Олон улсын дуурийн өдөрт
Ч.ҮЛ-ОЛДОХ
Монголын сонгодог урлагийн түүхийг бичилцэн, дэлхийн сор болсон бүтээлүүдийг урлагийн алтан тайзнаа эгшиглүүлж, ард түмнээ соён гэгээрүүлж, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх шанг тавилцсан, сонгодог урлагийн ноён оргил, анхдагчдын нэг бол Монголын дуурийн хатан хаан, ХХ зууны манлай дуучин Хорлоогийн Уртнасан юм.
Ид дуулж байх эгшиглэнт он жилүүдэд нь түүнийг уриагүй үлдсэн театр, зохиолоо өгөөгүй хөгжмийн зохиолч байгаагүй гэдэг. Богинхон хугацаанд ДБЭТ-ын тайзнаа тавигдсан дуурийн бүх гол дүрийг бүтээсэн түүнийг Урлагийн гавяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган “Өөрийнхөө цаг үед манлайлж байсан дуучин” гэж тодорхойлсон бол Ардын жүжигчин А.Дашпэлжээ “Он цагийг эзэлсэн дуучин. Олон улсын тайзнаа Монголын дуурийн дуучдын салхийг хагалсан хатагтай” хэмээн үнэлсэн байдаг. Гэвч шагналын хур өөр рүү нь мөндөр шиг бууж, алтан гургалдайн цээл хоолой харих яагаа ч үгүй байхад тайзнаасаа бууж залуу дуучдад орон зайгаа тавьж өгсөн Х.Уртнасан дуучин өөрийгөө “Би хатан хаан ч биш, од ч биш” хэмээн даруухнаар тодорхойлж байсан юм. Харин агуу дуучнаа ард түмэн “Зууны манлай дуучин” хэмээн өргөмжлөхөд хөл нь газар хүрэхгүй баярласан бөгөөд агуу, даруу хоёрын туйл болсон түүнийг өнөөдөр монголчууд төдийгүй дэлхий Монголын сонгодог урлагийн ноён оргилын нэг, дуурийн хатан хаан, ХХ зууны манлай дуучин” хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрчээ.
Х.Уртнасан дэлхийн сонгодог урлагийг монгол хүний сэтгэхүй, ур ухаанд буухаар тод илэрхийлж, ард түмнийхээ оюун санааны ертөнцийг тэлсэн соён гэгээрүүлэгч, анхдагчдын нэг юм. Малчны хотонд төрж, ижийгээ дагаж үнээ сааж өссөн эрх жаахан охины дэлхийн сонгодог дууриудын гол дүрийг сапоран хоолойгоор бүтээж, цагийг эзэлсэн дуучин хэмээн үнэлүүлсэн түүх бол яах аргагүй ХХ зууны Монголын бахархал, Монгол түмний дундаас мэндэлсэн нэгэн гайхамшигт бүсгүйн түүх билээ.
Тэрээр 1945 онд Улаанбаатар хотод мэндэлж, Төв аймгийн Батсүмбэр суманд бага, дунд сургууль төгсчээ. Аав Цэндийн Хорлоо нь Булган аймгийн Бугат сумын харъяат, ээж Агваандоржийн Авирмэд нь Төв аймгийн Бүрэн сумын хүн бөгөөд 1944 онд гэр бүл болж, дараа жил нь анхны хүүхэд мэндэлсэн нь Х.Уртнасан юм. 1954 онд өрхийн тэргүүн армиас чөлөөнд гарч Цэргийн аж ахуйд бригадын даргаар томилогдсоноор залуу гэр бүл Төв аймгийн Батсүмбэр суманд ажил амьдралын гарааг эхлүүлжээ. Х.Уртнасан долоон нас хүрч байж дүү дагуулсан нь Х.Халтууш 1951 онд, Х.Чимэдцэрэн 1954 онд, Х.Төмөрбаатар 1957 онд, Х.Далантай 1960 онд, Х.Гүрбазар 1962 онд, Х.Доржсэмбэ 1964 онд, Х.Чойжанцан 1967 онд тус тус мэндэлсэн байна.
Х.Уртнасан “Би ээжийнхээ 18-хан насанд цээл сайхан хоолой, ажилсаг хөдөлмөрч зан, шударга шулуун чанар гээд хамаг л сайхныг нь авч мэндэлсэн” хэмээн ярьдаг байв. Ц.Хорлоо, А. Авирмэд нарын хэн хэн нь найранд гурван дуутай, нутаг усандаа ажилсаг хөдөлмөрчөөрөө нэртэй. Найман хүүхэд нь бүгд эвлэгхэн дуулчихдаг ч тэдэн дундаа охин Х.Уртнасан нь адтай. Үхрийн саравчинд дүү нараа тойруулан суулгаад Х.Халтууш дүүгээрээ “Монгол Улсын гавьяат дуучин Цогзолмаа дуулна” хэмээн зарлууж байгаад бяцхан концерт найруулан өдөржин тоглочихдог энэ айлын саалийн хашаанаас дуу хуур тасарсан өдөр бараг байгаагүй гэдэг юм. Эгчийнхээ дууг сонссон дүү нар нь “Гоё байна, ёстой мундаг” хэмээн баярлан хөөрөх магтаал, хашаан дахь үхэр тугалын мөөрөлдөөнтэй хосолсон дуу шуугиантай энэ айлд ирээдүйд дэлхийн тайзнаа Монголын нэрийг гаргах их дуучин төрнө гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ.
Ирж яваа цагийг эзэлсэн алтан тайзны эзэн байх амжилтаа зөгнөн мөрөөдөж явсан охин Монголын радиогоор “Ардын дуу бүжгийн чуулгад дуучин шалгаруулж авна” гэсэн зарлал олоод сонсчихжээ. Энэ бол 1959 он. Ингээд малд нүдтэйн дээр Хөдөлмөрийн баатар саалчин ээжийгээ шөнө хагаслан үнээ саахаар гарахад огт нойрмоглолгүй туслаж, дүү нараа өсгөхөд дэм болж ирсэн охин гэнэт “Би дуучин болно, шалгалт өгнө” гээд дэрвэчихэж. Ээж нь анхны үр, долоон нас хүртэл дүү дагуулалгүй зоргоороо эрхэлж өссөн танхил охиноо үхэр тэргэнд суулгаж аваад хотод ирж шалгалтыг нь өгүүлээд амжиж. Охиноос шалгалт авсан хүн нь малын саравчинд нэрийг нь мянгантаа зарлуулж, орлон тоглож явсан Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Д.Мяасүрэн нар байсан гэдэг. “Материал сайтай, дуучин болох хүүхэд байна” гэсэн тэдний тодорхойлолт урлагийн бурхадын дэргэд үлдэх замыг нээж өгсөн аж.
Улсын ардын дуу бүжгийн чуулгад жил тойрон дадлагажигч хийсэн Х.Уртнасанд ардын дуу оноосон ч нэг л тохирч өгдөггүй. Тэгсэн хэрнээ Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуульд суралцаж байсан тухайн үеийн “Алтан гургалдай” хэмээн алдаршсан А.Загдсүрэнгийн Алтан Москвагаас радиогоор нэвтрэх дууг бол сонсоод л баймаар. Дуурийн дуу гэж юу болохыг мэдэхгүй ч дагаад аялбал дуулчихмаар ч юм шиг. Гэвч тэрийгээ гаргаад хэлчихэж чадахгүй явж байтал багш нар нь нэг өдөр “Тод хэллэгтэй, чанга дуутай юм” гээд зарлагч болгочихсон гэдэг. Зарлагчийн ажлыг харин ч төвөггүй сайн хийчихэж байв. Гэтэл нэг өдөр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав ирж багш нартай нь уулзжээ. Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг бий болгохоор УДБТ-ын дэргэд студи байгуулж дуучин болох залуусыг элсүүлж яваа нь тэр юмсанж. “Энэ хүүхдээ надад өгчих” хэмээн эгээ л бэр буулгах гэж буй мэт багш нарыг нь шалсаар Г.Хайдав багш нь өөрийнхөө студид авахад Л.Цогзолмаа багш нь “За охин минь чи өөрөө л мэд. Дуурийн дуучин болох амаргүй. Сайн багш хэрээ шиг дуугарч байгаа хүнийг ч сайн дуучин болгоно. Муу багш таарвал сайн дуучныг ч хэрээ шиг дуугардаг болгочихдог. Тиймээс чамайг өөрөө мэд гэж байгаа юм. Нэгэнт дуурийн дуучин болохоор шийдсэн бол хичээгээрэй” гэж захиад явуулжээ. Ийнхүү тэрээр 1963-1964 онд УДБЭТ-т дуучнаар ажиллаж, Г.Хайдав багшийнхаа студид Д.Баадайжав, Т.Насанбуян нарын хамт анхны дээд мэргэжил эзэмшсэн 12 дуучны нэг болсон байдаг.
