З.БАТЦЭЦЭГ
Улс үндэстэн бүхэн өөрийн гоо сайхны ойлголттой байдаг. Эх орондоо домог болсон уран зохиолын шилдэг эмэгтэй дүрүүдийг elle.ru танилцуулсныг Полит-Уран зохиол уншигчдадаа толилуулж байна.
АНГЛИ: ЭЛИЗАБЕТ БЕННЕТ
Жейн Остины 2 дахь ном “Pride and Prejudice”-н Элизабет Беннет. Залуу охид түүнтэй өөрийгөө харьцуулж, дууриаж, XIX зуунд түүнийг тахин шүтэж байлаа. Нэр алдраараа XVIII зууны Германы нийгмийг байлдан дагуулж байсан Гётегийн “The Sorrows of Young Werther”-тэй эн тэнцэхүйц байжээ. Энэ дүрийн амжилт нь тухайн цаг үеийн хүмүүжил, дуулгавартай охидын эсрэг дүр төрх юм. Тэр үеийн англи охид бүгд гэр бүлийхээ үгнээс зөрдөггүй, биеэ барьсан, заримдаа хүйтэн хөндий гэмээр байжээ. Харин Элизабет илүү амьд, алиа хошин, өөрийн буруугаа хүлээдэг, хэрвээ хэрэгтэй бол ёс суртахууны дүрэм зөрчдөг. Мэдээж байнгын хатуу дэг журамд амьдардаг англи охидод ийм үйлдэл таалагдалгүй яахав. XIX зууны олон уран зохиолд энэ дүрийг хуулбарлан бичсэн дүр их байдаг. Тухайн цаг үеийн зохиолыг сайн ажиглаж үзвэл Беннеттэй төстэй бичигдсэн дүр их бий. Лев Толстой хүртэл Наташа Ростоваг бичихдээ Английн зохиолууд, тэр дундаа Жейн Остинг уншсан гэж зурвас дурдсан байдаг.
ЯПОН: ОТИКУБО ГҮНЖ
Их удаан хугацаанд Япон хаалттай орон байсан учраас нийгмийн хэвшмэл ойлголт, зан үйл Европоос хамаагүй бага өөрчлөгдсөн. Японы ирээдүйн зохиолчдод их нөлөөлсөн эмэгтэй дүр нь их эрт X зуунд нэр нь үл мэдэгдэх зохиолчийн бичсэн “Үзэсгэлэнт Отикубогийн тууж” юм. Энэ нь үнсгэлжинтэй их төстэй. Хойд ээж нь хоёр охинтойгоо Отикубог зарцлан зовоодог тухай өгүүлдэг. Тэрээр гэрээ цэвэрлэн, хоол хийдэг боловч хойд ээжийн ааш зөөлөрдөггүй. Азтай тохиолдлоор Японы удам сайтай айлын хүүтэй танилцан, түүнд дурладаг. Хамгийн гол нь тэрээр гоо үзэсгэлэнгээс гадна хөдөлмөрч зан, сайхан сэтгэл, нарийн мэдрэмж, шүлэг бичдэг чанараараа залуугийн зүрх сэтгэлийг байлдан дагуулжээ. Энэ бүх зан чанар Япон эмэгтэйд их чухал, дээдсийн гаралтай бүх бүсгүйчүүд санаандгүй байдлаар нөхрөө эвгүй байдалд оруулахгүйн тулд урлаг сайн мэддэг байх ёстой байна. Үнсгэлжингээс ялгаатай нь Отикубо нөхрөө өөрийн аав, хойд эх, эгч нарт нь туслахыг гуйж, тэднийгээ уучилдаг.
