Х.ОЮУНБОЛД
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяаг зочноор урьж, ярилцлаа.
- Та их спортод хөл тавьсан үеэ дурсахгүй юу?
-Би цэвэр спортын хүн. Спортоос өөр салбар руу хазайж ч үзээгүй. Анх сургуульд ороод найман настайдаа их спорттой холбогдсон. Намрын спартакиадын үеэр сайн гүйж багшийнхаа анхаарлыг татаж байлаа. Багш ирээд “Гүйх дуртай юу” гэж асуухад айсандаа дуртай гэж хариулж байлаа. Тэгвэл маргааш биеийн тамирын талбайд бэлтгэлийн хувцастайгаа ирнэ шүү” гэж хэлж байсан юм. Ийнхүү Монгол Улсын гавъяат багш Д. Ринченгийн шавь болсноос хойш спортоо орхилгүй явсаар одоо хүрч байна. Хөнгөн атлетик гэдэг заалны спортоос өөр. Жилийн дөрвөн улиралд гадаа бэлтгэл хийдэг спорт. Тиймээс цас, бороо, шороо, нартай өдөр ч гадаа гүйдэг хав хар охин байлаа. Ингээд 17 жил нь тамирчин байж, нэг жил ЕБС-д, дээд сургуульд гурван жил багшилжээ. Мөн Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газар дасгалжуулагчаар ажилласан гээд спортын салбарт тасралтгүй 34 жил ажиллаж байна. Эх орноо төлөөлж олимп, тив дэлхий, Ази тивийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд баг тамирчдаа ахалж явж байлаа.
-Гэрийн эзэгтэй,ээж нь спорттой хувь заяагаа ийнхүү холбож. Тэгээд ч тэр үү танай гэр бүлийг их спортлог гэр бүл гэж сонссон?
-Хүүхдүүдийн хувьд генд нь байдаг байх. Аав нь гайхаад л байдаг юм. Манай хүн бас залуудаа барилддаг байсан. Нөхөр маань БНХАУ-ын Барилгын сургуульд уран барилгын инженер мэргэжлээр суралцдаг. Том охин надтай адилхан гүйлтийн спортоор хичээллэдэг. 2017 оны “Улаанбаатар марафон”-ы аварга болж байсан. Мөн хөнгөн атлетикийн улсын аваргад оролцож байсан. Хүү Тэмүжин маань бор бүстэй. Монголын жүдо академийн тамирчин. Сүүлд Жюү жицүгийн тэмцээнд оролцсноор Азийн аварга болсон. Удаах охин гимнастикийн Улсын аварга Есүй. Монголын гимнастикийн холбооны дэргэдэх сургалтын төвд уран сайхны гимнастикаар хичээллэдэг. Мөн бага хүү Тэмүлэнийг жүдогоор хичээллүүлж байна. Жүдо бол ганцаарчилсан төрөл. Жин жингээрээ өөрийнхөө жинд бусад тамирчидтай өрсөлддөг спорт. Мөн тухайн хүнийг хөгжүүлж, төлөвшүүлдэг. Тухайлбал, мэндлэх, хүндлэх ёсыг цаанаас нь суулгадаг цэвэрхэн спорт гэж хэлж болно.
-Эмэгтэй хүнд хөнгөн атлетикийн спорт хэцүү биш үү ?
-Спортын ямар төрөл болохоосоо шалтгаална. Хөнгөн атлетикийн шандастай, шөрмөстэй олон тамирчин бий. Харин би их спортод хөл тавьснаар аливаа зүйлд тууштай байх, гэр бүлийн хүмүүжлээс гадна спортоос, багшаасаа их хүмүүжил суусан. Мөн урлаг, спортын аль алинд нь эцэг эхчүүд хүүхдээ зөв чиглүүлж өгөх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан гэж болно. Энэ бүх зан минь гэр бүл, амьдрал, хүүхдүүдийн минь хүмүүжилд их нөлөөлдөг.
-Гэр бүлийнхээ дурсамжтай мөчөөс хуваалцвал?
-Манай хадам аавын төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Уянга сумын Тарвагатын хөндий. Тийшээ гэр бүлээрээ явсан. Үр хүүхдүүдээс нь аавынхаа нутагт очсон хүн ховор. Тиймээс отгон хүү нь очих ёстой гээд гэр бүлээрээ гараад давхисан. Тэнд очоод идээ будаа засаж, уул усыг нь аргадан, цай хоол хийж идээд явах боллоо. Би жимсээр бас идээ зассан юм. Тэгсэн манай том хүү “Ээж ээ, би жимстэй тавгийн идээ рүү явчихаад ирье” гээд явчихсан. Гэтэл мандарины хальсыг нь арилгаад, нэг нэгээр нь салгаж тавьснаа “Өвөө минь идэж чадахгүй байвал яах юм” гэж билээ. Их хөөрхөн. Биднийг хүлээж байсан мэт байгаль дэлхий, цаг агаар маш сайхан байсан.
-Таныг миссийн тэмцээнд оролцож явсан гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?
- Би одонтой ээжүүдийн миссийн тэмцээнд оролцож “Спортлог гоо ээж” шагналын эзэн болж байлаа. Мөн алдарт эхийн I,II одонтой ээжүүдийн цахим нэгдлийн гишүүн. Дэлхийд мисс ээжүүдийг шалгаруулдаг тэмцээн болдог юм билээ. Харин Монголд тийм тэмцээн зохион байгуулдаггүй байсан. Тиймээс манай цахим нэгдлийн ээжүүд ярилцсанаар “Miss World Mongolia-2018” тэмцээнийг анх удаа зохион байгуулж байлаа. Дараа нь ээжүүдийнхээ дунд “Алдарт эх -2018” анхны спорт наадмыг уламжлал болгон зохион байгуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.2 БААСАН № 66 (6543)