З.БАТЦЭЦЭГ
“Миний хувьд дутуу өгүүлээд орхих бол урлагт хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж боддог. Хэн нэг нь зураг, графикаа төгс болгох гэж оролддог. Би бол үгүй. Венецэд үзэсгэлэн гаргахад туслаж байсан куратор надад хэлэхдээ “Чи европчуудад ажлын төгсгөл ямар болохыг хэлж мэдэхгүй гэж битгий хэлээрэй. Тэд ойлгохгүй” гэсэн. Хүүхэд байхаас эхлээд дэлхийд дайчид, гүнжүүд амьдардаг гэж төсөөлдөг байсан. Охид, бүсгүйчүүд- гүнж. Эрчүүд, хөвгүүд” дайчид. Талын хүн бол ганцаараа үедээ философич болдог. Эргэн тойрон цэлийсэн тал, толгой дээр хөх тэнгэр. Ийм үед яаж дэлхийд өөрийн эзлэх байр суурийн талаар бодохгүй байх билээ. Өөр хүн гараад ирмэгц шууд дайсан байж болзошгүй. Хоёр хүн тааралдаад танилцаж болно, гэхдээ найзууд биш. Тиймээс чи зураач эсвэл хөгжимчин байлаа гээд бийр, гитараас гадна сэлэм, нум сумаа орхиж явж болохгүй” хэмээн Буриад зураач Зоригто Доржиев ярьжээ. Түүний ярилцлагыг www.7days.ru сайтаас орчуулан хүргэж байна.
-Таны зурагны гол баатрууд болох нүүдэлчдийн амьдралыг та хэр мэдэх вэ?
-Өөрийн нүдээр бол хараагүй. Би Улан-Үдэд төрж, өссөн. Хүүхэд байхдаа тосгонд өвөө, эмээгийндээ очдог байсан ч эргэн тойронд гэр, адуу, мал байгаагүй. Жирийн л сангийн аж ахуй. Гэхдээ би өглөөнөөс орой болтол найзуудтайгаа талд тоглодог байсан. Өөрийгөө цэцэн мэргэн индиан хүн, бүгдийг мэддэг гэж төсөөлөөд янз бүрийн тоглоом сэдэж тоглодог байсан. Жеймс Куперийн “Сүүлчийн Могикан”-ыг уншаад найзуудтайгаа өд цуглуулж малгай хийгээд, индиан сэлэм урлаж байсан. Мөн бид шадар цэргүүд болдог. Мөчир таслаад, шилэн савны таг углаад сэлэм бэлэн, хөшгөөр нөмрөг хийчихнэ. Бас нэгэн дайнтай кино үзчихээд хээр талд штаб байгуулаад, буу барьж гүйгээд л.
-Та дайчин байсан байх нь?
-Тийм ээ, тоглоомон буунд дуртай, янз бүрийн. Бөөн зэвсэгтэй болсон. Эхлээд нууцаар өвөөгийн багаж хадгалдаг подвал руу буудаг, сүүлдээ эмээ зөвшөөрөөд, шууд л ордог болсон. Тэндээ винтов, гар буу хийдэг байсан. Аавтайгаа модоор калашников хийгээд, бүх тосгоны хүүхдийн атааг төрүүлсөн. Тэр үнэтэй зүйлээ хэнд ч өгөхгүй гэсэн чинь харамчаараа дуудуулаад цэрэггүй, ганцаараа үлдэж байсан юм. Тун удалгүй найзууд буцаад ирэхэд нь өөрийн буунуудаа өгч, хуваалцаж байлаа. Тэр үед найзтайгаа холбоо барих арга олж байлаа. 70-80-аад оны үед утастай айл цөөн, тосгонд бол бүр ойлгомжтой. Бид өөрсдөө шүдэнзний толгойгоор хийсэн айлгагч зэвсгээр бие биедээ дохио өгөхөөр шийдсэн юм. Их чанга дуутай, оч хаядаг. Өглөө үүдэндээ гараад, буудлаа. Өглөөний нам гүмд тас няс гээд л дуу гарлаа. Гадаа байсан үхэр хүртэл харсан. Хариуд нь бас буун дуу гарч байна. Би найзыгаа гарч ирэхийг нь хүлээгээд л. Ирдэггүй, яасан юм бол?гээд өөрөө гүйгээд очлоо. Найз минь тэгсэн өөдөөс гараа бооцон, гэдсэн дээрээ лент наасан ирж байна. Арьсаа түлсэн байсан. Тэрнээс хойш дахиж тэгж буудахаа болихоор гэж шийдсэн.
Гэхдээ төсөөлөлдөө бол үргэлж байлдаж тоглодог байсан. Нэг удаа савлуурт чихээ шүргээд, хажууд байсан хүүхдүүд айгаад нүд нь томорсон, толгойгоо бариад үзсэн цус байнаа. Найз минь намайг сугандаа хавчуулаад гэр рүү гүйсэн, тэндээсээ гэмтэл орж байсан. Нүдний өмнө бүх юм хөвөөд л байсан. Гэхдээ би уйлаагүй. Өөрийгөө кинонд тоглож байгаа юм шиг төсөөлөн, дайны талбар дээр шархдаад, цэргийн эмнэлэг явж байна хэмээн бодож байлаа... Эмч чихийг оёж эхлэхэд бодит байдлаа мэдрэн аймаар чанга хашгирч билээ. Гэхдээ тулааны сорви үлдсэн, би тэрүүгээрээ их бахархдаг байлаа.
-Гүнжүүд таны амьдралд яаж гарч ирсэн билээ?
-Нэгэн удаа 12 настай байхад манай хөвгүүдийн дунд тэр орж ирсэн юм. Өглөө найз минь ирээд, юм ярьж байтал, нөгөөх чинь нэг л бишээ. Нэг дайчин нөгөө дайчнаасаа ямар байгаа талаар асууж болдоггүй тул би дуугүй л байлаа. Гэтэл найз яриан дундаа хэлж байгаа дүр исгэн “Хөршийнд нэг охин ирж” гэснээ явж талбай, ногоогоо усаллаа гээд гүйгээд явчлаа. Уг нь ногоо услах дургүй хүн л дээ.
Удалгүй тэднийх рүү явж байтал хүрзний чимээ гарч байна. Арай мод хагалж байгаа юм биш биз дээ? Ороод мод хураахад нь тусаллаа. Хурааж дуусаад, амрахаар суухдаа найз минь хөршийн цонх руу хараад байна аа, би бас дагаад харлаа. Хөшиг нь хөдөлж байхыг бодоход биднийг нэг хүн харжээ. Бид хөдлөөгүй. Гэнэт хөшигний доод тал сөхөгдөн нээх бүдүүн шар.... муур гараад ирлээ. Найз минь хийж байсан ажлаа дуусгахаар явтал, гэнэт цонхон дээр охин гараад ирсэн. Байдгаараа инээсэн над руу хараад, хөмсгөө зангидсанаа, муураа аваад орчлоо. Гэвч харанхуй байшингийн фон дээр түүний цагаан царай, яг гэрэлтэж байгаа юм шиг, гунигтай хар нүдтэй, өтгөн хар чёлктой, шүлжсэн үстэй- түүний царай яг нүдний өмнө байсаар байв. Тэрнээс хойш царайг нь мартдаггүй. Манай тосгон руу дайснууд дайраад, би найзтайгаа тосгоноо, гүнжээ аварч байна гэж төсөөлдөг боллоо. Тун удалгүй миний хүүхдийн гэнэн төсөөллийн хажуугаар өөр зүйл мэдрэгдэж эхэлсэн. Тэгэхэд л том болж эхэлж байсан байх даа...
“Гүнж” бидэнтэй хамт их тоглоно, үе үе манай хашаанд хөршүүдийн охид, хөвгүүд цуглахад ирдэг байсан. Гэхдээ би түүнтэй юм ярьдаггүй, эсрэгээрээ хол байхыг хичээдэг байлаа. Заримдаа би түүн рүү харж байтал түүний бодлогшронгүй харцтай тулгармагцаа өөр тийшээ хардаг байлаа. Ухаантай индианы толгойлогч гэж өөрийгөө төсөөлдөг хүү чинь сэтгэл хөдлөлөө харуулж болно гэж үү?
Нэгэн удаа найз минь “Би дахиж байлдаж тоглохгүй ээ. Бид том болсон. Тэгээд ч би дурласан юм шиг байна” гэв.
-“Энэ чинь гоё юм биш үү” гэж би дуу алдмагцаа, тэр дороо түүнийг үзэн ядаж эхлэв.
-Яаж түүнд хэлдэг юм билээ? Захиа өгөх үү? хурдлахгүй бол удахгүй хот буцлаа даа.
Гэвч бороо цутгаад, гудамжинд тоглохоо болиод, охид ч ирэхээ болилоо. Эмээ бид хоёр жаахан байж байгаад явах байсан юм. Найз минь түрүүлж явахдаа үнгэгдсэн цаас өгөөд “Түүнд дамжуулаарай. Чи ч бас түүнд дурласан биз дээ. Би ойлгосон”.
Би тэр захиаг дамжуулаагүй ээ. Маргааш өглөө нь найзыгаа нүдээрээ үдээд цонхоор харж байтал, гэнэт нөгөө охин гараад ирлээ. Тэднийх бас явах гэж байна. Гэнэт манайх руу хараад, яг над руу харах шиг болсон....Хоёр жилийн дараа аав, ээжтэйгээ тосгоноос машинтайгаа явж байгаад тэдний үүдээр өнгөрөхөд түүнийг харсан. Хөөрхөн бүсгүй болж байсан. Бидний харц тулгараад, машин цаашаа явлаа. Дахиж би “Гүнжээ” хараагүй, дурсгал болгож дэвтэр дээр зурсан зураг л үлдэж. Тэр зураг л намайг найзад минь барьж өгсөн. Нээлттэй цонхны хөшигний хажууд хар нүдтэй, чёлктой, сүлжсэн үстэй охин.
-Та хэзээнээс зурж эхэлсэн бэ?
-Би хүүхэд байхаасаа будаг дунд өссөн. Миний аав, ээж Бальжиним, Римма Доржиева нар зураачид. Миний аав Репины нэрэмжит уран зургийн академид алдартай зураач Евсей Моисеенкогийн шавь байсан. Намайг сургуульд орохоос өмнө Лениградад бид амьдарч байгаад дараа нь Улан-Үдэд буцаж ирсэн. Би уран бүтээл дунд өсөж, үүнийг өөртөө шингээж байсан. Тоглохдоо үргэлж аав, ээжийн цуглуулсан зургийн цомог, уран зохиол, киноноос сэдэв авдаг байсан. Гэрт үргэлж мэргэжлийн зургийн багаж, хэрэгсэл байдаг, намайг авахыг зөвшөөрдөг байсан юм. Аав маш хурдан надад балаар, фломастераар, харандаагаар комикс маягийн юм зураад өгдөг. Жижигхэн Зорик Будёновка малгай өмсөөд, сэлэм барьсан, өмнө нь Чапаев гарч ирээд, түүнд даалгавар өгч байгаа. Эсвэл бид найзуудтайгаа явган аялалд явах гээд халуун сав, аяга, нум сумтай. Би ааваасаа иорь зураад өгөөч гэж гуйдаг. Би одоо ч морь сайн зурж чаддаггүй, хотын хүүхэд учраас.
Зураач биш ч, хээр талын хүн морь зурчихдаг. Морины хажууд байдаг хүмүүс цаас аваад л шууд зурна. Хүүхэд байхад тосгонд хөрш эмээ гэрийн амьтан зурдаг байсан: үхэр, хонь, муур, тахиа, бодитоор, анатоми шиг тодорхой. Өдөр бүр харж байгаа болохоор. Би морь зурахаар нохой эсвэл үхэр шиг болчихдог. Гэхдээ би их зурдаг байсан. Ялангуяа морь унаад сэлэмтэй давхиж явна, гартаа буутай гүйж байна, усан онгоц, онгоц жолоодож байна гээд л.
Ангийхан завсарлагаанаар юм зураач гээд намайг тойрчихдог байсан. Би энэ үед өөрийн бодож олсон ертөнцдөө хүмүүсийг оруулж байгаа, тэднийг удирдаж байгаа мэт санагддаг байв. 8 дугаар ангиа төгсөөд аавын зөвлөсний дагуу Улан-Үдийн уран зурийн сургуульд орсон. Сурч байх 90-ээд оны үед рок хөгжим сонирхож эхэлсэн. Тэр үед бараг бүх залуус гитараар рок хит дууг дуулдаг байлаа. Би ч мөн адил үсээ ургуулан, уранхай жийнстэй, цахилгаан гитар мөрөлсөн, рок баатар шиг л байлаа. Өөрөө зохиодоггүй рок баатар гэж юу байхав? Би шүлэг зохиодог, тэр дор нь ая хийчихдэг. Нэг удаа найзуудтайгаа сууж байгаад ичиж, улайн байж нэг дуу дууллаа. “Гоё дуу байна. Хэнийх үү? -Минийх” гэлээ. Тэр үеийн ихэнх рок дуучид Виктор Цой, “Алиса”, “Чайф”-тай адил дуунууд байсан. Рок баатар, ганцаардал, дэлхийн эсрэг зогсох энэ бүгд өсвөр насны хүүхдэд илүү ойр. Сургуульдаа өөртэйгөө адил хүүхдүүд дор нь олоод, бид хамтлаг байгуулсан. Хөгжим их тоглодог, уран зургийн хичээлээ хаяад, пионерийн ордонд л ихэнх цагийг өнгөрөөж байсан. Биднийг сайн багш удирддаг. Өчигдөр л гитар барьж сурсан бидэнд гитар тоглох техник зааж, өөрсдийн замаа олоход их тусалсан. Тэр хэлэхдээ “Кино-г сонсохоо боль. Тэгэхгүй бол өөрсдийн гэх зүйл хийж чадахгүй” гэдэг байлаа. 3-4 жил манай хамтлаг оршин тогтносон. Манай хамтлаг нэргүй, 2 удаа л тоглолтод орсон, гэхдээ би өөрийгөө од гэж боддог байлаа. Оюутан, багш нарын алга ташилтан дунд л тайзнаас бууна. Одоо бодоход муу дуулж байсан: хоолой байхгүй, хоолойдоо анхаарахгүй, зөвхөн рок төрхөөрөө л явдаг байж. Дуунууд ч гоё байгаагүй. Пионерийн ордны багшаар яриулж байж бичүүлсэн дуу надад ерөөсөө таалагдаагүй. Хүмүүс кассетаа тараа гэхэд нь үгүй гээд цааш нь хийгээд, мартсан. Цойг одоо болтол сонсдог. Түүний дайчин кодекс, самурай этик таалагддаг.
-Гэхдээ 90-ээд онд, жижиг хотод самурай шиг байх эрсдэлтэй биш үү?
-Мэдээж, спортын хувцастай, том биетэй залуучуудын дэргэд бид урт үстэй, гитар үүрсэн, туранхай, рок баатрууд өөр харагдалгүй яахав. Гэхдээ 16 насанд амьдрал хөгжилтэй, тэгээд бас жаахан уучихвал...Бид хаанаас уух юм авахаа сайн мэддэг байсан. Автобусны буудлын тэнд хөгшин авгай дээр очоод кодоо хэлэхэд гаргаад ирдэг байлаа. Бид чинь насанд хүрээгүй байсан.
Өвөл -25 хэмд би төвөөс хотын зах руу гэр рүүгээ явган явдаг, унаа зогсон, толгой эргээд л...Яаж харьдаг байсан юм? Ээж загнана, аав ширүүн хараад, дуугаа хураачина, аймшигтай мэдрэмж. Гэхдээ ноцтой юм болж байгаагүй. Эргүүлдэг бүсгүй минь хотын захад амьдардаг. Вокзал дээр хүргэж өгдөг. Тэнд янз бүрийн хүмүүс цугларна, тэр дундаа урт үстэй, гитартай хүмүүст дургүй ч бий. Зүгээр л өнгөрч байсан.
Ер нь бол том залуучуудын хорооллоос холуур явдаг байсан. Найзуудтайгаа байхад ойлгомжтой, айдаггүй. Харин оюутны байранд нийлж байгаад л, зодоон эхлэх юм уу, гарч адал явдал хайхаас нь өмнө гэртээ харьчихдаг байсан. Найзууд дараа нь шоолно “Зорик бас л ид хөгжилтэй үед нь зугтчиж” гэнэ. Яаж зугаалснаа ярьцгаана, би дотроо явсан нь болж гэж боддог байсан. Өөрийн төрсөн өдрөө хүртэл орхиод гарч явч байсан. Найзууд хэлнэ “Төрсөн өдрийн эзэн хаачив? Байхгүй юу? За яахав”. Аажим аажмаар Зорикийг зовоохоо болиод, ууж байгаад хэмжээгээ мэдээд гэртээ харихад хэн ч юу ч хэлэхгүй. Гэхдээ би найдвартай найз байсан болохоор тэд намайг хүндэлдэг байсан. Би зодоон, цохион юманд дургүй. Өөрийн хүчээ өөр зүйлд, рок урлаг, уран зурагт зарцуулсан дээр гэж боддог.
Хөгжимд маш их татагдаж орсон учраас сургуулиа төгсөөд уран зураг, хөгжим алийг нь сонгохоо мэдэхээ больсон. Красноярскийн уран сайхны их сургуульд шалгалт өгөхөөр шийдсэн. Аав шигээ Петербургт сурах бодол байгаагүй, 1990-ээд онд бидэнд тийм мөнгө байгаагүй. Одоо боддог юм, яаж аав, ээж 2 минь болгож байсан юм бол.
Намайг 11 нас хүртэл манайх модон байшинд, нэг өрөөнд 7 хүн амьдардаг байлаа. Ээж, аав, эгч, эмээ, нагацууд. Гадаа жорлонтой, зуухаар халдаг. 1980-аад оны сүүл үед аавд 3 өрөө байр өгсөн. Намайг Красноярск явуулах гэж аав үнэтэй мужааны багажаа зарж байсан.
Их сургуульд тэнцээд, миний хувь тавилан шийдэгдсэн юм. Гэхдээ цахилгаан гитараа аваад явсан. Консерваторийн оюутны байранд голдуу хөгжимчид, зураач бид цөөхөн, давхар бүрт диско зохионо. Өөрийн дуугаараа би байрандаа од болж амжсаан.
Сурахад амархан, дуртай хичээл найрлага, юм сэтгэж зурах ёстой, төсөөлөл бол сайтай. Хичээл дээрээ баахан нооргоо тэврээд л очдог. Дээд курсынхэн хүртэл миний зурсаныг үзэх гэж ирдэг байсан. Аавдаа онгирсон чинь, аав “Моисеенко манай академд Доржиевын зурж байгааг очиж хар гээд явуулдаг байсан” гэв.
Оюутан байх үедээ анхны захиалгаа авч эхэлсэн. Нэг захиалгын өмнө сонирхолтой юм болсон. Нэгэн удаа манай байранд нутгийн залуус ирлээ, тэд хуулийн ангийхан. Нэг нь миний хананд өлгөсөн морины зургийг хараад. Төрөлх тосгоноо санахад би бодох юмгүй түүнд зургийг бэлэглэсэн. Тэд хариуд нь уух юм гаргаж ирээд, найрлаж эхлэв. Бид сайхан ярилцаад, дуу дуулаад, сайн найзууд болсондоо баяртай байв.
Ирээдүйн мөрдөгчид учраас тэд хийн буутай явдаг. Хэсэг хугацааны дараа тэд буугаа гаргаж ирж үзүүлэв. Бид нүдээ бүлтийлгэн гайхтал, буудаж үзэх үү? гэв. Бид цонхоо нээн, тавцан дээгүүр хуванцар сав өрөөд, буудаж гарав. Савнууд гадагшаа унан, бид инээлдэн, өрөө дүүрэн дарины үнэр. Хуулийн оюутнууд хэд хэдэн удаа гарч уух юм авч ирэн, бид хөгжилдсөөр. Гэтэл гэнэт нэг нь миний буу алга болчихлоо гэв. Хаа сайгүй хайлаа, шат жорлон, гээд л. Буугаа алдсан түүний царай улам барайн бүгдийг байцааж эхэллээ. Бие биенийгээ сэжиглээд хоорондоо хэрэлдээд амжив. Шөнө дунд хараал урсган, гадаа харанхуйд хайж эхлэв.
Гадаа замны хажуугийн бургасан дундаас олов. Бие засах гэж байхдаа унагачихсан юм санж. Сайхан эхэлсэн найр ул мөргүй арилан, бие бие рүүгээ дайрсандаа гэмшин, дув дуугүй алхан, хичээл эхэлхээс өмнө хэдэн цаг ч гэсэн унтахаар шийдэв. Өрөөндөө орж ирээд буу буудсан, байцаагдсанаа санан ихэд инээв.
Түүнээс хойш би цагдаа нараас хол байхыг хичээдэг. Тэгээд ч энхийг сахулагчидтай миний харьцаа амаргүй байдаг: гэр лүүгээ явах гэж байтал гал тэрэгний буудал дээр оршин суухгүй гэж саатуулагдсан, эсвэл оюутны үнэмлэх дээр гээд л.
Нэгэн удаа оюутны байрнаасаа гарч явтал хурандаатай тааралдав. “Надад сайн зураач хэрэгтэй байна” гэв. Ямар учиртайг нь би гадарлаж байлаа. Заримдаа зураачдаар гэмт хэрэгтний аман хөргийг зуруулдаг байсан. “Цагдаагийн дүрэмт хувцасны түүхийн талаар ном хийх гэж байгаа юм. Төлбөр баримтаар”. Зөвшөөрлөө. Аугаа эх орны дайны үеийн цагдаа нарын дүрэмт хувцасны зургийг зурахдаа өөрийгөө болон найзуудаа зурсан. Их сургуульд байхад хүүхэд насны ухаант индианы мэдрэмж буцаж ирсэн. Өрөөний хөрш найз минь надаас ах байсан, түүний нөлөөгөөр би маш их ном уншдаг болсон. Тиймээс өөрөө зохиож бичмээр санагдаад өөрөө зохиол бичиж эхэлсэн.
Оюутнууд бид цуглахдаа уран зохиол, философи, домог, амьдралын утга учрын талаар ярьдаг байлаа. Аяга цай эсвэл хатуухан юм уугаад, шөнө дунд хүртэл маргалддаг байв. Хожим нь нэг найз маань дурсан ярихдаа та нарыг ярьсаны дараа нойр хүрэхгүй юм гэсэн. Би ийм яриаг тоглоом мэт хүлээж авдаг байсан.
-Энэ цаг үедээ азгүй дурлалыг мэдэрч байв уу?
-Улан-Үдэд байхдаа л, вокзал дээр гаргаж өгдөг байсан бүсгүйтэй үргэлж маргалдана. Би тэрнийг ойлгодоггүй байсан юм уу? Азгүй дурлалын мэдрэмж байгаагүй. Би найзуудыхаа өмнө дурлалдаа шаналсан хүний дүрд тоглох дуртай байсан. Дуундаа, өгүүлэлдээ энийгээ оруулах дуртай ч, үнэндээ бүх юм амархан байсан. Магадгүй далд ухамсартаа ийм сэтгэгдлийг сэтгэлийн гүнд оруулж, өөрийгөө зовоохгүй гэж хамгаалдаг байсан байх. Шаналалдаа автчихвал дуу, зургаа бүтээж чадахгүй, уран бүтээлд өөрийгөө хянаж байх хэрэгтэй. Красноярск явна гэдгээ мэдмэгцээ энэ дурлалаас салах болсондоо баяртай байсан.
Красноярскийн консерваторийн оюутны байрны манай 933 дугаар өрөө “гоонь эрчүүдийн клуб” нэртэй байсан. Бид охидтой найз байсан ч, зураач хүн ганцаараа байх ёстой гэж үздэг байсан.
-Гэвч та удаан ганцаар байгаагүй. Эхнэртэйгээ яаж танилцсан бэ?
-Би олон бүсгүй эргүүлдэг байсан ч, хэсэг хугацааны дараа зөвхөн түүнд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн. Холын якут тосгоноос ирсэн авьяастай охин манай керамикийн доод курст сурдаг байсан.
