнтөгстэй дөрвийн даваанд таарч барилдсан. Одоогоо бодвол аварга нэлээн жинтэй байсан. Золгоод сүүлдээ хоёр гурав ч барьц сонгосон. Тэр нэлээн тэвчээр шаардсан барилдаан болж байлаа. Цаг нь арай болоогүй юм байлгүй дээ гэж бодсон.

-Та өнөөгийн бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Үндэсний бөхөөр хичээллэх их зөв хүмүүжлийг олж авна, гол нь монгол ёсоо мэддэг болдог. Биеэ их суллаж барилддаг золгоон дээрээс сайн барилддаг гэж боддог. Энэ жилээс барьц сонгоо байхгүй болж байгаа, сайхан золгоод барилдана гэж бодож байна. Хэн тэвчээртэй нь давах байх. Миний нэг санаа зовж явдаг зүйлийн нэг бол зодог шуудагны асуудал. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Зодог шуудагны стандарт тогтоох тал дээр анхаараасай гэж боддог. Мөрөө давсан зодог барихын эцэс байдаггүй зарим нь хатуулаг хийчихсэн байх тохиолдол ч бий. Мөн хөлийн цэцдийг залуу хүмүүс ажиллаасай гэж боддог. Учир нь хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж барилдаж буй бөхчүүд хохирох нь бий. Тэр камераар харна гэдэг зөв, үүнийг дэмжиж байгаа.

-Та энэ зун хаана зодоглох вэ?

-Энэ зун манай сумын 90 жилийн ой тохиож байгаа. Манай сум Чингис хааны их Аураг байсан түүхэн нутаг. Тиймээс нутагтаа түрүүлж зодоглоно. Түүний дараа улсдаа ирж 100 жилдээ барилдана. Ярилцлагынхаа төгсгөлд өсөж төрсөн нутгийнхандаа түүхт ойн мэнд дэвшүүлье. Мөн дэмжиж тусалдаг “Тулгуурт уян хийц“ компанийн захирал Түвшинбат ахдаа баярлаж явдагаа илэрхийлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.28 БААСАН № 108 (6585)