С.САРУУЛ

Манай улсын газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвөөс хойш 24 километрт 5.5 магнитудын газар хөдлөлт болсон. Голомтдоо 6-7 баллын хүчтэй мэдрэгдсэн байна. Улаанбаатарт 3-5 баллын газар хөдлөлт мэдрэгдсэн гэсэн урьдчилсан тооцоолол байна. 2021 он гарсаар 3.5-аас дээш магнитудын 58 удаагийн газар хөдлөлт монгол орны нутаг дэвсгэр, хил орчмын бүсэд болсон. Хүнд мэдрэгдэм газар хөдлөлт 14 удаа бүртгэгджээ.

Энэ үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат  “Улаанбаатар хот хүн амын нягтаршил ихтэй тул анхаарах бүс болж байна. Тиймээс хотыг тойрсон гурван голомт дээр амжиж анхааруулах системийг суурилуулсан. Газар хөдлөлт болсны дараа нэг минутын дотор иргэдэд анхааруулах юм. Хамгийн дээд буюу улаан түвшин нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 6-7 баллын газар хөдлөлт болбол тухайн систем автоматаар дуугарна. Саяны газар хөдлөлтийн тухайд амжиж анхааруулах системд 2-3 баллын хэмжээгээр бичигдсэн. Дуугарах хэмжээнд хүрээгүй учраас систем ажиллахгүй. Өчигдөр анхны хүчтэй газар хөдлөлт болсон гэж үзэж байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараах судалгаа явагдаж байгаа. Үр дүн нь нэгтгэгдээд гарна. Газар хөдлөлтийн аюулаас сэргийлж, хот суурин, байшин барилгаа зөв төлөвлөж барих нь чухал. Монгол орон төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжлийн бүсэд хамаардаг. Өнгөрсөн зуунд дэлхийд тэмдэглэгдсэн хүчтэй газар хөдлөлт 1905, 1931, 1957 онуудад болж байсан. 2000 он гараад ч гэсэн иймэрхүү хүчтэй газар хөдлөлт болж байна. Үүний нэг жишээ нь 2021 оны нэгдүгээр сарын 12-нд болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn