Х.ОЮУНБОЛД
Монголчуудын хүслээ гуйж даатгадаг олон ариун дагшин, шүтэж биширч ирсэн газар гэж байдаг билээ. Энэ газруудын нэг Төв аймгийн Сэргэлэн суманд орших “Ээж хад”-ыг монголчууд мэднэ. “Чононгоо фильм” кино продакшныхан хүссэн хүсэл бүхнийг нь бүтээдэг энэ хадны тухай домгоос сэдэвлэн бүтээсэн “Ээж хадны домог” кино энэ сарын 11-нд цахимаар нээлтээ хийж үзэгчиддээ хүргэхээр болжээ. Киноны ерөнхий найруулагчаар нь ажилласан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг “Би кино зохиолоо уншаад ерөнхий найруулагчаар нь ажиллах болсноо мэдэгдсэн. Харин кино зохиол эхлээд домог маягаар эхэлж байгаа өрнөл хэсэгтээ орчин цаг руу шилждэгээр бичсэн байсан. Тиймээс үзэгчдээ төөрүүлэхгүйн тулд кино зохиолыг бичсэн фильм продакшны продюссер Б.Мөнхтуяад домог эсвэл орчин үеэ барьсан нь дээр гэснээр домог талаа барьж киногоо бүтээсэн. Каннын кино наадамд өрсөлдөхөөр зорьж байгаа киноны гол санаа нь дайны улмаас өнчирсөн Дархан овгийн сүүлчийн эрс болсон таван хүүг, хүүтэйгээ цуг өсгөж байгаа эмэгтэйн тухай гардаг” гэсэн юм.
Дээр үеийн сэдэвтэй кинонд залуу ээжид жүжигчин А.Баярцэцэг, настай ээжийн дүрд УДЭТ-ийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах тоглосон байна. Мөн киноны зураг авалтын ихэнх хэсгийн зураг авалтыг Төв аймгийн Баянчандмань суманд хийсэн бол үлдсэн зураг авалтыг Мөнгөнморьт сум, Говьсүмбэр аймагт хийжээ. Хүслийг биелүүлэгч “Ээж хадны домог” киноны аялгууг Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичиж, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсан байна. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг хийсэн аж. Киног бүтээсэн хамт олны зүгээс үзэгчиддээ зориулж гэнэтийн бэлэг барьж байгаа аж. Тухайлбал, 8888 төгрөгөөр цахимаар тасалбар худалдаж авсан үзэгчиддээ шинээр гарсан “Galaxy S20 FE” гар утас, нэг сая төгрөгтэй хадгаламжийн дэвтэр өгч эхэлжээ. Харин киноны нээлтийн үеэр супер азтанаа шалгаруулж “Toyota aqua” загварын автомашинаар шагнах юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.8 ДАВАА № 27 (6504)