“Үнээний зэлэн дээрээс ирсэн над шиг амьтан яаж чадах вэ” хэмээн өөрийгөө голж шантрах, гоё ганган хувцаслаж, тайзыг амилуулан урлаж буй театрын дуучид, жүжигчдийг харахаар “Тэдэн шиг гоё дуулдаг сайхан дуучин болох юм сан” гэж бодох үетэй бишгүй нүүр тулж явсаар 1968 оноос Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин болов. 1970 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд суралцах завшаан тохиож, хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд УДБЭТ-тын гоцлол дуучнаар хуваарилагдлаа.
Тосч авсан ахмад уран бүтээлч, найруулагчид нь “Энэ хүүхэд чинь харин гайгүй дуучин гарах нь байна. Залгамж халаа болгоод сайтар бэлдэе” гэлцэн ихээхэн найдвар тавьж тал бүрээс нь түшиж тулж, зөвлөөд эхэлсэн нь алдарын оргил руу хөтлөх зам болж өгсөн юм. Анхлан суралцагчаас агуу дуучин болох гарааг ийнхүү эхлүүлснээс хойш тэрээр насан туршдаа суралцаж явлаа. “Одоо болсон” гэж өөртөө сэтгэл ханасан удаа үгүй. Эхний удаа гологдож, дараа нь туршлага сууж, сүүлдээ урмын үг сонсч мэргэжилдээ ахисаар нэг л мэдэхэд сонгодог урлагийн нэрт мастеруудын нэг болсон байлаа. Гэсэн хэдий ч “Би мундаг, би чадсан” гэж гайхуулсан удаа түүнд үгүй. “Өдий зэрэгтэй дуучин болсон минь алтан үеийнхний ач гавьяа. Миний дээд үе намайг суга өсгөсөн юм. Мундаг хүмүүсийн дэргэд юм сурахаас яах билээ. Бүгд надад зааж зөвлөж, тэр бүү хэл тайзан дээр гарахдаа яаж гарах вэ, орохдоо яаж ёслох вэ. Тайзан дээр биеэ яаж авч явахыг хүртэл заасан юм шүү дээ” хэмээн дурссан нь олонтаа.
Г.Хайдав багш нь “Анх над дээр ирэхдээ хоолойн цар хүрээ тийм ч гоц сайн байгаагүй. Гэхдээ цаанаасаа өгөгдөл сайтай, авьяастай хүүхэд байсан. Зөв чиглүүлбэл чадалтай хоолойтой. Дээр нь айлын эрх охин, ихээхэн шартай. Шарыг нь гозойлгоод загначихвал илүү сайн дуулдаг сан. Би ЗХУ-аас сурч мэдэж ирснээ шавь нартаа бүгдийг заах гэж их хичээсэн. Чадсан ч гэж боддог. Миний заасан бүхнээс өөртөө илүү их авч чадсан нь Х.Уртнасанг гэж боддог” хэмээн үнэлсэн байдаг юм. Харин Х.Уртнасан өөрийгөө “Би багштайгаа дуулсан азтай хүн. Дуучид насаа яваад ирэхээр багшилдаг бол миний багш ид дуулж байх үедээ бидэнд багшилсан. Би багшдаа хөтлүүлээд дуурийн тайзанд хамт гарч байлаа. Энэ миний хамгийн том баяр. Урлагийн хэлээр яривал урт түүх. Багш минь миний алдаа бүрийг засч өгч, бүх талаар намайг яг сонгино арилгахтай адил болгож урлагт бэлтгэсэн” хэмээсэн нь Монголын дуурийн урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлджээ.
