Б.ТУУЛ

 

Улсын 24 удаагийн аварга, спортын мастер, ахмад тамирчин Б.Вандан-Очир өдгөө 60 гарч яваа ч хэт холын зайд хурд сорьсоор тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөөр явна. Түүний 1985 онд таван км-ийн зайд 14 минут, 32 секунд гүйж шинэчилсэн улсын дээд амжилтыг 28 жилийн дараа гавьяат тамирчин Б.Сэр-Од ахиулсан гэдгийг спорт сонирхогчид сайн мэднэ. Түүнтэй ярилцснаа хүргэе.

 

-Цар тахал, хөл хорионы дэглэм гээд бид өвөл, хаваргүй гэртээ өнжиж байна. Таны хувьд бэлтгэл сургуулилтаа яаж хийж байна вэ?

-Миний хувьд бэлтгэл сургуулилтаа таслахгүйг хичээдэг, яаж ийж байгаад л гүйхийг боддог. Коронавирусын халдвараас шалтгаалаад ойрд цэцэрлэгт хүрээлэн рүү хамаагүй оруулахгүй байгаа болохоор Богд уул руу заримдаа гүйдэг юм. Ингэхдээ хүн машин сийрэг, олны хөл татарсан үед заримдаа шөнөөр, үүрээр гараад гүйчихнэ. Манайх цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байдаг учраас гэрээсээ гарч гүйхдээ аппаа эхлүүлчихээд, Баянзүрхийн товчоо ороод эргэдэг юм. Өдөрт 30 км бол гүйчихнэ. Өнөөдөр 32 км гүйгээд орж ирж байна. Оройныхоо гүйлтийг дуусгаад  орж ирж байна.  Энэ мэтчилэн гүйж л байхыг боддог юм.

-Таныг саяхан олон улсын марафонд амжилттай оролцсон гэж сонссон. Энэ талаарх мэдээллээ сонирхуулаач?

-Өнгөрсөн сарын 6-нд насныхаа ангиллаар Англид болсон олон улсын гүйлтийн тэмцээнд онлайнаар оролцсон. Энэ марафонд 29 багийн 100 гаруй тамирчид оролцсон, Монголын баг тамирчин түрүүллээ гээд бидэнд баяр хүргэсэн. Удаах байранд Английн баг тамирчид орж ирсэн. Маш хүчтэй баг тамирчид оролцсон, тэмцээн болсон. Монголоос дөрвөн хүн нэг баг болж оролцсон. Цаг үеийн байдлаас шалтгаалаад цахимаар зохион байгуулж байгаа болохоор Монголоос хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа байгууллагын багш нарын хяналт дор гүйгээд, цаг, минутаа цахимаар илгээчихдэг юм байна. Тэгээд улс орнуудыг, тамирчдыг амжилтаар нь жагсаагаад, Монголын баг түрүүллээ гээд баяр хүргэсэн. Ингээд энэ жилийн хамгийн анхны тэмцээндээ 42 км-ийн марафонд түрүүлсэн амжилттай сууж байна аа, ах нь. 

-Таны ажил, амьдрал спортын салбартай нягт холбогсон. Өнөөдрийг хүртэл хөнгөн атлетикаар, тэр дундаа гүйлтийн спортоор тууштай хичээллэх болсон шалтгаан юу байдаг юм бол?

-Хүүхэд байхын сурсан зан нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл, хөдөөний эгэл боргил орчинд өлчир чийрэг өссөн минь тамирчин болоход их нөлөөлсөн байх гэж боддог. Хөдөөний ажил ямар барагдах биш.  Өглөөнөөс орой болтол хурга, ишиг хариулан, адуу малын араас гүйж, аав ээждээ нэмэр болно.  Хүүхэд байхад нутгийн хөгшчүүд “За, миний хүү дэгдчих” гээд л хөөргөдөг байсан. Тэр бүхэн надад спортын суурь,  дасгал болж өгсөн болов уу. Ер нь өглөө эрт босоод гүйдэг дасгал сургуулилт надад багаас минь төлөвшсөн дадал.

-Та цэргийн сургуулийн сонсогч байхдаа бүх ард түмний спартикиадад түрүүлж, хамгийн анхны амжилтаа гаргаж байсан гэдэг. Тэр үеэ дурсаач?

