Х.ОЮУНБОЛД
Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр шилдэг тамирчин, дасгалжуулагч, бэлгэдлийн 11, холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзнийг тодруулдаг билээ. Зургаа дахь жилдээ болж буй Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан ёслолын арга хэмжээг спортын төрөлжсөн суваг “SPS”-ээр шууд дамжуулан энэ сарын 12-нд үзүүлсэн юм. Нийт 500 орчим оролцогч цахимаар өрсөлдөж“Алтан бөмбөг”-ийн эзэн болсон тамирчин, дасгалжуулагчдаа тодрууллаа. Виртуал арга хэмжээний талаар тоймлон хүргэж байна.
2015 оноос эхлэн зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулж ирсэн “Алтан бөмбөг-2020” ёслолын арга хэмжээ Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг урьснаар эхэлсэн юм. Тэрээр “Юуны өмнө 2020 он нь дэлхий даяар хүндрэлтэй жил байлаа. Гэхдээ Монголын хөлбөмбөгийн холбоо дээд болон бусад лигийн тэмцээнээ хийж, тамирчдынхаа амжилтыг дүгнэж дараа жилийнхээ төлөвлөгөөг гаргасан амжилт дүүрэн жил байлаа” гэв. Мөн хөлбөмбөгийн баяраа тэмдэглэж алдартнуудаа шалгаруулах цаг ирснийг албан ёсоор мэдэгдсэн юм.
Нээлтийн ажиллагаа эхлэх үеэр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман бин Ибрахим Аль Халифа Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга, хамт олон, хүндэт зочдод холбооныхоо болон Ази тивийн хөлбөмбөгийн гэр бүлийн өмнөөс зургаа дахь удаагийн “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн Монголын хөлбөмбөгийн холбоо болон Монголын ирээдүйн од болсон нэр дэвшигчдэд дахин амжилт хүслээ.
“Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”, “Алтан гоол”, “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч”, “Шилдэг футзалын багийн дасгалжуулагч”, “Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”, “Шилдэг гоол”, “Шилдэг эмэгтэй тоглогч”, “Шилдэг эрэгтэй тоглогч”, “Шилдэг футзалын тоглогч”, “Бэлгэдлийн 11 тоглогч”-ийг шалгаруулдаг билээ.
Шилдгүүдэд шагнал олгож эхлэхээс өмнө санал хураалтыг тоолох комисс, МХБХ-ны ёс зүйн хорооны дэд дарга Ш.Алтангадас “Хөл хорио тогтоосон энэ удаагийн наадам маань онцлог болж байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс “Алтан бөмбөг” наадмын эздийг цахим хэлбэрээр “Алтан бөмбөг.мн“ цахим хуудсаараа нэр нь дэвшиж байгаа тоглогч, дасгалжуулагч нарын мэдээллийг байршуулаад энэ сарын 3-10-ны хооронд санал хураалт явуулсан. Мөн санал хураах комисс энэ сарын 10-нд хуралдаж бүх саналыг тоолсноор дүнгээ гарган битүүмжлээд холбоондоо хүлээлгэж өгсөн гэсэн юм. Харин энэ удаагийн санал хураах, тоолох ажиллагаа цахимаар, хүний тоо хязгаарлагдмал, төлөөлөх эрхтэй хүмүүс нь орох, гарах эрхтэй кодоороо цөөхөн хүнд саналаа өгсөн. Санал хураалтыг хэн нэг хүн биш компьютерийн системд тохируулсан программын дагуу зохион байгуулсан хамгийн шударга, оновчтой болсон гэж харж байгаа” гэв. Шагнал олгох ёслолын ажиллагааны салхийг хагалж Монголын хөлбөмбөгийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Тэрбаатар нар холбооны техникийн захирал Тунис улсын иргэн Хатем Соуссид гардуулав. Энэ шагналыг номинацид хамрагддаггүй хөлбөмбөгт хувь нэмрээ оруулсан хувь хүн, албан байгууллагыг шагнадаг юм. Мөн Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ багийн ууган гишүүн байсан таван хүнд нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Үүний дараа хөлбөмбөгийн холбооны ахмад шүүгч, МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатарын зарласнаар “Алтан шүгэл”-ийн эзнээр Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ 94 оноогоор наадмын хамгийн шилдэг шүүгчээр тодорлоо. Шилдэг шүүгчээр тодорсон тэрээр ”Их баяртай байна. Гэр бүл, шүүгч ахан дүүс, ажлын хамт олондоо баярлаж байна. Мөн баяраа тэмдэглэж байгаа Монголын хөлбөмбөгийн гэр бүл, бүх тамирчин, дасгалжуулагч нарт баярын халуун мэндийг” цахимаар хүргэлээ. Харин удаах байруудад ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр, ОУХБХ-ын шүүгч АХБХ-ын футзалын элит шүүгч Р.Жаргалсайхан нар орсон байна.