Урлаг хатуу шалгууртай. Дуртай нь “дуучин болно” гээд хойморт гараад суучихгүй. Х.Уртнасан төрмөл авьяастайн дээр уйгагүй хөдөлмөрч, урлагийн мэдрэмжтэй байсан нь дуурийн дуучин болох суурь болжээ. Түүнд дуулаагүй дэлхийн сонгодог дуурь үгүй. 1972-1995 онд УДБЭТ-ын гоцлол дуучнаар 23-хан жил ажиллахдаа Монголын тайзнаа тавигдсан үндэсний болон дэлхийн сонгодог 20 шахам дуурийн гол дүрийг бүтээжээ. Дуу гэдэг цаасан дээр бичсэн нот. Түүнийг илэрхийлэхийн тулд дуучин хүнд хоолойн цараас гадна, тайзан дээр тухайн дүрийн амьдралаар амьдарч баярлаж, гуньж олон янз хувирах чадвар шаардана. Х.Уртнасангийн уран чадвар онцгой хийгээд давтагдашгүй, үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлэх увидас эрчмээр дүүрэн байсан гэдэг. Тиймээс бүтээсэн дүрүүд нь дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны Х их наадмын тэргүүн байрыг эзэлж, Москвагийн Их театрт алдарт дуучин Ц.Пүрэвдоржийн дараа уригдаж дуулсан анхны эмэгтэй дуучин болсон юм. Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Плевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад дуу хоолойгоо эгшиглүүлсэн агшнууд араасаа булган сүүлтэй байж, Монголын дуурийн дуучдын дэлхийд гарах хаалгыг нээж өгсөн билээ.
Энэ өндөрлөгт хүрэхэд арыг минь дааж, амьдралаа авч явж, алаг үрсээ өсгөж ирсэн ханийн минь халамж, буян их гэж тэр хэлдэг. Насны хань С.Адъяахүү нь сэтгүүлч мэргэжилтэй, “Ардчилал” сонины анхны эрхлэгч. Агуу дуучин Н.Норовбанзад агсны нөхөр нэрт зохиолч Н.Банзрагчтай хамт МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгссөн, Дорнын их найрагч Б.Явуухулангийн гарын шавь нарын нэг байсан юм. Тэд 1964 онд гэрлэж, дараа жил нь том охин А.Дамаагаа төрүүлсэн бол хүү А.Гүнжав, охин А.Жавзмаа нар нь хоёр насны зөрүүтэй хорвоод иржээ. Х.Уртнасан гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хойморт залрахдаа “Эр нөхрийн гэрт ирсэн ч ээж, аавынхаа дэргэд эрхэлж өссөн унаган танхил зангаа гээлгүй, юунд ч сэтгэл зоволгүй өөрийгөө зөвхөн уран бүтээлд зориулж, дэлхийн сонгодог урлагийн ноён оргилд хүрсэн хүн би. “Миний хань намайг бөөцийлж, өөрийгөө зольсон болохоос Монголын утга зохиол, сэтгүүл зүйн салбарт гялалзсан амжилт гаргах авьяастай хүн байсан” хэмээн тэнгэрт байгаа ханиа дурсан нулимс унагаж байсныг монголчууд цэнхэр дэлгэцээр бүгд харсан билээ.