Якутад хүүхдүүддээ эртний орос нэр өгдөг уламжлалтай. Анх нэрийг нь сонсоод итгэхгүй дахин асууж, улам их сонирхол төрж байлаа. Мотрена. Болзоонд яваад иртэл найз Валентин хэлж байна. “Чамайг байхгүйд халуухан яриа энд өрнөсөн” гэж. Үнэхээр харамсалтай. Гэхдээ би тун завгүй байна.
“Гоонь эрийн клуб” эрчимтэй хөгжиж байлаа. Найзууд намайг хаяад явчлаа гээд шоолно. Удалгүй Валентин найз бүсгүйтэй болж, бид бараг зэрэг шахуу гэрлэсэн.
Хүүхдүүд надаас асуудаг юм. “Бид Буриад юм уу? якут юм уу?” Би мэдэхгүй гэдэг.
Сонирхолтой цус холилдсон...Би Улан-Үдээс өөр газар амьдарч үзээгүй ч, өөрийгөө космополит гэж боддог. Гэхдээ хээр талын амьдралыг би жуулчны түвшинд л мэднэ. Нүүдэлчдийг зурдаг нь зүгээр өөртэйгөө ойр хэлээр ярих гэснийх. Буриадын гэхээсээ илүү дэлхийн соёл надад илүү нөлөөлсөн. Би өөрийгөө уламжлалт уран сайхны школтой гэж боддог. 5 жил дунд сургуулт, 6 жил их сургууль, 2 жил Петербургт дадлага хийсэн. Тэндээс төгсөөд явмагцаа санаа амран, одоо хүссэн бүхнээ хийнэ гэж бодож байсан. Энэ бүх олж авсан туршлага, бүр хүүхэд байхдаа эргүүлж суусан зургийн альбомоос эхлээд бүгд хэрэг болдог юм билээ.
-Эндээс л таны зурганд Ян ван Эйкийн “Улаан тюрбантай эрийн хөрөг” үүссэн байх нь?
-Тийм, аав, ээжийн зургийн альбомоос. Мастеруудын зургийг дахин амилахыг зөндөө харж байсан, тэр дундаа “Улаан тюрбантай эрийн хөрөг” илүү санаанд үлдсэн. Гэхдээ гэнэт зурсан.
“Эмх замбараагүй байдлын онол” гэж проект байсан, би зураг дээрээ цавуутай даавуу нааж эхэлсэн. Даавуу өөрийн өнгө аястай, будаг өөрийн өнгө аястай болсон. Миний хайртай Америк зураач Жексон Поллок эмх замбараагүй зураг зурахдаа миний дусал бүхэн хяналтан дор байдаг гэдэг. Би бол “Эмх замбараагүй байдлын онол” дээр хариуцлагыг өөрөөсөө хассан. Гэнэтийн, эв хавгүй, би зургийн сантиметр бүрт оролцохгүй, орчлон ертөнц миний зурганд нөлөөлөхийг хүссэн. Улаан даавуутай давамгайлж ажиллаж байхдаа хүүхэд байхдаа үзсэн улаан тюрбантай зураг толгойд орж ирсэн. Зургийг дахин үзээд, Ван Эйк надад тохирох юм байна гэж ойлгосон. Энд ван Эйк байсан гэх санаа төрсөн ч, их удаан шаналж хийсэн. Хуулбарлаж зурна гэдэг өөр, өөрийхөөрөө хийнэ гэдэг өөр. Тюрбан, нүүрийг нь зурсан ч, нэг л болж өгөхгүй байсан. 6 сар ноцолдсон.
-Та өөрсдийн баатруудаа гайхалтай сайхан хувцаслах юм. Хаанаас ингэж даавуу, галбирыг мэдэрдэг болсон юм бэ?
-Мэдэхгүй. Аав 20 гаруй жил Улан-Үдийн драмын театрт зураачаар ажилласан, би байнга нээлтэд нь очдог байлаа. Тэндээс л хувцасанд дуртай болсон юм болов уу?
Москвагийн дорнын музейд миний анх гаргасан “Талын түүх” үзэсгэлэнг минь жүжиг дагалдаж байсан. 15 жил хамтран ажиллаж байгаа продюсер Константин Ханхалаев надад жүжиг хийе гэж зөвлөсөн. Тэгэхэд хувцас санаанд орсон. Зурж эхлээд, долоон “Татвар эмс” зураг үүссэн, энэ зургаар оёсон. Би оёх процесст оролцон, даавуу сонгоход туслан, бүх зүйлийг ярилцан хийсэн.
Константин бид 2 ээлжит үзэсгэлэнгээ гаргах гэж ярьж байгаад миний бүтээлд эмэгтэйчүүдийн төрх давамгайлж байгааг анзаарсан. Гол эрэгтэй баатар нь ноён. Эмэгтэй нь хатан. Эмэгтэй хүний төрхөөр юм илэрхийлэхэд илүү байдаг.
