Б.ДОЛЖИНЖАВ

Ховд аймгийн Жаргалант суманд өчигдөр /2021.03.29/ шөнө COVID-19 халдварын тохиолдол батлагджээ. Тодруулбал, иргэн О нь бүсийн оношилгоо эмчилгээний төвд  өчигдөр халуурсан ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна. Улмаар PCR-ийн шинжилгээ авахад хариу нь  эерэг гарсан юм. ЭМЯ-ны мэдээлснээр 11:00 цагийн байдлаар Ховд аймагт  халдварын  хоёр тохиолдол батлагдав. Ийн Улаанбаатараас халдвар зөөвөрлөгдсөн аймгийн тоо 15 боллоо. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд  аймгийн Онцгой комисс хуралдаж  дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

-Гуравдугаар сарын 29-ний 22:00 цагаас эхлэн аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах,

-Хавьтлыг бүрэн олж тогтоох хүртэлх хугацаанд буюу гуравдугаар сарын 29-ний 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 2-ыг  хүртэл сургууль, цэцэрлэг, сургалтын төв зэрэг үйлчилгээний газар болон хүнс, барааны зах худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,

-Төрийн албан хаагчдын 15 хувийг ажиллуулах бусдыг нь гэрээсээ, цахимаар ажиллуулахыг,

-Ойрын хавьтлыг бүрэн олж тогтоон тусгаарлах хугацаанд Жаргалант сумын нутаг дэвсгэрт 72, 52 айлын орон сууц, БОЭТ зэрэг нийт  долоон цэгт иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж хяналт тавьж ажиллах,

-Журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад тус, тус үүрэг болгосон байна.

Эх  сурвалж:www.polit.mn