ДБЭТ-ын тайзнаа тавигдсан Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хөөрхөн Чио Чио Сан нь Х.Уртнасан байв. Энэ бол урлаг судлаач, шүүмжлэгчдийн дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн дүгнэлт юм. Тэр “Тоска” дуурийн Тоска, Ж.Верди “Травиата” дуурийн Виолетта, “Отело” дуурийн Дездемон, П.И.Чайковскийн “Евгений Онгегин” дуурийн Татьяна, А.Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн Наташа, А.Бородинийн “Игорь ван” дуурийн Яраславна, Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрийг “Чио Чио сан”-г бүтээсний нэгэн адил тултал бүтээж хүмүүсийн сэтгэл зүрхэнд шигтгэж өгсөн болохоор тэр. Үүнээс гадна Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд ч онцгой үүрэг гүйцэтгэж, Н.Жанцанноров, Б.Шарав нарын бүтээлийг эх барьж авч анхны гэрч нь болж байв. Дуулахаас гадна найруулагчийн торгон мэдрэмж, авьяас чадвараа Ж.Пуччини “Чио Чио Сан”, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”, Б.Ямпиловын “Шидэт ваар”, Д.Лувсаншаравын “Хархорум”, “Их хааны хотод” зэрэг дууриуд, томоохон концертуудыг найруулан тавьснаар батлан харуулж байлаа. Монголын болон Европ, Азийн орнуудын дуурийн урлагийн хөгжилд оруулсан түүний гавьяа, уран бүтээлийн амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж, 1976 онд 31 насанд нь Монгол Улсын гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 2000 онд “Зууны мэдээ” сониноос уншигчдын дунд явуулсан санал асуулгаар ХХ зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин хүндэтгэлийг хүртээж байв.
Х.Уртнасан юугаараа бусдаас онцгойрч, бүтээсэн дүр болгон нь яагаад амилж байсныг Монгол Улсын гавьяат жүжигчин, концертмейстр Б.Солонго хэлэхдээ “Монголд сонгодог дууриуд дөнгөж тоглогдож эхэлж байхад тэр хүн маш ихийг сонсч, ихийг сурч, өөрөө эрэлхийлж, бүтээлчээр хөдөлмөрлөсөн. Сонгодог дуучин, тухайлбал “Травиата” дуурийн Виолетта ямар байх ёстой юм бэ, “Евгений Онегин” дуурийн Татъяана ямар хүн байх ёстой вэ гэсэн уран бүтээлийн эрэл нь дуучнаа дэлхийн хэмжээнд гаргаж тавьсан. Хуучны нийгэмд дуурийн гол дүрийг бичлэг олж, мэлмийгээ нээнэ гэдэг бүтэшгүй мөрөөдөл. Зөвхөн пянз л олж сонсдог байсан хөшигтэй нийгэмд тэр үргэлж уран бүтээлийн эрэл хайгуул хийж байсан. Болгараас ирэхдээ сонгодог дууриудыг бүгдийг итал хэл дээр дуулж сураад, ямар нот авч, дуулалтын үеэр ямар ааш аяг гаргах вэ гэдгээ ч тултал тооцон хөдөлмөрлөсөн, урлагт маш их хөрөнгө оруулсан хүн” хэмээн үнэлсэн байдаг.
Энэ бүгд нь Х.Уртнасангийн гэх өвөрмөц дэг сургалт Монголын дуурийн урлагт бий болоход нөлөөлсөн юм. “Аливаа юм хэмжээтэй, урлаг ч, уран бүтээлч ч түүнээс гажих учиргүй. Дуучин хүн алга ташилтанд хөөрөөд тайзан дээр илүү хөдөлгөөн хийж ухаанаа алдах нь хамгийн бүдүүлэг” хэмээн залуу дуучдад захидаг Х.Уртнасан энэ зарчмаа өөрийн биеэр үлгэрлэн манлайлагч байсан юм.
Алтан тайзнаа “БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан” хэмээн зарлуулж, хамтдаа сонгодог дуурь бүтээж явсан портнёр Ардын жүжигчин А.Хавлааш Казахстаныг зорьж, Г.Хайдав багш нь Ц.Пүрэвдорж, Д.Банди нарын хамт СУИС-д багшлахаар явсан 1990-ээд оны дунд үе. Дөнгөж 20 гаруй насны залуучуудтай бууриа сахиад үлдсэн Х.Уртнасан нийгэм эргэсэн энэ үед нэг л өдөр “Үзэгчдэд би гоё дуучин, сайхан дуучин нь байж ирсэн, тэр хэвээр, тэр дүрээрээ л үлдэе” гэж шийдээд алс холын Герман орныг зорьсон хүн. А.Долгор, Ц.Гантөмөр, А.Дашпэлжээ нарыгаа ямар ч дуурьт тоглосон нүүр улайхааргүй болгоод, хамгийн хайртай шавь Б.Жавзандулмыгаа өөрийн оронд “Чио Чио сан”, Травиата”, “Турбадур”-ын гол дүрд дуулуулахаар бэлдчихээд тайзаа орхиод явсан байв. Хэдийгээр 50 нас хүрсэн ч цээл сайхан хоолой нь цуцах яагаа ч үгүй. Энэ бол агуу дуучнаас гарах ухаан билээ. Урлагийн амьд тайзнаас бууна гэдэг дуучин хүнд хэцүү даваа. Гэвч дөнгөж арван хэдтэй байхад нь л “Жүжигчин байна гэдэг сайхан. Жүжигчин хүн цагаа олж тайзнаас буух явдал бол өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан” хэмээн захиж байсан Ардын жүжигчин, Зууны манлай эмэгтэй Л.Цогзолмаа багшийнхаа үгийг тэр энэ үед санаж байсан гэдэг.
Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990-ээд оны эхээр хэт задгай сэтгэхүй газар авч улс орондоо ихийг хийж бүтээсэн эрхмүүд дээр сүүдэр нь тусч, тэднийг харлуулж байв. Энэ хийрхлийн золиос агуу дуучныг тойроогүй ээ. Түүнийг Ю.Цэдэнбалын эхнэр А.И.Филатоватай ойр байсан гэх хардлага сэрдлэг хэвлэлээр гарсан удаатай. Гэвч А.И.Филатова Монголд соёл урлагийн аль ч төрлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, эсгий гэрт амьдарч асан авьяастнуудыг ард түмний дотроос эрэн олж, дэлхийн сонгодог урлагт сургаж, нийгмийг соён гэгээрүүлж байж гэдгийг хэн ч үгүйсгэж чадаагүй юм. Дэлхийн сонгодогуудыг Европын дуучдаас ялгахын аргагүй гайхалтай дуулж байсан Х.Уртнасангийн авьяас бусдыг соронзон шиг татаж байсныг ч урлагийнхан өнөөдөр хүлээн зөвшөөрдөг болжээ.
Дуулахаас гадна түүний дуурийн урлаг оруулсан хувь нэмэр зүйрлэвээс хутгахад дундрашгүй мөрөнгийн энтэй, мацахад нэгэн сүрлэг уулын дайтайн дээр өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий олон талтай юм. Тухайлбал тайзаа орхисноос хойш тэрээр өөрийн дараагийн үеийг гаргаж ирэхийн төлөө чармайн зүтгэж, дэлхийн сонгодог урлагийн галыг таслахгүй байх, Монголдоо дуурийн урлагийг хөгжүүлэх дэг сургалтыг бий болгох, багшлах боловсон хүчнийг гаргаж ирэхэд амьдралынхаа үнэтэй мөчүүдийг зориулжээ. 1995 оноос СУИС, ХБК, Монгол Улсын Консерваторийн тайзны хөдөлгөөн, уран чадварын багш, дуулах ур зүйн багш, зөвлөх багш, Дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа түүний бий болгосон дэг сургалт одоо ч уламжлагдан хэрэгжсээр байна.