ОРОС: ТАТЬЯНА ЛАРИНА, НАТАША РОСТОВА
Бид бүгд сургуульд сурч байхдаа “Оросын уран зохиолын эмэгтэй дүр” нэртэй зохион бичлэг бичдэг байсан. Александр Пушкин, Лев Толстой нарыг тойрч өнгөрч болохгүй. Эдгээр дүрийн ааш зан, үйлдэл их удаан хугацаанд бүсгүйчүүдийн үлгэр жишээ байсан. Жишээ нь гэр бүлийн үнэ цэн, нөхөртөө үнэнч байх нь өөрийн сонирхол хүслээс илүү байх ёстой гээд л. Наташа Ростовагийн хувьд зохиолч төгс эмэгтэйн дүр төрхийг гаргах гэж хичээсэн. Ээж байж, нөхрийхөө түшиг тулгуур байх нь эмэгтэй хүний гол үүрэг.
Зохиолчид Татьяна Ларина, Наташа Ростоваг орос эмэгтэйчүүдийг ажиглан бичээгүй. Пушкин “Евгений Онегин” бичихдээ францын уран зохиолоос, Лев Толстой английн зохиолоос их зүйлийг авсан байдаг. Гэхдээ тэд үндэсний уран зохиолын баатрууд болж чадсан. Энэ бол зохиолч нарын жинхэнэ авъяас.
АНУ: СКАРЛЕТТ О’ХАРА
Америкийн уран зохиолын эмэгтэй гол дүр бол яах аргагүй Скарлетт О’Хара. Амаргүй хувь тавилантай тэрээр, сэтгэлийн хаттай байж өөрийн алдарт “Энэ тухай би маргааш бодьё” гэдэг үгэндээ итгэдэг. Америкчууд Скарлеттдаа маш их хайртай. Үүний жишээ бол уг зохиол асар их амжилтанд хүрч, кино нь Оскарын шагналаас наймыг авсан явдал юм. Уг роман 70 орны хэл дээр орчуулагдан, дэлхий даяар олон бүсгүйд үлгэр жишээ болсон. Энэ утгаараа түүнтэй төстэй дүр утга зохиолд байхгүй.
Уншигчид ганцхан Скарлеттад хайртай байгаагүй бас зохиолчид нь хайртай байдаг. Маргарет Митчел өөрийн бүтээсэн дүрийн адил дурлалдаа олон удаа бүтэлгүйтсэн ч, бууж өгч байгаагүй. Хөлийн шагайдаа гэмтэл аваад тэрээр сурвалжлагч болохоор шийддэг. Гэхдээ үүндээ харамсалгүй цорын ганц романаа бичсэн нь “Салхинд туугдагсад” юм.
ФРАНЦ: БОВАРИ ХАТАГТАЙ
Флобер өөрийн дургүй дүр Бовариг нэрд гарч, Франц эмэгтэйчүүдэд өрөвдөх сэтгэл төрүүлнэ гэж төсөөлөөгүй байх. Алдартай ёс суртахуунч тэрээр, харин ч эсрэг зүйл хүлээж байсан. Түүний нүдээр бол Эмма Бовари уйдсанаасаа болж зугаа цэнгэл хөөгч, түүнийг хамгийн дээд шийтгэл болох үхлийг хүртэх ёстой хэмээн үзэж байв. Тиймээс тэрээр зохиолын төгсгөлдөө Бовариг нөхрөө хуурах гэснийх нь төлөө хордуулдаг. Гэвч олон хүн зохиолчийн байр суурьтай санал нийлэхгүй, Эммаг өрөвдөх ёстой юу хэмээн 100 гаруй жил маргалдсаар байна. Романтик хүмүүс Бовариг өмөөрөн, нийгэмд тогтсон үзэл бодлын эсрэг тэмцэгч билэг тэмдэг, тэр зүрх сэтгэлээ л дагасан, энэ бол гэмт хэрэг биш хэмээн үздэг. Харин ёс журам номлогчид үе үе романтикуудад хатуу хариу цохилт үзүүлдэг. Ямартай ч Флобер франц тосгоны бүсгүйн дүрийг сайн бүтээж чадсан. Уйдсан Эмма францын уран зохиолын гол баатрын нэг болж, жирийн бүсгүйчүүд зохиолыг уншаад, түүнийг өрөвдөн, зарим нэг нь Боварийн гунигт амьдарлыг өөрийхтэй нь адил байгааг олж харж байсан байх.
Эх сурвалж: www.polit.mn