Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Монгол Улс Токиогийн   олимпоос боксын төрөлд шинэ аваргатай болно гэсэн  тоймыг Чех улсад саяхан болсон  Олон улсын “Гран при” тэмцээний дараахан  спортын тоймчид бичжээ. Энэ тэмцээнд Монголын ширэн бээлийтнүүд багаараа алтан медаль хүртэж үргэлжлүүлээд Дубайд болох  Азийн аварга шалгаруулах тэмцээний  бэлтгэлд  гараад байна.  Ирээдүйн олимпийн аваргад нэр дурдагдаж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалт, Азийн наадмын аварга, Олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатарын багш Баянгол спорт хорооны дасгалжуулагч Батбуянгийн Энхтайваныг “Амьдралын тойрог” буланд  зочноор  урьсан юм.

 

МОНГОЛ  УЛСЫН  НАЙМАН УДААГИЙН АВАРГА БОКСЧИН 

 

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатын хамт.

Б.Энхтайван багш 1970 онд Дорнод аймагт төрж өссөн талын хүн юм. Айлын зургаа дахь хүү, дээрээ таван ахтай. Социализмын их  хөдөлмөрийн он жилүүдэд аав Батбуян  нь нэгдэл дундын үйлдвэрийн жолооч, ээж  Сэр-Од  нь ноос угаах үйлдвэрийн ноос ялгагч ажилтай, өглөө гараад орой ирдэг хөдөлмөрч хүмүүс байв. Түүний хувьд айлын отгон хүү гэж эрхлээгүй, харин ч  усаа авах, түлээ модоо хагалах гээд ажлын буулганд, ах нарынхаа даруулганд өсчээ.

Багаасаа гар бөмбөг, сагс  тоглож, спортод дурлаж өссөн хүү 1988 онд 18 настайдаа    боксын спортоор хичээллэж эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр боксоор хичээллээд гуравхан сарын дараа  Улсын аварга шалгаруулах тэмцээнээс  алтан медаль авч байсан гэдэг.

 1990 онд  тэрээр цэрэгт татагдаж,  тэндээсээ “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж 10 жил ажиллажээ.  Тамирчин байх үедээ улсын аваргын тэмцээнд шуугиулж явсан тэрээр  зодог тайлснаас хойш  дасгалжуулагч болж боксын  спортод   32  жил  үнэнчээр зүтгэж  байна.

Ямар ч спортод тухайн тамирчны анхны суурийг  зөв, сайн тавьж өгөх  анхны багшийн үүрэг, хөдөлмөр  зүтгэл их байдаг. Тэгвэл  Б.Энхтайвангийн анхны багш нь  Дорнод аймагт боксын спортын тулгын чулууг тавьж,  “Талын бүргэд” боксын клубыг үүсгэн байгуулсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ёндонгийн Төмөрбат юм. Олон шавь  нарынх нь нэрлэснээр Ё.Төмөрбат багш бол  “Монголын боксын амьд домог”-уудын нэг. Бүх юм хаалттай, тэр тусмаа боксын спортын талаар  ойлголт дулимаг, ер нь л  хулиган, танхайчууд цуглардаг газар гэх нь холгүй ярьж хэлж байсан социализмын үед 1980-аад оны дундуур  тэрээр Дорнод аймагт боксын спортыг хөгжүүлэх гэж томилолт өвөртлөн очсон байдаг. Олон цугласан их  хөлийн газар, бүтээн байгуулалтын ажилд  энд тэндээс залуучууд их цугласан Чойбалсан хотын  залуус түүнийг “Хотоос нэг сүрхий зодоонч ирж гэнэ” гээд хутгалж байсан гашуун  түүхтэй. Тэмцээн зохион байгуултал  зодоон болон  хувирч, энэ чинь  спорт, дүрэмтэй тоглолт, тэмцээн юм шүү  гэдгийг ойлгуулах гэж  зүтгэсээр тал нутгаасаа шилдэг боксчид, боксын дасгалжуулагч, шүүгч нарыг  төрүүлсэн гайхам гавьяатай. Өдгөө Дорнод аймаг боксчдынхоо тоогоор ч, тэдний  амжилтаар   ч 21 аймгийг тэргүүлж байна.

 Манай нийтлэлийн баатар Ё.Төмөрбат багшийнхаа удирдлагад боксчин болж, ид тамирчин байхдаа Боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс  хүрэл медаль хүртэж байжээ. Улсын аваргад найман удаа түрүүлнэ гэдэг баргийн  хүнээс гарамгүй амжилт. Тэр үед Дорнодын Энхтайван хэмээн шуугиулсан боксчин, гараад ганц цохилтоор өрсөлдөгчөө ялдаг байсныг үеийнхэн нь хэлдэг. Тэр тухайд өөрөөс нь асуувал “Залуу байж дээ, бас бяртай байсан байх. Гараад хүч үзэхэд өрсөлдөгчөө  цохиод унагаачихдаг байсан. Тэр үеийн бээлий  нимгэн, бүтэн атгалттай байсан” хэмээн дурсч байна.

 

ШАВЬ НАР НЬ  БҮГД  МЕДАЛЬТАЙ

Монголын боксын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдын хамт. 2015 он

Дасгалжуулагч байх хариуцлагатай хийгээд өсвөрийн тамирчид, ирээдүйн аваргуудыг бэлтгэхэд  сэтгэл,  зүтгэлээ зориулах амаргүй хөдөлмөрт  тэрээр 2004 оноос оржээ. Дасгалжуулагч болоход ч Ё.Төмөрбат багшаасаа суралцсан зүйл түүнд  их бий. Тиймээс өнөө хүртэл багшаасаа сурснаараа амьдарч  явна  хэмээн тэрээр ярьж байна.

Б.Энхтайван багш 2006 онд Баянгол  дүүргийн Спорт хорооны боксын дасгалжуулагчаар томилогдсоноос  хойш өнөөдрийг хүртэл тэнд ажиллаж байна. Завсарт нь  2013 оны үед  Боксын  эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар хэсэг ажиллаж, Монголдоо  анхдагч болсон түүхэн  амжилтуудыг үзүүлсэн юм. 

Түүнийг анх дасгалжуулагч болоход энэ спортоор хичээллэх хүүхдийн тоо огцом өсч, бараг 200-300 хүүхэд  заалны багтаамжаас шалтгаалан  хэд хэдэн  ээлжээр хичээллэдэг байв. Тэднээс  тэсвэр тэвчээр, хатуужил зүтгэл шаардсан тамирчны замыг сонгох нь гарын  хуруунд багтам  цөөн. Тэр  шавь нараас нь Ази тивийн  аварга, Азийн тоглолтын аварга, Дэлхийн залуучууд, оюутны спортын наадмын мөнгөн медалть, Дэлхийн аваргын хүрэл медальт тамирчид бий.  Тодруулбал, Азийн тоглолтын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатар, Дэлхийн оюутны наадмын  мөнгөн медальт Э.Ариунболд, Ази тивийн аваргын мөнгөн медальт Д.Мөнх-Эрдэнэ нар түүний шавь юм.

Олон шавьтай Б.Энхтайван дасгалжуулагчийнх   хоёр хүүтэй. Эхнэр М.Энхсайхан нь багш мэргэжилтэй, Дарьгангын сайхан бүсгүйчүүдийн нэг ажээ. Бага хүү Энхсүх нь боксын спортоор хичээллэж, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан сайн тамирчдын нэг байсан ч цэрэгт явж ирснээс хойш ажил, амьдралын зам хөөж боксын спортоо орхижээ.

 

 МОНГОЛЫН БОКСЧДЫН  ОРГИЛ ҮЕД ЗОРЬЖ  ИРСЭН “ОД” ШАВЬ НЬ Э.ЦЭНДБААТАР 

 

Бээжин-2008 олимпийн наадмаас Монголын ширэн бээлийтнүүд алт, мөнгөн медаль ихэрлүүлэн хүртсэн азтай үеийг боксчдын оргил үе хэмээн ярьж, бичдэг. Энэ давалгаагаар олон хүүхэд “Боксчин болно, ирээдүйн аварга болно”  хэмээн Спортын төв ордныг зорьж, ойролцоох спорт клубуудын үүдийг тогшиж, багш нарыг амраахгүй  бужигнасан гэдэг. Э.Цэндбаатар  энэ л үеэс боксын спортоор хичээллэхээр Б.Энхтайван багштайгаа уулзжээ. Тухайн үед хичээлийн шинэ жил эхлээд удаагүй есдүгээр сарын дундуур 10 орчим насны мяраалаг  хүү цүнхээ үүрээд иржээ.  Тэрээр шавийнхаа тухай “Анх харахад авхаалжтай, сэргэлэн хүү харагдсан. Заасан зүйлийг маш сайн сурна. Гүйцэтгэл маш сайн. Рингэн дээр тоглож  байгаа  үеийнхнээ хараад  хэнтэй  яаж  тоглохоо  өөрөө  шийдчихдэг байсан. Тэр  үеэс  өнөөдрийг  хүртэл  надтай  хамт явж  байна  даа” хэмээн  ярьж байна.

Э.Цэндбаатар Улсын шигшээ багийн тамирчин болсон ч багш, шавь хоёрын холбоо тасраагүй.  Б.Энхтайван багш  бол шавь нараа  ямар ч тэмцээнд оролцож, ялж, ялагдсан маргааш нь бэлтгэлээ заавал хий гэдэг  зарчимтай. Шавь нар нь тэр  л зарчмыг баримталж энэ хүрчээ. Багш, шавь хоёрын анхны  тэмцээн нь  цүнхээ үүрсэн жаахан хүү Э.Цэндбаатар   Б.Энхтайван дасгалжуулагч дээр ирж боксоор хичээллэснээс хоёр сарын дараа болжээ.  Тэр нь боксчин С.Батсүхийн нэрэмжит боксын өсвөр үеийнхний тэмцээн байсан бөгөөд  шууд алтан медаль хүртжээ. Энэ  тэмцээнд тэдний  клубын бусад тамирчид ч амжилттай оролцож, багаараа гуравдугаар байрт орж байжээ.  Үүнээс эхлэн  Э.Цэндбаатар  Монголд болсон бүх тэмцээнээс медаль авсан байна. Б.Энхтайван багшийн хувьд шавийнхаа амжилтад хамгийн их баярласан мөч  нь 2013 онд 17 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга болсон мөч гэнэ. Харин 18 настай болоход нь Монголын  боксын холбооноос 18 настанг оруулахгүй гэсэн шийдвэр гарч  дараа жилийнх нь улсын аваргын тэмцээнд орж чадаагүй бол  түүний дараагийн хоёр улсын аваргаар түрүүлснээр амжилтын буухиа эхэлжээ. 2019 оноос хойш Э.Цэндбаатар тэмцээнд ороогүй. Хамгийн сүүлд Ази тивийн аварга болсон. 2021 он гарсаар Чехийн Гран при тэмцээнд түрүүлээд байна. Удахгүй энэ сарын сүүлээр Дубайд болох Азийн аварга шалгуурал тэмцээнд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна.

Б.Энхтайван багш шавийнхаа тухайд “Энд үлдээд тоглолтыг нь телевизээр харах хэцүү юм байна лээ. Рио-гийн олимпийн үеэр дэргэд нь байсан ч болоосой, тэрийг нь хэлэх сэн гээд бодогдож байсан. Гэхдээ бид хоёр цахим ертөнцөд байнга холбоотой байдаг. Өөрөө удирдаж ажилла, түрүүлж ажилла, санаачилгыг гартаа ав гэж  байнга захидаг даа. Бокс оноо авч тоглодог байсан бол сүүлийн үед хүчний тоглолт давамгайлдаг болсон. Ихэнх тоглолт ойрын болоод дундын зайд болж байна. Тиймээс бэлтгэлээ маш сайн хийж, бүх тал дээр ажиллах ёстой. Ойрын зай, хүч, хурдны дасгалуудад анхаарах хэрэгтэй. Хамгийн чухлаар захих юм түрүүн хэлсэн, өрсөлдөгч тамирчнаа удирдаж тоглох. Тэгж өөрийн арга барилд оруулж, ялалтыг авна. Шавийнхаа аль орны хэн гэдэг тамирчинтай оноолт таарахыг нь харж байгаад нөгөө тамирчны тоглолтын  онцлог, арга барилыг судлаад бичээд явуулдаг. Манай Цэндээгийн нэг давуу тал бол хэлсэн, ярьсныг яг хийдэг. Чадна гэсэн бол түүндээ хүрдэг”  хэмээсэн.  “Таны шавь жаахан эрх зантай юм уу, үгүй юу” гэсэн асуултад тэрээр “Уг нь  айлын дундах хүүхэд. Дээрээ ах, эгчтэй, дороо нэг дүүтэй. Гэхдээ л эрх тал бий. Аав, ээж  нь Архангай аймгийн Чулуут сумын хүмүүс. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хүүгээ боксоор хичээллэж эхлэхээс л дэмжсэн, ээж нь бол хоол ундыг хнь тохируулахаас өгсүүлээд хүүдээ анхаардаг мундаг эмэгтэй байдаг юм”  гэв.

 

Б.ЭНХТАЙВАН БАГАДАА  “ЭЭЖ, ААВЫГАА ЗОВООСОН ХҮҮХЭД БОЛОХГҮЙ” ГЭЖ БОДДОГ БАЙЖЭЭ

 

Б.Энхтайван багш багадаа аав, ээжийгээ зовоосон сахилгагүй хүүхэд болохгүй юм  шүү гэж боддог байсан гэнэ. Хэдий бүх юм хаалттай, хараа хяналттай социализмын үе ч гэсэн ах нар нь хэрдээ л  сахилгагүйтнэ. Тиймээс түүнд бодогдсон бодол энэ аж.