-Сергей Бодровын “Монгол” кинонд ажиллахад ямар байсан бэ?
-Би дөнгөж их сургуулиа төгсөөд нутагтаа ирээд, анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан үе. Энэ үзэсгэлэнд Ханхалаев, буриадын алдартай уран барималч Даша Намдаковатай хамт ирсэн. Даша тэр үед Бодровтой хамт ажиллаж байгаад, туслах хайж байсан юм. Би Москвад ирээд, түүний ажлын өрөөнд буусан.
Даша, Константин 2 заавар өгөлгүй яваад өгсөн. Би хийх юмгүй, өдөржин, шөнөжин зурж байсан. Том хүний хувцас зурж байгаад, хүүхдийн хувцас зурж эхэлсэн. Дараа нь баатрын хувцас, зэвсэг зурлаа. Дараа нь морины эд хэрэглэл, сав суулга... Тэр 2 буцаж ирээд гайхсан. Бодровт үзүүлэхэд, түүнд таалагдсан. “Монголд” би туслахаар ажилласан, титрт миний нэр байхгүй ч, кинон дээрээс өөрийн зүйлсээ таньдаг. Дараа нь Гарик Сукачёвтой түүний “Нарны гэрт” хиппичүүдийн эскиз хийсэн. Алексей Фёдерченкогийн “Талын марийн тэнгэрийн эхнэрүүд” кинон дээр ажилласан. Фёдорченко миний амьдралд шинэ санаа байхгүй, өөрийн зураг дээрээ ажиллаж байхад орж ирсэн. Фёдорченкогийн уран бүтээлийг би мэддэггүй байсан, гол нь түүний кинонд эмэгтэйчүүдийн хувь тавилангийн тухай байсан нь надад таалагдсан. Энэ кино фестивальд шагнал авсан ч, би очиж чадаагүй, үзэсгэлэнгийн ажил их байсан. 2007 онд анх удаа гадаад явсан. Нью-Йоркийн “Арт-Экспо”-д.
-Түрүүчийн Венецийн биенналд “Шинэ тал” үзэсгэлэнгээ гаргаж, морьтой Монгол цэргийн баримал эрэг дээр босгосон байсан.
-“Шинэ тал” Английн сүмд гарч байсан. Биенналын үеэр бүх хот тэр чигтээ үзэсгэлэнгийн танхим болдог. Бидний зарим хуванцар морьтонгууд гудамжинд байсан. Венецийн палаццогийн фон дээр поп арт морьтон.
Үүнтэй зэрэгцээд европын кураторууд бүх орос даяар хэд хэдэн төсөл үзэсгэлэнд сонгож авсан нь Брюссельд “Не Москва” нэртэй зохиогдож байсан. Үүнд миний ажил “Lady Energy” орсон, талын гүнж өндөр хүчдэлийн шугамны тулгуур болоод зогсож байгаа.
-Та яаж тоглоомон буу, утас барьсан боронзон, хуванцар хөвгүүдийн дүрсийг хийж эхэлсэн бэ?
-Жижиг цэрэг хөвгүүд зурж байгаад, яагаад биежүүлж болохгүй гэж шийдсэн. Урьд нь баримал хийж чаддаггүй байсан. Энэ удаа чадсан. Баримлын шавраар хийгээд, хүрэл цутгаад, би будсан. “Зогсоох боломжгүй” гэж нэрлэсэн. Хүрлээс гадна үзэсгэлэнд авч явахад амархан гээд хуванцар хийсэн. Цаг үе өөрчлөгдсөн учраас өөрөө энэ үед хүүхэд байсан бол юу хийх байсан бэ гэж бодож хийсэн.
-Таны дотор одоо хүртэл хүүхэд хэвээрээ байгаа нь ажлаас чинь харагдаж байна.
-Саяхан 9 настай хүү минь найзуудтайгаа тоглож байгааг хараад баахан нум сум хийж өгсөн. Автомат, машин, кран бүгд хөдөлдөг. Ааваасаа сурсан, намайг хүүхэд байхад нум сум, сэлэм, буу хийж өгдөг байлаа. Би тэр үед хийж үзэхийг хүсдэг байсан ч, чаддаггүй байсан тул сая ханаталаа хийлээ. Одоо ч хүүхдүүдтэйгээ тоглох дуртай. Том охин багадаа эрэгтэй хүү шиг байсан. Хөл бөмбөг, нум сум тоглоно, загас барина, түүдэг гал асаана, хаданд авирна. Тэр уул руу авирая гэхэд тэгье л гэнэ. Дараа нь самурай, нинэа гээд зоригтой хүмүүсийн тухай үлгэр уншиж өгдөг байсан.