-Би ОХУ-д Цахилгаан техникийн сургуулийг засварчин мэргэжлээр төгсөөд,  эх орондоо ирээд хуучнаар НАХЯ-ны Төрийн тусгай хамгаалалтын газарт ажилласан.  Дараа нь Цагдаагийн дээд сургууль (Өнөөгийн Хууль сахиулахын их сургууль)-д сурсан. Оюутан хүнд  хичээл ном, шалгалт шүүлэг гээд чөлөөт цаг хомс, тэр тусмаа цэргийн сургуульд чанга хатуу. Гэсэн ч хүн хийе гэвэл боломж хэзээд байдаг. Би өдөр бүр шөнийн 03:00 цагт босч хичээлээ давтчихаад гүйдэг байлаа. Гартаа 40 ширхэг жижигхэн чулуу атгаад сургуулийнхаа биеийн тамирын талбайг тойрно. Нэг тойрохдоо нэг чулуу хасна. Нийт 40 тойрог гүйгээд, өглөөний 06:00 цаг болоход хичээлдээ явахад бэлэн болсон,  бүх юмаа амжуулчихсан байдаг байлаа. Тэр үед өөрийгөө ялах зорилгоор хөнгөн атлетикийг сонирхдог байснаас биш, тэмцээнд оролцож мэргэжлийн тамирчин болох талаар бодож байгаагүй. Тэгж байтал нэг өдөр “Хүч” нийгэмлэгээс Бүх ард түмний спартикиадын таван км-ийн зайн уралдаанд намайг оролцуулах тушаал буулгасан. Хурд сорихгүй бол бангадуулна, өрсөлдөхөөс өөр аргагүй. Тэгээд тэр тэмцээнд оролцож, УАШТ-д найман жил дараалан түрүүлсэн Ч.Найдан тэргүүтэй шилдгүүдийг ардаа орхин алтан медаль хүртэж байлаа.

-Шилдгүүдийг ардаа орхино, түрүүлнэ гэж бодоогүй юм уу? 

-Тэр үед амжилт гаргана, медаль хүртэнэ гэж ч бодоогүй. Зүгээр л өрсөлдөөд үзье гээд оролцож байсан. Өмнө нь ганц ч тэмцээнд өрсөлдөж үзээгүй болохоор бүх зүйл цоо шинэ. Мэдэхгүй зүйл ч их. Тэгээд л гараанаас гарсан. Уралдааны өмнө Энхбаяр багш “За, бие халаалтаа сайн хийгээрэй. Амжилт гаргах эсэх нь хамаагүй. Сургуулийнхаа, хууль, хүчнийхний нэрийг гаргах нь чухал. Тэр зогсож байгаа хүн бол Монголын хамгийн шилдэг тамирчин Найдан, хажуу дахь нь хоёр номерын гүйгч Батмөнх” гээд л хэлж байлаа. Уралдаан дөнгөж эхлэнгүүт өнөө хоёр чинь цахилаад алга болсон. Тэгээд уралдааны замын талд тэднийг гүйцээд очсон. Сүүлийн тойрогт хөл хөнгөн, цуцаж байгаа шинж алга. Тэгээд л хамаг эрчээрээ гүйтэл түрүүлчихсэн. Энэ тэмцээн олон амжилтын минь эхлэл байсан учраас санаанд их л тодхон байдаг даа.

-Тэр тэмцээнээс хойш та 10 гаруй жил их хурдтай явлаа. Олон ч тэмцээнд амжилт гаргасан.  Бэлтгэл сургуулилтаас гадна юу таныг ингэж их хурцалдаг вэ?

-Би ганцхан өрсөлдөгчтэй. Тэр нь Вандан-Очир. Өөрийгөө ялахын төлөө, өөрөөсөө үргэлж алдаа, дутагдал хайж, түүнийгээ засаж залруулахын төлөө явбал амжилтад хүрнэ. Би ихэвчлэн Баянчандманиас Улаанбаатар руу гүйдэг байлаа. Заримдаа Ар, Өвөржанчивланд бэлтгэлээ базаана. Ер нь жилд 7-10 мянган км гүйж бэлтгэлээ хангадаг. Би сургуульдаа багшаар үлдсэн юм. Ажлынхаа хажуугаар мөн л бэлтэл хийж, тэмцээнд оролцдог. Өдөрт  дөрвөн удаа бэлтгэл хийдэг байсан. Өглөө бүр 05:00 цагт босоод нэг гүйчихнэ. Өдөр, үдээс хойш бэлтгэл хийчихээд, гэртээ ирсний дараа цайгаа уучихаад Хандгайт руу гүйдэг байлаа. Заримдаа ажил орой тарсан үед Хандгайтаас шөнийн 2-3 цагийн үед ирэх нь энүүхэнд байдаг байсан. Хүн ер нь болгоё, бүтээе гэвэл арга нь олддог. Бэлтгэлээ бүрэн хангачихаад тэмцээнд оролцож, амжилт гаргах сайхан.

-Та 60 насандаа хэт холын зүйн гүйлтээр хичээллээд залуу тамирчидтай өрсөлдөж байгаа нь хэний ч анхаарлыг татдаг. Монголд тань шиг 225 км-ийн холын зайд гүйдэг ахмад тамирчин хэр олон байдаг вэ? 

-Ер нь хэт холын зайд гүйдэг арваад тамирчин байгаа ч, ахмад настай нь хуруу дарам цөөхөн. Тэднээс 225 км-ийн зайн олон улсын тэмцээнд өрсөлддөг надаас өөр тамирчин байхгүй. Би сүүлийн жилүүдэд хэт холын зайд гүйж байна, Гүйлтээр 14 тэмцээнд оролцож, 12 медаль хүртсэн.

-Та Монголын пара хөнгөн атлетикийн холбооны анхны ерөнхийлөгч, дасгалжуулагчаар ажиллаж байсан. Спортын салбарт олон зүйлийг төлөвшүүлсэн гэж ярьдаг. Ажлаа хэдийд өгсөн бэ?

-Спортын холбоод уналтад орсон, хөгжил нь саарсан үед ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байлаа би. Анх ерөнхийлөгч, дасгалжуулагчийн ажлыг давхар хаших санал тавихад эхэндээ нэлээд эргэлзэж байгаад зөвшөөрч байсан. Аливаа зүйлийн анхдагч байх амаргүй.  Монголын пара хөнгөн атлетикийн холбооны үйл ажиллагааг жигдрүүлэх, хөдөө орон нутагт салбар, зөвлөл байгуулах, пара спортыг Монголд хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортод дурлуулах, хичээллүүлэхийн төлөө хэрэндээ л их зүтгэсэн. Өнөөдөр хийсэн, бүтээсэндээ сэтгэл хангалуун явдаг юм. Холбооныхоо ерөнхийлөгчөөр найман жил ажиллаад ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Хэт холын зайн гүйлтээр хичээллэх, гавьяаныхаа амралтыг эдлэхийн тулд 2017 онд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн. Ямартай ч энэ салбарт манай тамирчид өндөр амжилт гаргаж байгааг хараад баяртай л байдаг. Эх орныхоо нэрийг дуурсгахын төлөө бор зүрхээрээ зүтгэж яваа марафончдоороо бахархаж явдаг.

-Ярилцлагынхаа төгсгөлд гүйхээр зэхэж буй хүмүүст зориулсан зөвлөгөө авъя. Илүүдэл жингээ хасах, дасгал хөдөлгөөнтэй байх гээд гүйх сонирхолтой хүмүүс арга эвээ олохгүй шантрах нь их байх юм?

-Гүйлтийн спорт бол нэмэлт хэрэгсэл шаарддаггүй, өөрөө л дур сонирхолтой бол амжилт гаргах бүрэн боломжтой спорт юм. Тиймээс энэ чиглэлээр хичээллэх бол нэн түрүүнд өөрийгөө ялах зорилго тавиад, урагшлах хэрэгтэй.  Үүний тулд байнгын бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. Харин спорт сонирхогчдын хувьд биеэ бага багаар дасгах хэрэгтэй. Гүйхээсээ өмнө эхлээд хурдан алхаж байгаад дараа нь зөөлөн гүйлт хийх гэх мэт. Мөн өөрийнхөө судасны цохилтоо сайн анхаарах хэрэгтэй. Хэт их ачаалал авах хэрэггүй.  Биеэ аажмаар дасгаад гүйхэд, эхний нэг сард  таны биед аяндаа эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ.  Жин бага, багаар хасагдана. Нойр сайн хүрч, бат бөх амрана. Бие хөнгөрч эрүүлжинэ. Тиймээс та нэгэнт гүйхээр шийдсэн бол сайн хэрэг. Одоо өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Нас бол зүгээр л тоо, хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг. Одоо би 60 гарч яваа ч гүйгээд байхыг хүсдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.20 МЯГМАР № 79 (6556)