Багшийнхаа өвийг авч үлдсэн түүний шавь Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Үнэхүү, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ч.Батцэнгэл нар Монгол Улсын Консерваторийн дуулаачийн тэнхимд багшилдаг. Багшлах болсон талаараа Ч.Батцэнгэл “Дуулаачийн ангийнхыг таван жилээр бэлтгэдэг байсан. 1997- 2002 онд би СУИС-ийг Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж багшийн удирдлагад сурч төгссөн. Төгсөх курст дуурийн тавил гэж хичээл ордог. Тэр үеэс Х.Уртнасан багш энэ хичээлийг орох болж барааг анх харж, хичээл заалгаж, үг сургаалийг нь сонсч эхэлсэн. 2012 оноос би ДБЭТ-т дуулахаа завсарлаж, багшлах сонирхлоо дагаж СУИС-д магистр хамгаалаад Монгол Улсын Консерватор руу ирсэн. Тэгэхэд Х.Уртнасан багш намайг оюутан байхыг, төгсөөд ДБЭТ-т дуулж байсныг мэдэх учраас асар их дэмжиж Г.Эрдэнэбат захиралд “Энэ залууд би их итгэж байгаа шүү. Манай Ц.Пүрэвдоржийн школ энэ хүүхдэд байгаа болов уу гэж горьдож байна. Хажуудаа нэг жил авч харъя” гээд багшаар авсан. Багшийн шийдвэр гайхалтай алсын хараатай байсныг дараа нь ойлгосон. Ц.Пүрэвдорж багштай хамт дуулж байсан гэдгээр тэр хүний цэгцтэй, өндөр боловсрол, нямбай школ үлдсэн байх гэж найдаад намайг, Г.Хайдав багш болон Д.Жаргалсайхан, Д.Жамъянжав гуай нарын басс аргил хоолойг үлдээх гэж Х.Үнэнхүүг багшлуулахаар сургуульдаа авсан, гайхалтай нүдтэй, алсын хараатай хандсан. Хамгийн сүүлд II эмнэлэгт хэвтэж байхад нь Х.Үнэнхүү гавьяат бид хоёр очсон. Тэгэхэд “Багш нь нэг л юмыг хэлье, та хэд олуулаа болох ёстой шүү, хичээгээрэй миний хүүхдүүд” гэсэн. Үг нь айхтар гүн утгатай. Багш бол дуулаачийн сургалтын урлагийг өөрөө үндэслэсэн хүмүүсийн нэг. Сургалт, судалгаа мэргэжлийн багшлах арга барилаа уламжлал болгоод авч яваарай гэж олуулаа байхыг захисан талаар шавь нь өгүүлж байв.
“Сайн багш бол хүний ажил, амьдрал, мэргэжлийн луужин байдаг учраас шавь нартаа зүрх сэтгэлээ бүрэн зориулах учиртай. Маш хариуцлагатай чанд ажил учраас би өөртөө өндөр шаардлага тавьдаг” хэмээн Х.Уртнасан гуай ярьдаг байсан. Тэр үүнийгээ ч амьдралын зарчим болгон мөрдүүлж байсан юм. Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Үнэнхүү хэлэхдээ “Багш минь зарчимч, хариуцлагатайн дээр удирдан зохион байгуулах гайхалтай авьяастай. Өөрийнх нь сурч боловсорсон орчин бол социализмын үеийн хатуу чанд нийгэм. Хамт ажиллагсад, оюутнууддаа маш өндөр шаардлага тавьж, ямар ч юмныг дээд хязгаарт нь тулгаж, чанартай хий гэж шаарддаг байсан. Энэ бүх хатуу чанар, шаардлага нь багшийн хувьд өдөр тутмын амьдралын дүрэм нь байсан. Бяртай хоолойтой, дүрээ тултал амилуудаг байсан тэр зарчмаа дуучин бэлтгэхэд ч, багшилж эхэлсэн залуучууддаа ч өвлүүлж, бид дэргэд нь суралцаж байсан. Би багштайгаа Монгол Улсын Консерваторыг Хөгжим бүжгийн коллеж байх үеэс эхлэн хамт ажилласан. Бурханы оронд явах хүртэл нь ойр явсан. Багш бидний баяр гуниг, алдаа оноог ч андахгүй. Тэр бүгдэд маш хүнлэг, мэдрэмжтэй хандаж, сайн үлгэр дууриал үзүүлж явсан гайхалтай нэгэн байсан” хэмээсэн юм.
Авьяасыг мэдэрдэг, авьяасыг хөглөдөг, авьяастайг хайрлан дэмждэг багшийгаа З.Оюунбилэг, Б.Энхнаран, Л.Болдцэрэн нарын олон шавь нь одоо ч дурссаар... Дурсагдах алдартай, дуун мөртэй, цагийг эзэлсэн дуучин маань өдгөө бидний дунд байхгүй ч Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн алтан санд түүний үлдээсэн өв “БНМАУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт Хорлоогийн Уртнасан дуулна” хэмээн нэрээр нь мөнхөрч зуун дамнан эгшиглэсээр байна.
\ “Зууны 100 эмэгтэй” II ботиос\
Эх сурвалж: www.polit.mn