Мөн оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагчид нэр дэвшиж өрсөлдсөн гурван шүүгчийн хэн нь шагналын эзэн болсныг МХБХ-ын элч төлөөлөгч Г.Ганхүүгийн нэрлэснээр “Дэрэн” клубын эмэгтэй багийн дасгалжуулагч В.Мөнхжаргал тодорлоо. Түүнтэй хамт “Туулын том тулнууд” багийн дасгалжуулагч Г.Тулгабаяр, “Арвис” багийн дасгалжуулагч Г.Өнөбаяр нар өрсөлджээ. Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч болсон В.Мөнхжаргал “Энэ нэр хүндтэй шагналыг авсандаа их баяртай байна. Намайг дэмжиж саналаа өгсөн хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Энэ шагнал нь ганц миний бус баг хамт олон, арын албанд ажилладаг хүмүүс шагнал билээ. Манай баг сүүлийн гурван жил хоёр удаа аварга болсон. Харин миний хувьд “Алтан бөмбөг” наадамд сүүлийн хоёр жил нэр дэвшиж байсан. Энэ жил энэ шагналын эзэн боллоо. Богино хугацаанд өрсөлдөөнтэй явагдсан эмэгтэйчүүдийн лигт сайн тоглолтууд үзүүлж чадсан багийнхаа охидод баярлаж байна. Шилдэг шүүгчээр шалгарсан гэж сонсоход их гоё санагдсан” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Түүнээс гадна энэ жилээс шилдэг футзалын шилдэг дасгалжуулагч шалгаруулснаас 27 санал авч 115 оноо цуглуулсан “Унаганууд” багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир боллоо. Харин “Арвис” багийн дасгалжуулагч Л.Банзрагч, “Хараацай” багийн дасгалжуулагч Н.Баттулга нар удаах байрт орсон байна. Мөн анх удаа цахимаар зохион байгуулсан энэ наадмын үеэр мэргэжлийн Унгар улсын “Пушкаш” хөлбөмбөгийн академид гэрээ байгуулан тоглож байгаа шилдэг хөлбөмбөгчин Г.Ганбаяр, Германы тамирчин асан, АХБХ-ны ерөнхийлөгч Карл Хайнц Ридл нар наадамд оролцож байгаа бүх тамирчин, дасгалжуулагч, хөлбөмбөгийн холбооныхондоо аз жаргал сайн сайхан, амжилтын дээдийг хүссэн юм.
Харин шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагчийн нэрийг АНУ дахь МХБХ-ны тэргүүн Б.Баярсайхан тодруулснаар “Атлетик 220” клубын дасгалжуулагч Б.Гарьдмагнай тэргүүлжээ. Удаах байрт “Улаанбаатар” клубын дасгалжуулагч Б.Ганбат, “Хангарьд клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх орсон байна. Үүний дараа оны шилдэг 11 гоолын эзнээр АХБХ-ны цомын эрхийн төлөө плей офф тоглолтод “Улаанбаатар Сити” клубын хаалганд оруулсан гоолоороо “Атлектик 220” клубын ахлагч Н.Наранболд тодорлоо. Үзэгчдийн зүгээс 620 санал өгснөөр тэрээр энэ шагналыг хүртсэн байна. Мөн бэлгэдлийн 11 тамирчны нэгээр тодорч, шилдэг эрэгтэй тоглогч болсон тэрээр “Сэтгэгдэл их өндөр байна. Шилдэг тоглогчоор зарлахад их догдолж баярласан. 2015 оны “Алтан бөмбөг”-өөс хойш энэ шагналыг авч ээждээ төрсөн өдрийн бэлэг барихыг их хүсдэг байлаа. Энэ хүсэл маань өнөөдөр биелсэнд сэтгэл их хангалуун байна” гэсэн юм. Ийнхүү ээжийнхээ төрсөн өдрөөр зорилгоо биелүүлж ээждээ хүссэн бэлгээ барьсан түүнийг шилдэг гоолын эзнээр тодруулсан юм. Харин шилдэг эмэгтэй тоглогчоор “Туулын том туулнууд” клубын тоглогч Н.Дэлгэрзаяаг нэрлэжээ. Мөн энэ үеэр “Арсенал” багийн менежер асан, ОУХБХ-ны хөлбөмбөгийн хөгжил хариуцсан захирал Арсен Венгер энэ наадамд оролцсон бүх хүнд баяр хүргэсэн байна.
“Алтан бөмбөг” наадмын шилдэг футзалын тоглогчоор 73 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн “Монголын Тэмүүлэл” клубын тоглогч О.Оюунболд тодорсон юм. Тэрээр “Шилдэг тоглогчоор шалгарсандаа сэтгэл хөдөлж, үгээр хэлэхийн аргагүй баярлаж байна. Намайг дэмждэг баг хамт олон, найз нөхдөөрөө бахархаж байна. Ялангуяа, миний дэргэд үргэлж хамт байж дэмждэг А.Мөнгөнтулга, Ү.Идэрбямба, Б.Тэмүүжин, Хонгконг эгч Күйний кие, Чүэк пүй нартаа их баярладаг шүү. Мөн мундаг дасгалжуулагч Ц.Ганболд зөв сургамж өгдөг хайрт багшдаа их баярлалаа. Цаашид их хичээнэ ээ” гэлээ. Үүний дараа энэ наадмын хамгийн их хүлээлт үүсгэсэн номинацийн эзнээр МХБХ-ын ерөнхийлөгч А.Ганбаатар тодруулснаар “Атлетик 220” клубын ахлагч Н.Наранболд боллоо. Харин Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэнд анх удаа виртуал хэлбэрээр үзүүлсэн 100 хувь үзэгчдийн саналаар оны шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөг” наадам оны бэлгэдлийн 11 тамирчныг нэрлэснээр өндөрлөсөн юм. Тодруулбал, “Атлетик 220” клубын Э.Мөнх-Эрдэнэ, Д.Төрбат, Н.Наранболд, А.Тэмүүжин, “Хангарьд” клубын В.Тэмүүжин, “СП Фалконс” клубын Э.Мөнх-Эрдэнэ, Х.Цэнд-Аюуш, “Хангарьд” клубын Г.Билгүүн, Ц.Мөнх-Эрдэнэ, “Дэрэн” клубын А.Дөлгөөн, О.Мөнх-Оргил нар багтсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.15 МЯГМАР № 239 (6464)