Уран зургийн сургуульд орсны дараа 1-р курсынхныг чацаргана түүлгэхээр явуулна. Хүн бүрт брезентэн хүрэм, өмд, ханцуйвч өгөөд, бүсэнд нь сав зүүчихдэг. Тэгээд нэг багажаар жимсээ түүдэг байлаа. Урт өргөсөнд нь хуруу, гараа зүснэ, шүүс нь хувцас нэвтлээд хорсгоно. Хүйтэрмэгц зугтахаа л бодно. Амралтын өдөр болмогц, гэртээ харихгүй гэж шийдсэн. Тэгэхгүй бол аав ээж буцааж явуулахгүй. Бид найзуудаараа ажлаа дуусгана гэж тохирсон. Бүтэн сайнд амраад ирсэн нь хотоос хүнс авчираад, найрлав. Ойд очоод, юм дэвсээд, хүнсээ гаргалаа. Портвейн гаргаад бүгд дамжуулаад уулаа. Амьдралдаа анх удаа архи ууж үзсэн нь тэр. Гал хараад, удаан суугаад, юм ярьцгаалаа. Харанхуй болов. Дээшээ хартал маш том сар хүрээлсэн харагдана. Сар хүрээлэхээр хүйтрэнэ дээ гээд, би ухаантай индиан шиг хэллээ. Залуучууд инээлдээд. Сар ард чинь байна ш дээ гэв. Эргээд хартал харанхуйд гялалзсан диск байна. 2 сар гарлаа гэж үү? хэдэн секундын дараа бүгд эргэлдэж харснаа нэгэн зэрэг үсрэн босоцгоов. Миний ард байсан нь жинхэнэ сар байж. Эхлээд хардаг гэрэл нь бага багаар бидэн рүү дөхөж байна. Бид галаа унтраагаад, тосгон руу гүйлээ. Нөгөө гэрэл дөхөж ирсээр. Бүүр том болсноо, гэнэт түүнээс нэг гэрэл тасраад, алга болчихсон. Бид тариан тал дээгүүр эргэж хараад л гүйгээд байсан. Бөмбөлөг багасаж эхлэв. Дараа нь зүгээр гэрэлтсэн цэг боллоо. Тосгонд ирсэн, бүгд гадаагаа гарчиж, бүгд 2 сар харсан гэнээ.
-Одоо та байгальд амьдардаг. Таны цонхоор тал харагддаг уу?
-Улан-Үдэд миний байрны урд шилмүүсний ой бий. Би амьдрах газраа их удаан сонгосон. Гадаа гармагц өөдөөс ой. Гэхдээ би ойгоор алхдаггүй, хардаг. Миний төсөөлөлд өтгөн ой, далай, талын салхи бүгд бий.
-Таны бүтээлийн дүрүүд байгаль руу харсан байдаг. Үзэгчид бид нар руу хажуугаараа эсвэл нуруугаараа харсан байдаг. Бид яагаад царайг нь хардаггүй юм бэ?
-Ер нь би хүнийхээ харцыг нуудаг. Баатрын нүд рүү хармагцаа бид тодорхой хүний тухай яриад эхэлдэг, тэгэхээр энэ уран зохиол болчихно. Оньсого шиг байвал зүгээр. Тийм ээ, миний баатар, баригдахгүй. Үзэгчид царайг нь харах гээд байдаг. Надад өөрт ч сонирхолтой. Миний хувьд дутуу өгүүлээд орхих бол урлагт хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж боддог. Хэн нэг нь зураг, графикаа төгс болгох гэж оролддог. Би бол үгүй. Венецэд үзэсгэлэн гаргахад туслаж байсан куратор надад хэлэхдээ “Чи европчуудад ажилын төгсгөл ямар болохыг хэлж мэдэхгүй гэж битгий хэлээрэй. Тэд ойлгохгүй” гэсэн. Барууныхан зорилго тавиод тэрнийхээ араас явдаг. Дорнын зураачид бол будагны дусал бүрээ хянах гэдэггүй, торгон дээрх зургийг сана л даа. Би зургаа гэгээлэг эхлээд, ааш зан өөрлөгдөөд, цаг агаараас шалтгаалан санаа, будаг өөрчлөгддөг. Хэрвээ нэг зурагнаас будагийг нь арилгаад эхэлбэл доор нь өөр зураг байгаа.
-Таны зурганд орчин үеийн юм их бий. Гар утас, чихэвч, хүүхдийн тоглоом. Та орчин үеийн хэлээр сайн ярих юм.
-Би стрит артад их дуртай. Түүний нөлөөлөл миний бүтээлд бий. Шинэлэг, музейн биш. Өөр би 30-40 сек мини бичлэг хийгээд үзэсгэлэнгийн зааландаа гаргадаг. Хүн зааланд орж ирээд зураг үзэж, үзэж, бичлэг үзээд буцаад зургаа үзнэ. Жинхэнэ амьд урлагтай харьцана.
Ертөнц хөдөлгөөнтэй, бие биедээ уусаж байна. Дайчид, гүнжүүд амьдралын хоёр эхлэл, амьдрал өөрөө хээр талын тэнгэр шиг эцэс төгсгөлгүй.
Эх сурвалж: www.polit.mn