Боксын спортын ололт, амжилтын тухайд тэрээр  “Ер нь боксоор хичээллэх нь тухайн хүн заавал аварга, шилдэг тамирчин болохгүй ч гэлээ хүүхэд, залууст зөв үлгэр дууриал болж төлөвшдөг. Боксын спортоор нэгэнт хичээллэж эхэлбэл аяндаа л тухайн хүүхэд, залууст  хүмүүжлийн суурь  сууна.  Заавал олон юм хэлж, чихнээс нь хонх уях шаардлага бараг л үгүй. Энэ спорт өөрөө маш сайн хүмүүжил олгодог”  гэв. Тиймээс тэрээр  шавь нартаа олон таван үг хэлээд байдаггүй байж мэдэх юм. Учир нь шавь нар нь  түүнийг “Манай багш олон таван үггүй, дуу цөөнтэй” гэлцдэг юм билээ.

Цар тахлын хөл хорионы улмаас Б.Энхтайван багш сүүлийн үед бэлтгэл, сургуулилт хийхгүй байгаа. Түүнээс биш өдөрт 20-30 хүүхэд  байнгын хичээллүүлдэг. Одоогоор онлайн сургалттай байгаа аж. Дасгалжуулагчийн хувьд шавь нарынхаа өсвөр үед гаргаж буй амжилтуудыг урам авах урагшлах хүч гэж үздэг. Харин насанд хүрэгчдийн тэмцээн, уралдаан руу ороод яаж тоглож байна гэдэгт ихээхэн анхаардаг. Эндээс их зүйл шалтгаалдаг, хамгийн том шалгуур нь энэ хэмээн хэллээ.

 

“ТОКИОГИЙН ОЛИМПООС МАНАЙ  БОКСЧИД МЕДАЛЬ АВНА”  

 

Энэ он бол олимпийн жил. Токиогийн олмпийн өмнөх үе, Монголын боксчдын ололт, амжилтын тухайд нийтлэлийн зочноос асуухгүй өнгөрч болохгүй. Учир нь тэрээр Монголын боксын ирээдүйг бэлтгэж яваа дасгалжуудлагч. Ингэхдээ магадгүй олимпийн шинэ аваргын анхны суурийг тавьсан, энэ олон жилд бэлдэж ирсэн багш шүү дээ. Гэхдээ тэрээр  аварга төрнө гэж хөөрөх, догдлох эрт. Манай боксынхон чинь маш даруу хүмүүс байдаг юм шүү дээ. Чимээгүй бэлтгэл, сургуулилтаа хийж явдаг хэмээсэн.

Олимпийн өмнөх  боксын тамирчдын  тухайд тэрээр  “Сүүлийн жилүүдэд тэмцээн ,уралдаан цөөхөн болсон.  Товлогпоод байсан зарим тэмцээн хойшилсон. Энэ нь цар тахлын хөл хорионы дэглэмтэй холбоотой . Тэмцээн, уралдаан цөөхөн байх нь тамирчдад туршлага суух боломж хомс байдаг. Одоо харж байхад олимпийн наадамд амжилт гаргах болов уу гэсэн тоотой хэдхэн хүүхэд  л харагдаж байна. өмнө нь бүтэн багаараа тэмцээн, уралдаанд оролцож амжилт гаргадаг байсан бол ганц, нэгхэн лидерүүдтэй болчихсон байна. Ер нь бол тамирчин хүн байнгын бэлтгэл сургуулилттай байж амжилт нь ахина” гэсэн.

Олимпийн өмнө шавь  Э.Цэндбаатарынхаа бэлтгэл сургуулилтын тухайд “Чехийн Гран Прид манай Цэндээ яг өөрийн жинд тоглосон. 60 кг бол  нэмэхгзүй, хасахгүй яг тохирсон жин нь  байгаа юм. Энэ жинд Азийн аварга болсон. Мөн Азийн тоглолтод аваргалсан. Энэ жил бэтгэл их сайн байгаа. Тэгэхээр асуудалгүй байх гэж бодож байна” гэлээ. Бусад боксчдын тухайд ч амжилт үзүүлэх боломж бий гэв.

Эцэст нь тэрэээр боксчин хүнд байх  эрхэм чанарын тухай  “Тэсвэр, тэвчээр, дээр нь хөдөлмөр чухал. Тэвчээртэй, хөдөлмөрч байхад бусад нь болчихно доо гэж шавь нартаа захипаг.  Бусдыг ялахаас илүү өөрийгөө ялж сурах  чухал. Тэгж байж л амжилтад хүрнэ гэдгийг тэд маань напаар хэлүүлэлтгүй мэдэх болсон. Тэгээд ч илүү  үг хэлж дараас болохыг  би хүсдэггүй” хэмээсэн. Боксын спортод аварга төрүүлж буй “Аварга багш” Б.Энхтайван, түүний шавь нарт амжилт ерөөе. Монголын бокс мандтугай.  Удахгүй болох Токиогийн олимпоос  Монгол Улс шинэ аваргатай болох болтугай.

“Баянгол” спорт хорооны боксын багийн анхны шавь нар.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.17 ДАВАА № 99, 100 (6576, 6577)